| | USD/MNT 0₮
Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдын мал хулгайлдаг, орон байр ухаж эд зүйлсийг нь худалдан борлуулж байсан бүлэг этгээдийг өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Тодруулбал, эдгээр 11 этгээд өнгөрсөн хугацаанд 20-35 тооны бод малыг 6-8 удаагийн үйлдлээр хулгайлан нядалж, махыг нь Эмээлт зах болон махны ченжүүдэд худалдсан нь тогтоогджээ.
Түүнчлэн тэд алт, мөнгө зэрэг үнэт эдлэлүүдийг хулгайлан борлуулж байсан нь ч тогтоогджээ. Тэдний учруулсан хохирлын хэмжээ 100 гаруй сая төгрөг болж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлэв.
Малын хулгайн хэргээр баривчлагдсан 11 этгээдийн 10 нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд байна. Тухайлбал, хоёр нь зургаан удаа ял эдэлсэн, нэг нь хүнийг санаатайгаар алах хэргээр ял эдэлж байсан этгээдүүд аж.
Мөн тэдний мал хулгайлахдаа ашиглаж байсан машин болон техник, ууттай махыг эд мөрийн баримт болгон хураан авчээ.
НЦУГ-ын МШГ-ын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа М.Болдбаатар “Эдгээр нөхдүүд Төв аймгийн нутаг дэвсгэрийг дамжиж мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг байсныг ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газар, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хамтран илрүүлж, газар дээрээс нь дайчилан баривчилж мөрдөн байцаах ажиллагааг үргэлжүүлж байна. Эдгээр сэжигтнүүд мөн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт орон байрны хулгай хийдэг байсан. Гурван автомашинтай, 11 бүлэг этгээд байгаа юм. Нийт 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Цаашид мөрдөн байцаалт үргэлжилнэ. Зүйл анги нь өөрчлөгдөх байх. Гэхдээ хулгайлах гэмт хэрэг учраас дээд тал нь 12 жилийн хорих ялаар шийтгүүлнэ” гэлээ.
Малын хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа сэжигтэн “Би хулгайн хэргээр ял эдэлж байгаад 2015 онд суллагдсан. Одоо нэг цайны газар бэлтгэлийн ажил хийдэг. Харин эд нар нэг орой машины дугуй хагарсан байна. Дугуй аваад ирээч гэж залгасан. Тэгээд би орой хоолоо идээд гэрээсээ гарсан. Очиход шуудайтай юм өгөөд хүн аваад яв гэсэн. Тэрийг нь аваад ирсэн. Харин ууттай махыг нь мэдээгүй. Зарах мах биш. Энэ хүмүүсийн идэх гэж байсан мах гэсэн. Би хойноос очсон болохоос энэ хэрэгт хамааралгүй. Тэдний дотор өмнө нь хамт хэрэг эдэлж байсан хоёр хүнийг танина. Үнэн юм үнэнээр нь шалгана биз дээ” гэв.
ШУУД ҮЗЭХ:
Бүлэглэж бэлчээрт явж байгаа мал хулгайлж, нядалдаг, орон байр ухаж хулгай хийдэг 11 этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.