| | USD/MNT 0₮

Ш.Мөнгөншагай: Хууль хяналтынхан улстөрчтэй нийлж бор зүрхээрээ амьдарч байсан залуусын амьдралаар нь тоглосон

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгөний орд газрын лицензийн наймаа олны анхаарлын төвд нэг хэсэг орж, дуулиан тарьж байв. “Хөрөнгө оруулагч хятадууд хоорондоо муудалцсан, үүнээс болж Монголын хууль, хяналтынхан хоёр хуваагдсан, Монголын нэр бүхий 17 шүүгчид авлига өгсөн, үүнийг нь Эрүүгийн цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлсэн” гээд л мөн олон шуугиан ар араасаа дагуулж байлаа.

Тэгвэл Салхитын мөнгөний орд газрын лицензийг эзэмшиж байгаад шүүгч нарт авлига өгсөн хэргээр шалгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн Ш.Мөнгөншагайтай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Тантай энд тааралдсаных Салхитын мөнгөний орд газрын авлигын гэх хэргийн талаар асуухгүй өнгөрч болохгүй санагдаад хүрээд ирлээ. Таныг шүүгчдэд их хэмжээний авлига өгсөн гээд хорих ялаар шийтгэсэн байдаг. Болж өнгөрсөн үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?

-Сайхан өвөлжиж байна. Энэ жил дулаахан, өнөтэй сайхан өвөл болж байна.  Харин улс эх орон, улс төрийн эргэн тойронд хэцүүхэн жил болж байх шиг байна. Надад холбогдуулан шалгасан хэргийн талаар ярих, үнэн зөв мэдээлэл олон нийтэд хүргэх сонирхол бол байна. Гэхдээ Салхитын мөнгөний орд газрын гэж тодотгоод байгаа хэргийн  талаар дэлгэрэнгүй ярина гэвэл олон цаг зарцуулна. Ярилцлага гаргах зай талбайгаас эхлээд   нэр бүхий олон хүний  хууль бус увайгүй үйлдлийг дэлгэх болчихоод байгаа юм. Яг үнэндээ Монголын хууль хяналтынхан нөлөө бүхий хэдхэн улстөрчтэй нийлээд л эгэл жирийн ардаа, бор зүрхээрээ амьдарч байсан хэдэн залуусыг хэлмэгдүүлж, амьдралаар нь тоглосон юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, намайг Салхитын мөнгөний орд газрын гэх хэргээр хэлмэгдүүлсэн гэдгийг ам бардам, баримттайгаар хэлнэ. 

-Хэлмэгдүүлсэн гэж та хэллээ. Таныг яаж хэлмэгдүүлсэн юм бэ. Энэ талаар тодорхой ярьж болно биз дээ?

-Би чамд түрүүнд хэлсэн. Салхитын мөнгөний орд газрын хэрэг гэгдээд байгаа зүйл нь  тэр чигтээ хүний эрхийг улан доороо гишгэсэн хэлмэгдүүлэлт болж өнгөрсөн.  Би  хорих ялаар шийтгүүлчихээд нэр олж авахын тулд “Би хэлмэгдсэн” гэж гоншигоноод байгаа юм биш. Шүүхийн архивт энэ хэрэгтэй холбоотой хавтаст хэрэг хадгалагдаж байгаа. Хэн ч очоод үзэхэд нээлттэй болсон. Хавтаст хэрэгт бүх зүйл тодорхой байгаа. Шуудхан хэлэхэд,  хэн нь хэндээ авлигын мөнгө өгсөн нь тодорхойгүй. Авлига өгсөн хүн нь байгаа мөртлөө авлига авсан хүн байхгүйгээр л бүх асуудлыг нэр бүхий улстөрчдийн захиалгаар шийдчихсэн юм. Тодорхой хэлэхэд авлига авч, хэргийн хувь заяаг шийдсэн нэг ч шүүгч байхгүй.

-Анх 17 шүүгчид их хэмжээний авлига өгсөн гэсэн дуулиан гарсан. Ингэж явсаар гурван шүүгч авлига авсан хэргээр шийтгүүлсэн шүү дээ?

-Логик, эрүүл ухаанаар бодоход хэргийг шийдсэн хүн нь авлига авах ёстой биз дээ. Гэтэл хаа хамаагүй дүүргийн шүүгч, захиргааны хэргийн шүүгч гээд танил тал, татаас муутай, бор зүрхээрээ амьдарч байсан  шүүгчдийг сугалж аваачаад ял өгчихсөн.

-Таныг тэгвэл шоронд хорих ялаар шийтгэх ямар шалтгаан байсан юм бэ.  Хэнд ашигтай болоод хорих ял өгсөн юм?

-Би тэтгэвэрийн зээл тэглэх нэрийдлээр байгалийн баялгийг өм цөм хулгай хийж, их хэмжээний ашиг олж байсан хүмүүсийн хулгайн гэмт үйлдлийнх нь гэрч болчихсон юм.  Ард түмэнд нэр нүүр олчихоод, хөшигний цаана эх орноо, байгалийн баялгаа  хууль бусаар зарж байгаа, үйлдсэн гэмт хэргээ хэнд ч мэдэгдэхгүйгээр нууна гэж бодож, өөрөөсөө хүртэл нуух нь холгүй байсан ноцтой гэмт үйлдлүүдийнх нь гэрч болчихсон юм л даа. Намайг хорих ангид ял эдэлж байхад  хоёр ч удаа “Уучлал хүссэн өргөдөл бичээд өгчих. Чи өргөдөл өгчихвөл шоронгоос гаргачихна” гэсэн санал ирсэн. Тэгэхээр хэн, хэн гэгч этгээд энэ асуудалд холбогдох нь тодорхой харагдаж байгаа биз дээ. Ямар хүмүүс “Тэтгэвэрийн зээл тэглэе”, “Байгалийн баялгаа ард түмэндээ тэгш хүртээнэ” гэж тод, чангаар хашгираад байлаа. Тэр хүмүүс рүү энэ бүх асуудал чиглэх юм, үнэндээ. 

-Та тэдний үйлдсэн гэмт хэрэг, эрх, мэдэл албан тушаалаа ямар учраас урвуулан ашиглаж, улсаас их хэмжээний ашиг олсон талаар тодорхой нэр, устай нь зарлаж болохгүй юм уу?

-Чи ахыгаа харж байгаа биз дээ. Хэлмэгдүүлэлтийн хонгилд ороод эрүүл мэндээрээ хэрхэн хохирсон байгааг. Чи нэг юмыг сайн ойлгоод авчих хэрэгтэй. Миний холбогдсон асуудал  улс төрийн хэлмэгдүүлэлтийн хонгилын хэрэг огт биш.  Шинэ нэр төрөл  гэж хэлж болох “Байгалийн баялгийн хонгил”-ын хэлмэгдүүлэлтэд би өртсөн юм. Өөрөөр хэлбэл,    олон сая ам.долларын хулгайн гэмт хэргийн золиос болсон. Ээдрээ, зангилаа ихтэй юм шиг боловч Салхитын мөнгөний орд газрын гэгдэх хэрэг маш тодорхой захиалагчтай. Энэ талаар ярьвал урт, удаан хугацаа зарцуулна. Сонины олон нүүр дамнаж, чамд ч төвөгтэй юм болно. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа энэ хүрээд өндөрлөх үү. Би удахгүй видео нэвтрүүлэг хэлбэрээр тодорхой ярихаар төлөвлөөд байгаа юм. Тэндээс олон хүн бодит үнэнийг ойлгож авах байх. Нэр ус, үйл явдлын талаар ч тэнд ярина.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгөний орд газрын лицензийн наймаа олны анхаарлын төвд нэг хэсэг орж, дуулиан тарьж байв. “Хөрөнгө оруулагч хятадууд хоорондоо муудалцсан, үүнээс болж Монголын хууль, хяналтынхан хоёр хуваагдсан, Монголын нэр бүхий 17 шүүгчид авлига өгсөн, үүнийг нь Эрүүгийн цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлсэн” гээд л мөн олон шуугиан ар араасаа дагуулж байлаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.