| | USD/MNT 0₮

Д.ЭРДЭНЭБАТ:ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 750 АЖИЛТАНДАА ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ БОЛГОН ЕСӨН ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОНО

"Эрдэнэт" үйлдвэр ажилчдадаа олгодог нийгмийн 24 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, тусламжийн нэг нь орон сууц худалдан авахад болон барихад олгодог 12 сая төгрөгийн дэмжлэг байдаг. Ажилчдын дунд энэ мөнгөн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэх тухай яриа газар авч байгаатай холбогдуулан Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодруулсан юм.   

-Ажилчдад орон сууцны дэмжлэгийн 12 сая төгрөг хэвийн олгогдож байгаа юу?  

-Энэ жилийн сүүлийн улирлын олголт удахгүй хийгдэнэ. Энэ удаа 218 ажилтан орон сууцны дэмжлэгийн 12 сая төгрөг авна. Үүний 88 нь “Уурхайчин-1” хороололд шинээр байр авсан ажилчид байна. Үлдсэн 130 нь дөрөвдүгээр улирлын квотын хүмүүс байгаа. 

-Орон сууцны дэмжлэгийн 12 сая төгрөг нэмэгдэх үү? 

-Сүүлийн үед ажилчдын дунд Хамтын гэрээ шинэчлэгдэж байгаатай холбогдуулан янз бүрийн таамаг яриа явж байх шиг байна. Ирэх онд орон сууцны дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа нь тодорхой. Энэ талаар тодорхой шийд гараагүй. Энэ дэмжлэгийн хэмжээ нэмэгдэх боломж тун хомс. Хэрвээ сүүлийн улиралд төлөвлөгдсөн 218 ажилчин орон сууцны дэмжлэгийн мөнгөө авч чадахгүй бол дахин олгогдохгүй. Учир нь бид энэ онд “Уурхайчин-1” хороолол ашиглалтад орсонтой холбоотой квотоо нэмсэн. Тиймээс “Уурхайчин-1”-д байр авч өөрийн цех, нэгждээ хүсэлт гаргаад албан ёсоор бүртгүүлсэн ажилчдад орон сууцны дэмжлэгийн мөнгө ондоо багтаад олгогдоно.  

-Нийгмийн харилцааны хэлтэс орон сууцны дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэх санал удирдлагын багт оруулсан уу?  

-Үгүй. Харин Үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэх санал оруулсан. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн эдийн засгийн байдлыг тооцож үзэхэд орон сууцны дэмжлэг нэмэгдэх дүр зураг харагдахгүй байгаа.

-Жилд дунджаар 350-400 ажилтанд орон сууцны дэмжлэг олгодог. Энэ жилийн тухайд хэчнээн ажилтан хамрагдаж байна? 

-Энэ жилийн хувьд “Уурхайчин-1” хороолол ашиглалтад орсон, мөн ажилчдын эрэлт их байгаатай холбоотой квот нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэр 2021 онд нийт 750 ажилтанд орон сууцны дэмжлэг болгон есөн тэрбум төгрөг олгохоор байна.  

Д.ЭРДЭНЭБАТ:ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 750 АЖИЛТАНДАА ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ БОЛГОН ЕСӨН ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОНО
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.