| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ оны мэндчилгээ монголчуудад баярын бэлэг болов.

Тодруулбал, өрийн дарамтад байгаа ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ-ийн гишүүд хуралдаж гаргасан гэдгээ дуулгахад олон мянган ахмадын сэтгэлд баярын оч төрөв.

Ерөнхийлөгч баярын мэндчилгээндээ “Ахмад буурлуудаа өрийн дарамтнаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэхэн торгон мөчид ахмадууд та бүхэнд дуулгаж байгаад таатай байна” гэсэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн дуулгасан энэ шийдвэрийг эсэргүүцэж, ахмадуудыг алагчилж байна гэсэн шүүмжлэл ч олон нийтийн дунд гарч эхэллээ. Тэтгэврийн зээл аваагүй ахмадууд нь барьцаж байна. Нөгөөтэйгүүр энэ бол нийгмийн нэг хавтгайрсан халамж хэмээн шүүмжлэв. Үүний оронд хэтэрхий бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг тодорхой хувиар нэмсэн бол баярлах байсан. Гэтэл зээлийг нь тэглэж өгнө гэж халамжийн нэг хэлбэр үзүүлж байгаад зээлгүй ахмадууд, зээл авахуулаагүй үр хүүхдүүд нь ундууцаад байгаа юм.

 

Ерөнхийлөгч өмнө нь тэтгэврийн зээл болон бусад зээлийг тэглэж, зээлгүй монгол болгоно гэж амалж байсан. Түүнийг намын болоод өөрийн амлалтаа биелүүлж, гэрийн даалгаваар сайн хийж гүйцэтгэж байна гэж харж байгаа ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.

Гэхдээ Салхитын мөнгөний орд төсвийн мөнгө. Төсвийн мөнгийг УИХ-ын шийдвэрээр захиран зарцуулах ёстой. Ерөнхийлөгч Оффшорын мөнгийг оруулж ирж өр зээл тэглэнэ гэж амласан болохоос төсвийн мөнгөөр тэглэнэ амлаагүй байлтай. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нэрийдлээр өөрийнхөө амлалтаа хааж, ард түмнийг хуурч болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ахмадуудын өрийг тэглэж байхаар алсаа бодоод улсынхаа өрийг бага ч болов тэглэх хэрэгтэй гэсэн саналыг ч гаргасан бол дэмжих нь олон бий. Ирээдүй хойч үед минь идэх хоолноос илүү эрх чөлөө, эх орны минь бүрэн бүтэн байдал чухал гэдгийг хаа хаанаа ойлгох ухаан хэрэгтэй болов уу.

Тэгвэл Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн зарим нэг хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Тухайлбал, хуульч, хуульзүйн доктор О.Мөнхсайхан “Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргах бүрэн эрх ҮАБЗ-д  байхгүй.

Энэ хүн ийм шийдвэр гаргуулах бүү хэл ингэж ярьж буйгаараа хууль дээдлэх ёсыг үгүйсгэж, Үндсэн хууль дахь эрх мэдлийн хуваарилалт руу халдав. Түүнийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ зөрчсөн гээд Цэцэд дахиад өгөх хэрэгтэй” гэжээ.

Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэж хэлснээрээ Үндсэн хууль зөрчсөн үү
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.