| | USD/MNT 0₮
Хөгжлийн банк 100 хувь төрийн өмчит банк бөгөөд бодлогын банк гэдгээрээ бусад арилжааны банкнуудаас ялгаатай. Түүнчлэн хадгаламж эзэмшигчийн мөнгийг хадгалдаггүй. Харин гадаадаас бонд болон урт хугацааны зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж, түүнийг Монгол Улсын хөгжлийн том том төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн банк. Тийм ч учраас өнгөрсөн 2016 онд Чингис, Самурай бондын гэх тодотголтой их хэмжээний мөнгийг барьцаагүй зээл хэлбэрээр ААН-үүд болон компаниудад олгосон байдаг. Гэвч өнөөдрийн хугацаанд дээрх аж ахуйн нэгжүүд авсан зээлээ болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс болж Хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдож, дампуурлын ирмэгт ирсэн байгаагаа ч гүйцэтгэх захирал Н.Мандуул нь мэдэгдсэн байгаа. Тэрбээр "800 гаруй тэрбум төгрөгийн өрийг ирэх 2023 онд төлөх ёстой. Хэрвээ энэ өр төлөгдөхгүй бол улс өрийг нь авч Засгийн газар өр барагдуулах ёстой" гэсэн утгагүй мэдэгдлийг хийсэн нь олон нийтийг бухимдуулж шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Тэгвэл дээрх зээлийг ямар хүмүүс өөрийнхөө хамаарал бүхий ямар компаниар авсан бэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж буй. УИХ-ын гишүүд байсан мөн одоо гишүүд байгаа хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийн компаниуд эхнээсээ ил болж байна. Тодруулбал, Хөгжлийн банкнаас чанаргүй 25 зээлдэгчийн мэдээллийг энэ сарын 20-нд зарласан. Олон нийтэд ил болсон 25 компанийн нийт зээлийн хэмжээ 841 тэрбум. Энэ нь зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан компаниудын нийт өр төлбөр. Үүнээс гадна шүүхэд хандах болоогүй чанаргүй зээлдэгчид мөн ийм хэмжээний өр төлбөртэй байгааг улс төрийн хүрээнд зарлаж байна.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Энэ тоо нь нийт активын талаас илүү хувийг эзэлж байгаа нь өнөөдөр ийнхүү улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд анхаарал татаж эхлээд байна.
Гайхаад байна, хэдэн тэрбумаар нь барьцаагүй зээл өгчихөөд авсан компани нь зээлээ төлөхгүй гурван жил болчихоод байхад чанаргүй зээлдэгч нараар өрөө төлүүлэхийн оронд өр зээлийг нь улс авч барагдуулах ёстой ухааны юм яриад байдаг Хөгжлийн банкны удирдлагуудыг яг яах вэ. Локикийн хувьд ч бодоод үзэхэд ойлгомжтой зүйл. Жирийн ард иргэд нь зээлээ цагт нь яс төлдөг. Хэрэв төлөхгүй 1-2 хоноход банк нь яадаг билээ. Төрийн өмчит банк байж ийм царай гаргаж байна. Хэрэв зээ Хөгжлийн банк дампуурлаа зарлалаа гээд хэн хожих юм, зээл авсан хүмүүс хожиж, ард үлдсэн хохирлыг нь Монгол Улсын татвар төлөгчид ар нуруундаа үүрч аахилна.
Ийм технологиор хэргийг замхруулж, хэдэн тэрбумыг салхинд хийсгэж мэдэх нь. Эрх баригчдыг буюу зээл авсан этгээдүүдийг хаацайлж хамгаалж, Хөгжлийн банкнаас өчигдөр мэдэгдэл гаргасан нь ч инээдтэй харагдаж байна. Хэдэн зуун тэрбумаар нь барьцаагүй зээл авахын оронд тэдний нэр усыг зарлаагүй, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байхад хэвлэлийнхнийг нэр төрд нь хардаж, гүтгэлээ гэж илтэд өмөөрсөн байх юм.
Тус мэдэгдэлд:
Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан тус банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсаар дамжуулан тус тус олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээлэлд зөвхөн зээлдэгч компанийн нэр, олгосон зээлийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээг агуулсан бөгөөд үүнээс бусад аливаа нэмэлт мэдээлэл мэдээллээгүй болно.
Гэтэл сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас гаргасан дээрх агуулга бүхий мэдээллийг мушгин гуйвуулж, хувь хүн, албан байгууллагыг нэр цохон гүтгэх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл болгон түгээж байгаад гүнээ харамсаж байна. Зээлдэгчидтэй холбоо хамааралтай этгээд, тэдгээрийн албан тушаал, нөлөөлөл, эцсийн өмчлөгчийн өмч хөрөнгийн бүртгэл гэх мэт мэдээлэл нь Хөгжлийн банканд байдаггүй, манай банкны зүгээс ийм төрлийн мэдээлэл гаргаагүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хөгжлийн банк хуулийн дагуу, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж байгаа ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нээлттэй мэдээлж буй Хөгжлийн банкны албан ёсны мэдэгдэл, мэдээллээс бусад аливаа мэдээ, мэдээлэлд тайлбар өгөхгүй, үүнтэй холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Хөгжлийн банкныхан барьцаагүй зээл авсан ААН-үүдээр өр зээлээ барагдуулахын оронд өмөөрсөн МЭДЭГДЭЛ гаргажээ.