| | USD/MNT 0₮

Д.Амарбаясгалан: Хандив өгсөн хэмжээгээр нь ажил, албан тушаал олгодог асуудлыг таслан зогсооно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, нэр дэвшигчдээс хандив авахгүй, мөн намын нэр хүндийг унагасан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй болохоо мэдэгдлээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан нэлээдгүй асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр намын дарга мэдэгдлээ. МАН 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэнчин болгосон мөнгө авахгүй. Өмнө нь улс төрийн намууд хандивын босго тогтоож, тухайн мөнгийг хандивласан гишүүнийг нэр дэвшүүлдэг байсан. Энэ удаад бид тэрхүү журмаар ажиллахгүй. Нэр дэвшигчид өөрт оногдсон зардлаа гаргана. Ингэснээрээ улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгах зарчимд орж байна гэсэн үг. Мөн нэр дэвшихийг горилж байгаа эрхмүүд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, ард иргэд, аж ахуйн нэгжээс хандив авч болохгүй. Ийм асуудалд холбогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ У.Хүрэлсүх дарга хэллээ. Үүнээс гадна нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь ажил, албан тушаал олгох асуудлыг таслан зогсоох ёстой гэж үзсэн. МАН ах дүү, хамаасан садан, найз нөхдийн хүрээллээр албан тушаалтныг томилдог байдлаас татгалзана. Харин хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах чадах хүмүүсийг дэмжиж ажиллах болно.

Өнөөдрийн хурлаар бид зөвхөн суурь судалгаа асуудлыг хэлэлцлээ. Тойрогт бүрт нэр дэвших боломжтой болон нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцуулсан судалгаа хийнэ. Өөрөөр хэлбэл, ард нийтийн санал асуулга явуулж, хэнийг нь дэмжиж байгаа, одоо байгаа УИХ-ын гишүүдийг эргэн сонгох хүсэл байгаа эсэхийг нь тодруулна. Иймд намын даргын зүгээс:

Нэгдүгээрт, судалгаагаар ард иргэдийн дэмжлэгийг авч буй хүмүүсийг нэр дэвшүүлнэ.

Хоёрдугаарт, Нэр дэвшигчид өөрийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг ихээхэн авч үзнэ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гишүүдийн гаргасан алдаа дутагдлыг хуулийн хүрээнд авч үзнэ" гэв.

ШУУД ҮЗЭХ:

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, нэр дэвшигчдээс хандив авахгүй болохоо мэдэгдлээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.