Сүүлийн хэдэн өдөр Хөгжлийн банкны 800 сая ам.долларын чанаргүй зээлтэй холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Тэгвэл тус асуудалд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Эхнээс нь зээлүүдийг нь төлүүлж энэ хэрээр багагүй үр дүн гарч байна. Тухайлбал, өнөөдөр 8.5 тэрбум төгрөгийг эргэн төлөлт хийсэн. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бид хадгалдаггүй. Хэрвээ зээл авсан хүмүүс мөнгөө төлөхгүй бол ирэх жил буцааж төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй болж энэ өр улсад шилжинэ. Засгийн газар эдгээр зээлдэгчдийн өмнөөс гадаад өр төлбөрийг барагдуулна гэсэн үг. Тиймээс чанаргүй зээлдэгч нарыг зээлээ төлөхийг уриалж байгаа" гэв.
Хамгийн гол нь барьцаагүй зээл олгосон Хөгжлийн банкны тухай үеийн удирдлагууд буруутай. Одоо болохоор Хөгжлийн банкны захирал, удирдлагууд, зээлдэгч нарыг АТГ-т өглөө гэж мэдэгдсэн. Магадгүй бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын хэрэг шиг хэрэг нь замхраад алга болно. Ийм схемээр өр барагдуулж, татвар төлөгчдийн нуруун дээр бөөн өр тавина гэж бодож байгаа бол Н.Мандуул даргаа андуурсан байна шүү.