| | USD/MNT 0₮

Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийн 7 сая ам.долларын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр 2016 оны есдүгээр сараас эхлэн шалгаж, цагдан хорьсон.

Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм.

Д.Доржпүрэв эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхны явуулсан шалгалтын явцад манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэй лун жан хуа нян минерал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ван Либао, түүнтэй хамтран бизнес эрхэлдэг “Шижиа инвестмент” компанийн захирал Жин Шиху нарын дансаар дамжуулан дээрх банк бус санхүүгийн байгууллагынхаа “Голомт” банк дахь дансаар нийт нэг сая ам.доллар авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон юм билээ. Уг мөнгө нь 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд барьсан хаус хотхонд зарцуулсан нь ч батлагдсан гэдэг.  

Уг хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2016 оны есдүгээр сард тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 148.4, 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байв. Гэвч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч уг хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурорт гаргажээ. Ингэхдээ “БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршийн талаас авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хаах санал хүргүүлсэн гэнэ. Түүнийг нь ч прокурор хүлээн авсан бололтой. Харин дээд шатных нь прокурор Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, сэргээх, эсэхийг удахгүй шийдэх сурагтай.

Уг нь шалгалтын явцад “Чингис” бондын 35 сая ам.долларын хөрөнгөөс “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансанд 3.5 сая нь ороогүй нь ч батлагдсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан хөдлөх болон үл хөдлөх хэд хэдэн хөрөнгө, барилгын материалыг нь тухайн үед битүүмжилж байсан билээ.  

Д.Доржпүрэв 2016 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж өрсөлдсөн нэгэн. 1996 онд ХОТШ банкны Эрдэнэт дэх салбарын эдийн засагч, 1997-2012 онд “Фин сервис” ББСБ-ыг байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байсан, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн ТУЗ-ийн дарга, 2010-2012 онд БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр 2016 оны есдүгээр сараас эхлэн шалгаж, цагдан хорьсон.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.