| | USD/MNT 0₮

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.АМАРТҮВШИН МАН-ААС НЭР ДЭВШИХЭЭР БОЛЖ АЖЛАА ӨГЧЭЭ

Бямбын Ренчин гуайн зээ хүү, Хас банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшинг өнгөрсөн 2019 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны захирлаар томилсон билээ.

Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг солино гэдгээ мэдэгдсэн байсан бөгөөд 5-6  хүнээс Г.Амартүвшинг сонгож томилсон байдаг.

Тэгвэл долоон сар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажилласан Г.Амартүвшин ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшихээр болж, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү тэрбээр МАН-аас нэр дэвшихээр болжээ. Харин аль тойргоос нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм байна. 

Дашрамд дуулгахад, Г.Амартүвшин нь Бельги Улсын Брюссель дэх Европын Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд АНУ-ын Харвардын бизнесийн сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан нэгэн билээ.

Тэрбээр ХАС банканд ажиллахын өмнө Казахстаны Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм.

Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллаж байсан тэрбээр ийнхүү улстөрд хүч үзэхээр болжээ. 

Түүний удирдсан баг бүрэлдэхүүн 2019 оны 12 дугаар сарын 30-нд тайлангаа тавьжээ. Энэ үеэр Г.Амартүвшин “Нэгдүгээрт, Хөгжлийн банкийг улстөрөөс хараат байлгахыг зорьсон. Хоёрдугаарт ашигт үйл ажиллагааг сайжруулах, гуравдугаарт зээлийн багцын чанарыг нэмэгдүүлэх зорилго тавин ажилласан. Энэ зорилгодоо хүрч ажилласан гэж бодож байна. Энэхүү албан тушаалд зургаан сарын хугацаатай томилогдсон ажиллах гэрээтэй ирсэн. Үргэлжлүүлэн ажиллах эсэхийг ТУЗ шийдэнэ” хэмээн мэдэгдсэн юм. 

 

Долоон сар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажилласан Г.Амартүвшин ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшихээр болж, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү тэрбээр МАН-аас нэр дэвшихээр болжээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.