| | USD/MNT 0₮
“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат болон түүний эхнэр дуучин Ц.Сарнай нар хүнд өвчний улмаас амаргүй цаг үеийг туулж байгаа талаар мэдээлэл гараад байна.
Хөгжимчин Б.Чинбат БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай болсон байгаа юм.
Тэд хагалгааны дараах эмчилгээгээ БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалсан эмчилгээний нөхцөл байдал бэрхшээл гарч байгаа тул монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, түүнд туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргаад байна. ”Бөртэ”, “Алтай” хамтлагийн продюсер Д.Ганпүрэв аяныг санаачилсан ба эхний байдлаар “Хос зүрхээ хамгаалъя” фэйсбүүк групп үүсгэн, аяны талаарх мэдээлэл дамжуулж эхлээд байна.
Ард түмнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байгаа бөгөөд урлаг соёлынхон бүгдээрээ дэмжиж бусдадаа уриалж байна. Тухайлбал, яруу найрагч, зохиолч СГЗ Ш.Гүрбазар Б.Чинбатад зориулж “Ижийнхээ нүдэнд үр нь өтөлдөггүй” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийж орлогыг нь 100 хувь хандивлахаа мэдэгджээ.
Мөн нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарын гэр бүлд хандив өргөж, тусламж үзүүлэхийг уриалж байна. Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойгоор Б.Чинбат болон “Свийт Эмоушн” хамтлаг сэтгүүлзүйн салбарын сүлд дуулал болсон, СГЗ Ү.Хүрэлбаатарын үг “Үнэний дуу хоолой” хэмээх энэ сайхан дууг бидэнд өргөн барьсан билээ.
Үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын сэтгэлд хоногшсон энэ сайхан уран бүтээлийг хүндэтгэн ач тусыг нь хариулах үүднээс ч, Монгол түмнээ баярлуулсан бахархалт уран бүтээлчдээ дэмжих сэтгэлийн угаас ч бид хүнд цаг үед нь туслах ёстой гэж үзэж байна.
Дуучин Сарнайтай @Sarnai singer FB хаягаар холбогдож болно. Мөн ХААН банкны 5212071351 Цогтбаяр Сарнайн дансанд гүйлгээний утга дээр нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болох нь ээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэг.
“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат болон түүний эхнэр дуучин Ц.Сарнай нар хүнд өвчний улмаас амаргүй цаг үеийг туулж байгаа талаар мэдээлэл гараад байна.