| | USD/MNT 0₮

М.Амарбаяр: "ЭТТ" ХК-ийн ТУЗ хуралдаад, ногдол ашиг хуваарилах эсэхийг шийднэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяраас тодрууллаа.

-“ЭТТ” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан анхны дотоодын компани болсон гэсэн. Энэ үнэн үү?

-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан Үндэсний Аудитын газраас эцэслэн батлагдаагүй байна. Гэхдээ компаниас гаргасан хаалтын дүнгээр “ЭТТ” ХК-ийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.доллар буюу 2.66 их наяд төгрөгт хүрсэн. Жилийн жигнэсэн хүүгээр бодож үзвэл нэг тэрбум ам.долларт хүрсэн.

Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай “Оюутолгой” ХХК 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байсан юм билээ. Харин төрийн өмчит компаниудаас Монголдоо анхдагч боллоо.

Мөн компанийн цэвэр ашиг нэг их наяд төгрөгт хүрч, улсын төсөвт 660 тэрбум төгрөг төвлөрүүлж чадсан.

-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд зааснаар төрийн албан хаагч болон төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд сонгуульд нэр дэвших бол тухайн сонгуульт жил эхлэхээс өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой. Энэхүү заалтын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Үүний дагуу ажлаа өгсөн албан тушаалтнуудын нэрс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод болсон. Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд одоогоор ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа. 2019 он бол бүтээн байгуулалтын жил байсан. Бид Гашуун-сухайтын төмөр зам, параллель автозамууд, нүүрс баяжуулах үйлдвэрүүд, хотхон, кэмпүүд гэх мэт том мега төслүүдийг эхлүүлээд явж байгаа. Тийм болохоор эхлүүлсэн ажлаа цаг хугацаанд нь дуусгахын тулд улс төр бодох завгүй л ажиллаж байна гэж боддог.

-1072 хувьцааны ажил ямар түвшиндээ явж байгаа вэ?

-Компанийн тухай хуулиар тухайн жилийн цэвэр ашгийг Аудитаар баталгаажсаны дараа ногдол ашиг хуваарилах эсэхийг компанийн эрх барих дээд байгууллага шийддэг. Манай компанийн хувьд ТУЗ шийддэг гэсэн үг. Тухайлбал, ТУЗ 50 хоногийн дотор хуралдаад, 2019 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах эсэхийг шийднэ. “ЭТТ” ХК-ийн 85 хувийг Төр эзэмшдэг. 14.7 хувь нь иргэдийн гарт бий. Харин дотоодын аж ахуйн нэгжүүд хувьцааны багахан хувийг эзэмшдэг.

-Танай компанитай холбоотой 55 тэрбум төгрөгийн маргаан гарч, иргэний нийгмийн байгууллагууд мэдэгдэл гаргасан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-“Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагууд цаасан дээр хөрс хуулаад 55 тэрбум төгрөг идчихлээ гэж иргэний хөдөлгөөнийхөн болон зарим иргэн өнгөрсөн жил шүүмжилсэн. Бид тухайн бүрт нь мэдэгдэл хийж, няцаалт өгч байсан. Тэр хүмүүст хувийн журмаар ч мэдээлэл өгч буруу ойлгож байгааг нь тайлбарласан. Гэвч ташаа мэдээллээ тараасаар л байсан. АТГ-т хүртэл өгсөн. АТГ-аас шалгаад хэрэг үүсгэх үндэслэл алга хэмээн НПГ-т хандаад, прокуророос нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон. Үндэсний аудитын газраас ЭТТ ХК-ийн 2013-2017 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Уг шалгалтаар хуулж овоолсон хөрс, хөрс хуулалтыг хэмжээд гүйцэтгэгч компаниудын тайлантай зөрөөд, яагаад зөрж байгааг лавласан юм.

Энэхүү лавлагааг иргэний нийгмийн байгууллагууд ямар нэгэн аргаар олж аваад “Аудитын дүгнэлт нь гарчихсан байна. Эд нар мөнгө идчихсэн юм байна” гэж үзсэн. Оны өмнө Аудитын дүгнэлт эцэслэгдэн гарсан тул УИХ-д танилцуулагдах байх.

Яагаад зөрүү үүссэн гэхээр манай компани тайлангаа дутуу өгснөөс болсон. Хөрс хуулалтаас гарсан шороогоороо уурхай дотор зам тавих, уурхайн хотхон барих газраа тэгшлэх гэх мэтээр ашигласан. Үүнийгээ тооцохгүйгээр тайлангаа өгчихсөн байсан юм билээ. Тиймээс тайлангаа засч өгсөн. Иргэний нийгмийн байгууллагынхан маань энэ дүгнэлтийг олж үзэх хэрэгтэй.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяраас тодрууллаа.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.