| | USD/MNT 0₮

Д.Гантулга:Монголын ийм нийгэмд эрх чөлөөгүй, эд зүйлс дутуу тарчиг амьдарна гэдэг гунигтай шүү залуусаа, гадагшаа гарч амьдрал хөө

Өнгөрсөн баасан гарагийн орой Баянбүрдийн тойрог дээр нэг өндөр залуу таксинд суух гээд гар өргөөд зогсч байхаар нь авсан юм. Тэрбээр орж ирэнгүүтээ “Ээ тий тий их хүйтэн байна шүү, Хорооллын эцэс орно, энэ түгжрэл нь ямар аймар юм бэ” гэлээ. Ингээд ид түгжрэл дунд түүнтэй элдвийг ярилцлаа. Тэрбээр БНСУ-руу 2017 онд гэрээгээр ажиллахаар явжээ. Гэрээний хугацаа өнгөрсөн зун дууссан ч хараар буюу нууцаар ажиллаж байгаа саяхан баригдаад иржээ. Аргагүй эрхэнд баригдсан гэнэ. Түүнээс ч ирмээргүй л байлаа гэдгээ онцолсон юм. Түүнийг Д.Гантулга гэдэг бөгөөд одоо нас 28-тай аж. Ирээд 20 гаруй хонож байгаа тэрбээр “Цаашид энд яаж ажиллаж амьдрах юм бэ, тайван байхын эцэс алга. Нийгмийн энэ байгаа байдал, стресс бухимдал, ууртай хүмүүсийн болчимгүй үйлдэл, эдийн засгийн нөхцөл байдал, машины түгжрэл, утаа гээд тоочоод байвал түмэн зовлон байна. Ийм улс оронд сайхан амьдрал мөрөөдөөд ч хэрэггүй дээ” гэсэн юм.

-Хэзээ БНСУ руу явсан юм бэ, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байв?

-Би 2017 онд гэрээгээр бүртгүүлээд явж байсан. Солонгост айл нүүлгэдэг ажил хийдэг байлаа. Монгол мөнгөөр өдөрт 200-400 мянган төгрөгийн ажил хийдэг байлаа. Даанч гэрээний хугацаа дуусаад ирэх ёстой байсан ч мөнгөндөө шунаад ажилдаа хоргодоод нууцаар ажиллаж байгаад баригдаад хүрээд ирлээ. Гэхдээ жилийн дараа дахин виз мэдүүлнэ. Сая нисэх буудал дээр миний пасспорт дээр жилийн хугацаатай хар тамга дарсан байна билээ. Монголд төрийн ажил хөөцөлдөнө гэж ёстой бүтэхгүй юм. Төрийн алба хаагчдийн хүнд суртал ямар хэцүү юм бэ. Өнөөдөржин түгжирч яваад хоёр байгууллагаар орлоо. Хараар ажиллаж байгаад ирсэн хүн 10 гаруй сая төгрөг тушаана гэсэн.

-Хараар ажиллаж байгаад баригдсан хүнд ямар ч аврал боломж байхгүй юу?

-Би уг нь нэг сайн таньдаг солонгос эгчийгээ батлан даагчаараа аваад, мөн торгууль мөнгийг нь төлөөд ч хамаагүй үлдэе гэсэн ч ямар ч арга болсонгүй. Найраа байхгүй ирсэн. Гэхдээ зүгээрээ, жил гүрийчихвэл дахиад виз мэдүүлээд гарах боломж байгаа.

-Солонгос явахаасаа өмнө Монголд ямар ажил хийдэг байв. Монголын нөхцөл байдал хэр байна?

-Өө хэцүү байгааг нь өдөр бүр мэдээ мэдээллийн хэрэгслээр харчихдаг байсан. Гэхдээ ийм байна гэж ёстой төсөөлж бодоогүй ээ. Онгоцны буудал дээр буугаад гэртээ ирэхэд мэдээж сайхан л даа. Гэвч гадуур явж ажил төрөл хөөцөлдөхөд энэ түгжрэлийн асуудал. Дээр нь одоо ковидын энэ нөхцөл байдлаас болж ажлын байр их хумигдсан юм байна. Ажил олоод хийе гэж бодож байгаа ч санаанд таарах ажил олдох юмуу. Би Солонгос явахаасаа өмнө яг тогтсон ажилгүй байсан, хөдөө айлын мал ч маллаж байсан мөн машин угаалгын газарт ч ажиллаж байсан. Гэхдээ хураасан эд зүйл мөнгөгүй л өдөр хоногоо өнгөрүүлсэн чөлөөт ажилтан байсан. Нийгмийн даатгал ч төлж үзээгүй дээ. Тэгээд 2017 оны хавар гэрээгээр ажиллахаар материал бүрдүүлээд өгөөд тэнцэж байсан. Хэлний бэлтгэлд суугаад шалгалт өгөөд явж байсан. Ээ дээ, Монголд ажиллаж амьдрахад үнэхээр хүндрэлтэй хэцүү санагдаж байна шүү?

-Яагаад?

-Ийм нийгэмд, ийм эрх баригчид шийдвэр гаргагчтай улс оронд яаж баян цатгалан сэтгэл тэнүүн амьдрах юм бэ. Ийм болохоор залуус нь Монголоос дүрвэж харьд очиж, халтар ч хамаагүй ажил хийж өндөр цалин хөлс авч байгаа юм. Би бол боломж байвал идэр насны залуусаа амьдрал хөө, гадагшаа гарч ажилла, мөнгөтэй бол, юм үзэж нүд нээ. Ийм ядуу нийгэмд ямар ч боломжгүй нөхцөлд эрх чөлөө эд зүйлс дутуу гунигтай гутамшигтай амьдрах ёсгүй шдээ.  Илүү сайхан цаг иртэл залуу дээрээ гадагшаа гар. Сайхан амьдралаа бүтээчихээд эх орондоо ирж болно биздээ. Би бол залууст гадагшаа гар гэж зөвлөнө. Энд сард сая төгрөгийн цалинтай ажил хийгээд аж амьдрал дээшлэхгүй, цалингаас цалингийн хооронд амьдрах болно. Зарим нь ажил хийдэг хэрнээ өрнөөс өндийдөггүй биздээ. Үнэхээр гунигтай шүү.

-Чи таван жилийн хугацаанд Солонгос улсад ажиллаад хангалттай мөнгө хураасан уу?

-Би өөрийн гэсэн орох орон, унааны мөнгө хийх гэж явсан. Мөнгөө хураасаар байгаад өнгөрсөн жил хотод БЗД-т гурван өрөө байр авсан. Харин байр үнэд орохоос нь өмнө авсан байна билээ шүү. Сая машин авсан. Ямар ч байсан цаана нь амь амьжиргааны мөнгө үлдсэн байна. Үүгээрээ амьдралаа залгуулна, гэхдээ ажил төрөл хийнэ. Хүний олсон мөнгө дуусахгүй гэж байхгүй. Ядаж байхад юмны үнэ ямар үнэтэй юм бэ. Би эгчтэйгээ Баянзүрх худалдааны зах орж хүнсний зүйлс цуглуулахад хоёр цагаан тор дүүрэн юм бараг 200 мянга болсон. Эгч маань “Угаасаа ийм үнэтэй байдаг юм. Чи үнийг нь харж гаслаад яах вэ” гэхээр нь бүр хямар ч байгаа юм чинь. Солонгост бол нэг

-БНСУ-д ажиллаад ирсэн хүнийг их баян өнгөлөг гэж хараад байдаг юм шигээ?

-Тиймээ. Хэдэн найзууд ээлжлээд өдөр болгон дуудаж уулзая, орой шоудая гэх юм. Би тийм баян хүн бол биш. Гэхдээ найзуудынхаа хажууд бол хийдэг юмаа хийсэн дээ. Хэдэн орой л найзуудтайгаа уулзаж ярилцаж дарвилаа. Тэд маань өөрчлөгдсөн зүйл алга, өнөө л байдаг янзаараа байна. Үнэхээр амьдралаа өөрчилье сайжруулъя сайхан амьдралтай болъё гэж бодож байгаа бол боломжтой өртөг багатай, өндөр цалин хөлстэй газар руу хүн явах хэрэгтэй юм билээ шүү. Гэхдээ хүний нутагт ажиллаж байгаа баян байна гэж байхгүй. Тэнд бид яаж махийж ажиллаж хөдөлмөрлөж байж илүү цалин мөнгө олж байгаа вэ гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Надад бол амралтын нэг өдөр байдаг байсан. Тэгээд зургаан өдөр амралтгүй цайны цаггүй айл нүүлгэж, нүүлгэлтийн ажил хийдэг байсан. Тэнд мөнгө олж хурааж байгаа ч тансаглаж чаддаггүй. Зорилго тавьчихсан учраас тэр. Хамгийн хямд хоол, хамгийн хямдхан хувцсыг нь авч өмсдөг. Гэхдээ хөдөлмөр хүнийг бий болгож хөрөнгөтэй мөнгөтэй болгодог гэдгийг Солонгост л мэдэрлээ.

-Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа монголчууд хэр амь нэгтэй байдаг вэ. Зарим нь нэгнээ чадаад бариад өгчихдөг гэх юм билээ?

-Хүний нутагт манай монголчууд их муухай бие биедээ ханддаг шүү дээ. Яг төрсөн эгч дүүс ах дүүс биш л бол хөндий хоосон хувиа хичээсэн байдалтай байдаг. Хатуухан хэлэхэд нэгнийхээ муу муухайг үзэх, бас их атаархуу улс байдаг. Наанаа их сайхан хандаж харагдчихаад цаагуураа нэгнээ чадаад л явдаг нь үнэн.

-Гэр бүлтэй юу?

-Ганц бие. Орох оронгоо бэлдэж байгаад эхнэр авъя гэсэн зорилготой байсан. Одоо тэгээд хань болчих хүн байх байлгүй дээ. Нэг их яарсан юм алга. Гэрийнхэн маань эхнэр ав гээд шахаж шаардаад байгаа. Ээж, аавтайгаа, эгч нартайгаа хамт амьдардаг.

-Хөдөлмөрийн чадвартай залуус нь гадагшаа гараад явчихаар энэ улс орон хөгжихгүй байна гэж бас яриад байдаг юм билээ. Уг нь залуус нь улсаа өөд нь татаж хөгжүүлж сайхан авч явах ёстой биш үү?

-За яалаа гэж дээ, хүний хөдөлмөрийг үнэлдэггүй улс оронд хэн ч өөрийнхөө боломжийг хайна шүү дээ. Тэгээд ч мэдлэг боловсролтой, оюуны потенциал сайтай биш л бол улс орон хөгжүүлж, өөр нийгмийг бүтээнэ гэж байхгүй байх. Мань мэтийн хөдөлмөрийн насны хүмүүс бол ахиу цалинтай газар л ажиллахыг хүснэ. Түүнээс нээх улс орон хөгжүүлнэ, удирдана гэж ярих нь юу л бол доо. Энэ нийгмийн байгаа байдал, улс орныг удирдаж авч яваа удирдлагууд нэг л буруу юм шиг санагддаг. Үг үзэл бодлоо илэрхийлж, шударг ёс шаардаж байгаа залуусыг яагаад хууль шүүхээр айлгаад нухчин дарчихдаг юм бэ. Ийм байхаар ямар аавын хүү ээжийн охин зоригтой дуугарч тэмцэх юм бэ. Сайхан нийгмийг бүтээхийн төлөө тэмцэж, увайгүй луйварчдын алдаатай бодлого шийдвэр, авлига хээл хахуулийг нь илчилж байгаа хэсэг залуусыг би харсан, тэднийг бол дэмжиж байгаа. Зөв тууштай байх хэрэгтэй. Гэхдээ л эрх чөлөөг нь хязгаарлаад байвал хэн дуртай байх юм, харин ч зугтана, цаашлаад бүр дүрвэнэ биз дээ. Нийгмийн дуу хоолой болж байгаа тэмцэгч ирээдүй үе, залуусыг бол би дэмжинэ. Залуу хүмүүсийн хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ.

-Одоо Монголд ажил олж хийх үү?

-Тэгнэ дээ, хамгийн гол нь гайгүй цалинтай ажил олдох болов уу. Зүгээр байж байхаар таван цаасны ажил хийнэ. Хар ажилд дадсан хүн ажил голохгүй.

 

Ийм нийгэмд, ийм эрх баригчид шийдвэр гаргагчтай улс оронд яаж баян цатгалан сэтгэл тэнүүн амьдрах юм бэ. Ийм болохоор залуус нь Монголоос дүрвэж харьд очиж, халтар ч хамаагүй ажил хийж өндөр цалин хөлс авч байгаа юм. Би бол боломж байвал идэр насны залуусаа амьдрал хөө, гадагшаа гарч ажилла, мөнгөтэй бол, юм үзэж нүд нээ. Ийм ядуу нийгэмд ямар ч боломжгүй нөхцөлд эрх чөлөө эд зүйлс дутуу гунигтай гутамшигтай амьдрах ёсгүй шдээ. Илүү сайхан цаг иртэл залуу дээрээ гадагшаа гар. Сайхан амьдралаа бүтээчихээд эх орондоо ирж болно биздээ. Би бол залууст гадагшаа гар гэж зөвлөнө. Энд сард сая төгрөгийн цалинтай ажил хийгээд аж амьдрал дээшлэхгүй, цалингаас цалингийн хооронд амьдрах болно. Зарим нь ажил хийдэг хэрнээ өрнөөс өндийдөггүй биздээ. Үнэхээр гунигтай шүү.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.