| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид буюу горилогчдын нэрс эхнээсээ тодорч байгаа энэ өдрүүдэд тойрог болоод нэр дэвших хүмүүс ил гарч тодорхой болж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт НАМЗХ-ийн дэд тэргүүн Г.Төгөлдөр нэр дэвших бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Түүний хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай нэг айлын хүргэн аж. Тодруулбал, Д.Сумъяабазарын гэргий Ч.Мичидмаагийн төрсөн дүүтэй нь суусан юм байна.
Г.Төгөлдөрийн хувьд Хөгжлийн банкны дэд захирлын албыг хашиж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгчээ. Тус албанд ажиллахаас өмнө Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал хийж байсан юм.
Харин Хөгжлийн банкны дэд захирлын албаа хүлээлгэж өгсний дараа НАМЗХ-ийн дэд тэргүүнээр сонгогдон одоо ажиллаж байгаа юм байна.
Тэгвэл банкны салбараа орхиж, улстөрийн салбарт хүч үзэхээр нэр дэвших нь тодорхой болж. Улстөрийн карьер нь ч сайн гэж ойр тойрныхон нь ярьдаг юм байна. Мөн улстөрд ороход баз хүргэн,сайд Д.Сумъяабазар ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь сайд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны дарга бөгөөд өөрийнхөө намд Г.Төгөлдөрийг элсүүлж, мандат нэмж их хуралд өрсөлдүүлэх гэж байж магадгүй юм. Д.Сумъяабазарын сайдын хувьд дараагийн Ерөнхий сайдад горилж байгаа гэсэн мэдээлэл ч бий. Гэтэл түүний удирдаж байгаа салбарт өчнөөн асуудал өрнөлөө. Өнөөдрийг хүртэл тоймтой тодорхой хариу хэлэхгүй "Цаг нь болоогүй" гэдэг шалтгаанаар сэтгүүлчдын амыг хааж байгаа сайд ийнхүү улстөрд өөрийн гэсэн хүрээлэл бий болгохын тулд баз хүргэн Г.Төгөлдөрөө ч өөрийнхөө багтаа татан оролцуулж байна уу даа гэж харж болохоор байгаа юм.
Г.Төгөлдөр нь “Анод” банкийг дампууруулсан Э.Гүр-Аранзын хүү юм. Эцэг Э.Гүр-Аранз нь тус банкны ТУЗ-ийн гишүүн хийж байгаад улмаар удирдлагуудтай нь үгсэн хуйвалдаж улсад их хэмжээний хохирол учруулж, арилжааны “Анод” банкийг дампууруулсан гэх хэргээр гурван шатны шүүхээс ял авч, дөрвөн жилийг өөрийн биеэрээ эдлээд суллагдсан. Уг хэрэг 2008 онд эхэлсэн бөгөөд таван жил шалгагдаж байгаад ийнхүү шүүхээр шийдвэрлэгдэж дууссан байдаг юм.
Г.Төгөлдөр СХД-т нэр дэвшихээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр тойргоо усалж иргэдтэй уулзаж, зарим нэг итгэл бат бэх гэсэн хүмүүстээ IPhone-11 гар утас тараасан сурагтай.
"Анод" банкны ТУЗ-ийн гишүүн байсан Э.Гүр-Аранзын хүү Г.Төгөлдөр сонгуульд хүч үзнэ.