| | USD/MNT 0₮

Б.Даваасүрэн:Миний хамгийн том зорилго, хүсэл мөрөөдөл бол Паралимпаас медаль хүртэх

Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч бэрхшээл сааданд бууж өгөөгүй бүхний өөдөөс инээмсэглэж “Болно доо, чадна даа” гэж явдаг  тэргэнцэртэй Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрбээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж өнгөрүүлсэн 29 жилийн түүхээ хуваалцаж, олны анхаарлыг татаж олон мянган лайк шэйр авсан байсан.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа хүнд гэмтэл авч суумгай болжээ. Гэсэн хэдий ч амьдралд бууж өгөлгүй дахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Өвчин зовлон бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж тэргэнцэнтэй туялзуур сэлэмний спортыг хөгжүүлж, цаашдаа энэ спортоор Паралимтд оролцох амбицтай түүнтэй ярилцлаа.

-Цахим орчинд тавигдсан таны амьдралын түүх олон мянган хүнд хүрсэн байна билээ. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Баярмөнхийн Даваасүрэн гэдэг. Одоо 29 настай. “Hipay” компанид марктенгийн албанд ажилладаг. Мөн туялзуур сэлэмний өндөр хаан клубд харьяалагддаг бөгөөд би хөгжлийн бэрхшээлтэй туялзуур сэлмээр хичээллэдэг.  

Гэр бүлээ танилцуулна уу?

-Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэрийг Номинцэцэг гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Хүү маань хоёрдугаар анги, охин маань нэгдүгээр ангид сурдаг.  

үүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?

-Хүнийг хайрладаг, тусч, хөдөлмөрч хүн болоосой гэж боддог. Би хүүхдүүдээ хатуу гараар хүмүүжүүлэхээс илүүтэй, үг үйлдлээрээ үлгэрлэж хүмүүжүүлэхийг боддог. Хүүтэй хүн болохоор зөв төлөвшилтэй, хүнийг хайрладаг хүн болгож хүмүүжүүлэх юм бол, дүү нар ээжийгээ аваад явчих болов уу гэж боддог. Би тэргэнцэртэй учраас хүүхдүүдээ гүйж очоод өмөөрөөд байж чадахгүй. Тиймээс том хүү маань хүнтэй зөв харьцчихдаг хүний дор орохгүй л яваасай гэж боддог.

-Таны амьдралын 29 жил дардан байгаагүй, зарим хүмүүсийн хэлдгээр саад бэрхшээл дүүрэн өнгөрч.  “ChoironGoo” хуудсанд тавигдсан нийтлэлийг олон мянган хүн уншиж, танд урам зориг итгэл найдвар өгч бас тэвчээрийг нь бахархсан байсан?

-Тийм. Чойронгоод ярилцлага өгчихөөд гарсан эсэхийг нь ч мэдээгүй явж байсан. Гэтэл гадуур ажилтай явж байгаад фэйсбүүк рүү ортол олон хүн найзын хүсэлт явуулаад намайг таг хийсэн байсан. Олон мянган хүнд хүрсэн байна билээ. Хүмүүсийн сэтгэгдэл нь эрч хүчийг мэдрүүлсэн. Улам их хичээх ёстой гэсэн ойлголтыг олж харсан, бас авсан.

-Таны туулж өнгөрүүлсэн амьдралын тухайд?

-Нэг бодлын хэцүү амьдралыг туулсан ч нөгөө бодлын сургамжит амьдралыг дайраад гарсан байна. 2000 оны эхээр цаг үе хэцүү байсан. Би тухайн үед хүүхэд байсан. Гэхдээ би үеийн хүүхдүүд шиг интернет тоглож, зодоон цохион хийдэггүй байлаа. Харин спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлсэн. Ингээд 2015 онд самарт явж байгаад өндрөөс унаж, нуруу нугасны бэртэлтэй болсон. Ахуйн осол гэдэг. Түүнээс хойш нэлээн олон удаа хүнд хүнд хагалгаанд орж ард нь гарсан ч холголт цооролтоос болж 2018 онд нэг хөлөө тайруулж, тэргэнцэртэй болсон. Нуруу нугасны гэмтэлтэй хүмүүст учирдаг нэг хүндрэл нь холголт, цооролт байдаг юм билээ. Хэрвээ тухайн үед үүнийгээ бүрэн мэддэг байсан бол хоёр хөлтэйгөө байх байсан байх. Энэ миний хайхрамжгүй байдлаас ч болсон байж магадгүй. Гэхдээ энэ бүгдийг спортоор даван туулсан. Энэ хугацаанд спортоо орхиж чадаагүй өдийг хүрч байна. Би туялзуур сэлмээр хичээллэдэг. Сэтгэлийн хүчээр хүнд хагалгаануудыг давсан.

-Багын л спортод дуртай хүүхэд байсан байна?

-Бага байхдаа жүдогийн спортоор хичээллэдэг байсан. Тухайн үед олимпд оролцох мөрөөдөлтэй байсан ч, зорилго маань байгаагүй. Харин одоо бол илүү мөрөөдөл зорилгодоо хүрэх юм шиг санагдаж байгаа. Тэргэнцэртэй болсон маань зорилго мөрөөдөлдөө хүрэх гүүр болсон байх гэж итгэж байгаа. Мөн туялзуур сэлэмний клуб байгуулж, олон хүнийг хүсэл мөрөөдөлтэй болгох хүсэлтэй.

-Туяалзуур сэлэмний спортоор хичээллэх болсон шалтгаан юу бэ. Анх ямар замаар энэ спорттой холбогдсон бэ?

-2018 онд хөлөө тайруулж, хамгийн сүүлийн хагалгаанд орж сүүжний ясаа авахуулсан. Тэгээд эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэхдээ энэ спортоор хичээллэе гэж бодоод юүтүбээс мэдээллийг нь олж хараад, холбоогоор нь дамжуулж хичээллэж эхэлсэн. Сэлэмний спорт руу ороод өөрийнхөө зорилгыг тодорхойлж тууштай хичээллэж эхэлсэн.

-Тэргэнцэртэй туялзуур сэлэмний УАШТ өчигдөр болсон уу?  

-Тийм. Би 2018 оноос тэргэнцэртэй туялзуур сэлмээр хичээллэж байгаа. Дөрвөн жил хичээллэсэн байна. Энэ онд анх удаа туялзуур сэлэмний УАШТ боллоо. Хамгийн эхний зорилго маань УАШТ-д түрүүлэх байсан. Энэ удаагийн тэмцээнд түрүүлчих юм бол цааш цаашдын тэмцээн уралдааны эрх нээгдэнэ. Хамгийн том зорилго маань Паралимпоос медаль хүртэж ирэх билээ.

-Таны мөрөөдөл бол Паралимпд оролцох юм байна?

-Тийм. Тамирчин хүний хүсэл мөрөөдөл бол олимпод оролцох шүү дээ. УАШТ-нд түрүүлсэн нэг эрэгтэй, эмэгтэй тамирчинг ДАШТ-нд явуулна. Тэмцээн уралдаанд тасралтгүй оролцож олимпод оролцох оноогоо цуглуулж байгаад Паралимпд оролцоно том зорилго өвөртөлсөн байгаа.

-Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт юу байв?

-Нийт таван тэмцээн зохион байгуулагдснаас гуравт нь түрүүлж, хоёрт нь хүрэл медаль хүртсэн.

-Манайд хэдэн оноос эхэлж тэргэнцэртэй туяалзуур сэлэмний спорт хөгжиж үүсгэн байгуулагдсан бэ. Хэчнээн тамирчин байдаг бэ?

-Манайд 2018 оноос эхэлж тэргэнцэртэй туяалзуур сэлэмний спорт үүсгэн байгуулагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй ч энэ спортыг хөгжүүлэх гээд явж байгаа нэлээд хэдэн хүн бий. Эрэгтэй эмэгтэй ангиллаар хичээллэдэг олон тамирчин бий.

-Тэргэнцэртэй туяалзуур сэлэмээр хичээллэхэд бэрхшээл байдаг уу. Мөн давуу тал нь юу бэ?

-Давуу тал гэвэл өөрийгөө хөгжүүлж байна. Бие бялдар сэтгэл санааны хувьд ч эрүүл чийрэг сайхан байлгадаг. Би ажлаа хийчихээд хажуугаар нь бэлтгэлээ хийж, зорилгоо тодорхойлж байна. Спорт гэдэг бол агуу зүйл.

-Таны дүү нар, ээж нь сайн сууцгааж байгаа юу. Аавтайгаа холбоотой байдаг уу. Ээж нь хамгийн сайн дэмжигч гэсэн үү?

-Тийм. Миний ганц дэмжигч маань ээж байна. Бүх зүйлд миний ард зогсч дэмждэг. Одоо Сүхбаатар дүүрэгт хороонд ажилладаг.  Би хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Миний доод талын эмэгтэй дүү юнител компанид ажилладаг. Дараагийн эмэгтэй дүү маань Солонгост ажиллаж амьдардаг. Хамгийн бага дүү маань арван жилийн сурагч. Ээжийнхээ ачаар хүүхдүүд нь зөв хүн болж төлөвшиж, өдий зэрэгтэй явж байгаа. Харин аавтайгаа холбоотой байдаг. Хэдийгээр бага байхад минь зоддог байсан ч, үр хүүхэд нь л болсон хойно санадаг. Одоо том болсон учраас холбоотой байдаг. Манай аав Баруунхараад амьдардаг.

-Залуу хүн ажил хөдөлмөр эрхлэхгүй бол группийн мөнгөөрөө амьдарна гэдэг хэцүү байх?

-Тийм. Залуу хүн ажил хийхгүй бол группийн мөнгөөрөө яагаад ч хангалттай сайхан амьдарч чадахгүй. Залуу хүмүүс зээлтэй байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд хэр авдаг бэ. Сүүлийн үед бол харьцангуй гайгүй болсон уу хандах хандлага нь?

-Тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэдийг ажилд авч байна уу, хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангаж байна уу гэхээр бас хэцүү шүү дээ. Ажилд оръя гээд байгууллагад очоод уулзахаар орох гарах гарц хаалганаас өгсүүлээд хүндрэл бэрхшээл их байдаг. 00-ын асуудал ч хүртээмжгүй санагддаг. Харин оны өмнөхөн ажилд орсон. Намайг тамирчин гэдэг үүднээс дэмжиж байгаа. Хамт олны уур амьсгал үнэхээр сайхан, нэгнээ сайн дэмждэг, залуусаас бүрдсэн шинэ компани болохоор бие биенээсээ суралцаад, спортоосоо гадна өөрийгөө хөгжүүлнэ. Энэ компанийн төлөө сэтгэл зүрхээ зориулна. Бүх юмыг зохицуулна. Залуу хүн гээд залхуу байж болохгүй. Гэхдээ Монголын нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйлчилгээтэй биш. Гараад явлаа гэхэд бусдаас тусламж авна. Миний хувьд машиндаа сууж, буухдаа тэргээ машиндаа хийхдээ хүнээс тусламж авдаг. Хэдий хөгжөөд байгаа ч гэсэн бид нарыг орхигдуулаад байгаа юм шиг санагддаг.

-Та бүхэнд зориулсан ямар боломжийг бий болгоосой гэж боддог вэ?

-Ямар ч саадгүйгээр хүртээмжтэй орчныг бий болгож, байгууллагууд орох гарах хаалгаа налуу болгосон байх, зам талбай ч хүртээмжтэй байвал бид нар хэнээс ч тусламж авахгүй өөрийгөө хөгжүүлээд хөдөлмөрлөөд явчихна. Би бэртэл гэмтэл авахаасаа өмнө л жолооч байсан. Аль 2010 онд жолооч болж байсан. Гэмтэл авснаасаа хойш 2016 онд анхны машинаа авч, гал тормоз ашиглаж барьдаг болсон.  

-Олон нийтийн хандах хандлага ямар байдаг вэ?

-Харьцангуй гайгүй шүү.

-Одоо танд өвдөх илрэх зовиур бий юу. Хөлөө тариулахгүйгээр хөл дээрээ босчихно гэж боддог байсан уу?

-Хөлөө тайруулаад үлдсэн шарх эдгээгээгүй байгаа. Жаахан шарх бий. Тэрнээс бусдаар бол зүгээр. Хоёр хөлтэй байхдаа дасгал хийгээд хөл дээрээ босно гэсэн итгэлтэй хийдэг байсан. Нугасны гэмтэлтэй хүн хөл дээрээ босдоггүй, дэлхийд эмчлэгддэггүй гэдгийг сонссон хэрнээ хөл дээрээ босно гэж боддог байсан. Даанч босоогүй. Спортоороо хөдөлгөөн хийх нь нэг ёсны дасгал болсон доо.

-Та “Шат” богино хэмжээний киноны гол дүрд тогложээ. Хэрхэн тоглох болсон бэ. Энэ киноны илэрхийлэх санаа нь таны зорилготой төстэй санагдсан?

-2019 онд Золжаргалын найруулсан “Шат” киноны найруулагчтай анх дүрийн сонгон шалгаруулалт дуусах үед нь холбогдсон юм. Тэгээд зохиолтой нь танилцахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон зүйлийн бэрхшээл тулгардаг гэсэн санааг дэвшүүлж байсан. Тэгээд үүнийгээ шатаар илэрхийлсэн нь сонин санагдсан. Энэ киногоороо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон зүйл тулгамддаг гэдгийг хэлэхийг зорьсон. Энэ кино маань олон тэмцээнд орж байгаа. Оскарт шалгарсан. Монголд нээлтэй хийвэл олон саад бэрхшээл арилна гэж найдаж байна. 

-Бэрхшээлд амархан шантардаг хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Хүний амьдралд хүнд хэцүү зүйл маш их тохиолддог. Надад ч бишгүй тохиосон. Жаахан юмнаас болж сэтгэл санаагаар навс унадаг хүмүүс байдаг байх. Гэсэн ч бууж өгч шантрахгүй, улам л урагшлах хэрэгтэй. Хөлөө тайруулаад, зүгээр суугаад л байсан бол өнөөдөр юу ч өөрчлөгдөхгүй байсан. Тиймээс саад бэрхшээлд бууж өгөхгүй улам хүчтэй байж, хүсэл тэмүүллийнхээ төлөө зүтгээсэй гэж бодож байна. Ер нь залуучууд залхуу байвал юу ч бүтэхгүй шүү дээ. Нэгэнт би ийм болчихсон юм чинь гээд бодсон ч сэтгэлээр унах нь бол харьцангуй бага байсан шүү. Бусадтай адилхан л амьдарч явах ёстой.

-Таны яриаг сонсоход амьдралд нугарахгүй, хугарахгүй гэсэн бат итгэлтэй юм байна. Танд эрүүл энхийг хүсье?

-Баярлалаа. Бусад хүмүүстэй харьцуулахад бэрхшээлээрээ хоёр өөр болохоос бүгд адилхан эрхтэй шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр халамж горьдож хүлээж байгаа мэт хүлээж авдаг. Гэвч тийм зүйл биш шүү дээ. Ээждээ болон ханьдаа үр хүүхэд, ах дүү нартаа тусалж дэмждэг баярладаг шүү. Тэдэндээ хайртай шүү гэж хэлье.

О.Сайхан 

Тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэдийг ажилд авч байна уу, хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангаж байна уу гэхээр бас хэцүү шүү дээ. Ажилд оръя гээд байгууллагад очоод уулзахаар орох гарах гарц хаалганаас өгсүүлээд хүндрэл бэрхшээл их байдаг. 00-ын асуудал ч хүртээмжгүй санагддаг. Харин оны өмнөхөн ажилд орсон. Намайг тамирчин гэдэг үүднээс дэмжиж байгаа. Хамт олны уур амьсгал үнэхээр сайхан, нэгнээ сайн дэмждэг, залуусаас бүрдсэн шинэ компани болохоор бие биенээсээ суралцаад, спортоосоо гадна өөрийгөө хөгжүүлнэ. Энэ компанийн төлөө сэтгэл зүрхээ зориулна. Бүх юмыг зохицуулна. Залуу хүн гээд залхуу байж болохгүй. Гэхдээ Монголын нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйлчилгээтэй биш. Гараад явлаа гэхэд бусдаас тусламж авна. Миний хувьд машиндаа сууж, буухдаа тэргээ машиндаа хийхдээ хүнээс тусламж авдаг. Хэдий хөгжөөд байгаа ч гэсэн бид нарыг орхигдуулаад байгаа юм шиг санагддаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.