| | USD/MNT 0₮

Ш.БАТХҮҮГИЙН ЛУЙВРЫН ХЭРГИЙГ 10 ЖИЛ ШАЛГАСАН Ч ШИЙДВЭРЛЭЖ ЧАДСАНГҮЙ

Ийм хэрэг одоогоос 10 жилийн өмнө эхэлсэн байдаг. Тодруулбал, тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, хуурамч гарын үсэг бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан луйврын өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.

Уг нь хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур нь тодорхой. “Жаст” группийн ерөнхийлөгч байсан Ш.Батхүү. Тэрбээр 2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулаад авчихсан. Авсан мөнгөө ард түмэнтэй биш хувьдаа завшаад идэж ууж дууссан байдаг.

Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн асуудал байдаг. Үүнээс болж Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд хүртэл дуудагдаж, түүний тарьсан балгийг цэвэрлэхийн тулд тавьсан өрийг нь Засгийн газар тэглэсэн. Тодруулбал, Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Ш.Батхүүгийн өрийг нь төлж өгсөн. Энэ бүхнээс харахад удахгүй “Жаст”-ын Ш.Батхүү гэгч этгээд эрүүгийн гэмт хэргээр ял шийтгүүлэхгүй, хэрэг цагаадах янзтай болсон.

Хууль, шүүхийн байгууллагаас одоог хүртэл Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй байна.

Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ?

“Жаст”-ын Ш.Батхүү 2009 онд “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан. Харин 2013 онд энэ талаар мэдээлэл гарч хуулийн байгууллага шалгаж эхэлсэн.  Эрүүгийн хуулийн 1.10.3-д  зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 15 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг бол үйлдсэнээс хойш 12 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно гэжээ.

Тэгэхээр Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдоно гэсэн үг. Түүнээс хойш 12 жил гэхээр ирэх 2021 он гэхэд Ш.Батхүү хуулийн хариуцлагаас мултарчих юм байна. Хөөн хэлэлцэх хугацааг хүлээж, ял завшиж, хугацаа хожиж байгаа тэрбээр өнөөдөр цагдан хориход алга. Биеийн байдал муу, сахарын өвчин хүндэрсэн гэдэг шалтгаанаар батлан даалтад гарсан.  

Ш.Батхүүгийн үйлдсэн хэргийн ээдрээ зангилаа юу байв

АТГ-аас бол хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хавтаст хэргийг шилжүүлээд удсан. Харин прокуророос шүүхэд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл хэргийг нь шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж шийдвэрлээгүй.  

Яллагдагч Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт” банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн  220 тэрбум 276 сая 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан гэжээ.  Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн байдаг.

Түүнчлэн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн,”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэж үзсэн.

Тиймээс хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Харин тухайн шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг хийж эргээд прокурорт буцаасан байна.

Харин прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичиж, эргээд шүүхэд хүргүүлсэн. Тэгэхээр Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг хуулийн байгууллагуудын дунд иймэрхүү байдлаар хугацаа хожиж, явсаар хөөн хэлэлцэх хугацаатай тулах нь дээ.

Ш.Батхүү Засгийн газарт 40 сая ам.доллар төлж чадах уу?

Засгийн газар яаралтай хуралдаж шийдвэр гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг “Стандарт” банкинд төлсөн нь  тухайн үед нэлээд шуугиан тарьсан. Улс нь цэцэрлэг эмнэлэг барих санхүү мөнгөгүй хэрнээ улсаа бодож байгаа нэрийдлээр луйварчин этгээдийн тавьсан өрийг цайлгаж, “Стандарт” банкинд бууж өгөв.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Ямартай ч үйлдвэрийн гадны асуудлыг шийдчихсэн. Одоо дотооддоо учраа олж, Ш.Батхүүгээр өрийг төлүүлнэ гэх ухааны юм ярьсан. Түүний дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн л Ш.Батхүүгээс 40 сая ам.доллараа авна гэж хэллээ. Энэ нь зүгээр л нэг гал унтраах үг л дээ.

Хөрөнгө мөнгөгүй болсон Ш.Батхүүгээс яаж 40 сая ам.доллар гаргуулах вэ дээ. Ш.Батхүү цагтаа Монголын тэргүүн баячуудын нэг байх нь ч байсан. “Хадгаламж” банкны эзэн, “Жаст ойл” шатахуун түгээх станцыг байгуулж, “Жаст агро” үйлдвэрийн эзэн, “Олон овоот” уурхайн эзэн гээд л хэдэн арван тэрбум төгрөгөөр яригдах эд хөрөнгөтэй томчуудын нэг байв.

Тэгвэл Ш.Батхүүгийг эзэмшиж байсан бүх хөрөнгө өнөөдөр бүгд өөр хүмүүсийнх болж, өөрөө хоосорсон гэдгээ хэлж, хариуцлагаас мултрах гэж үзээд байх шиг. “Жаст ойл” шатахуун түгээх станцыг “Магнай трейд” компани худалдан авсан. “Олон овоот” уурхай нь “Алтжин” группийн Г.Алтангийн мэдэлд очсон. Г.Алтан Ш.Батхүү нар “Олон овоот”-ын уурхайн төсөлд хамтран хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм билээ. “Хадгаламж” банкаа харин Төрийн банкинд шилжүүлсэн. Өөрийн гэсэн өв хөрөнгөө талын нэг тараачихсан Ш.Батхүүгээс хоёр чихийг нь тасдаж авалтай биш дээ. Яаж улс 40 сая ам.доллараа нөхөн төлүүлэх нь эргэлзээтэй байна. Ингэж улсаа хохироож, эдийн засгийн хүнд байдалд оруулсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой билээ. 

Ийм хэрэг одоогоос 10 жилийн өмнө эхэлсэн байдаг. Тодруулбал, тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, хуурамч гарын үсэг бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан луйврын өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.