| | USD/MNT 0₮

Өнөөдөр орой хамгийн урт үргэлжлэх сарны хагас хиртэлт тохионо

Өнөөдөр орой манай дэлхийн дагуул сар хагас хиртэх гэж байна. Нар, сар хоёрын дунд дэлхий байрласны үр дүнд сар хиртдэг. Ингэхдээ дэлхийн агаар мандал нарны гэрлийн хөх туяаг сарниулдаг тул сар зэсэн улаан өнгөтэй харагддаг юм. Сүүлийн 580 жилийн түүхэнд хамгийн удаан үргэлжлэх сарны хагас хиртэлт болох гэж байгаагаараа өнөөдрийн үйл явдал онцлог болж байна.

Умард Америк тив, Өмнөд Америк тивийн зарим хэсэг, Австралийн зүүн эрэг, Японы арлууд болон Номхон далайн арлуудаас өнөөдөр оройн хиртэлт бүрэн ажиглагдах ба эхлэхээсээ дуусах хүртэл нийтдээ 6 цаг гаруй хугацаанд үргэлжлэх юм. Харин сар дэлхийн сүүдэрт бүрэн халхлагдах хугацаа нь 3 цаг, 28 минут, 24 секунд үргэлжлэх ажээ. Энэ үед сарны бараг 99 орчим хувь дэлхийн сүүдэрт орох юм.

Хамгийн сүүлд 1440 оны хоёрдугаар сарын 18-нд өнөөдрийнхөөс урт хагас хиртэлт болоход сар дэлхийн сүүдэрт 3 цаг, 28 минут, 46 секунд халхлагдаж байжээ. Өнөөдрийнхөөс урт үргэлжлэх дараагийн хагас хиртэлт 648 жилийн дараа буюу 2669 оны хоёрдугаар сарын 8-нд тохиоход 3 цаг, 30 минут, 2 секунд үргэлжлэх юм байна.

Монгол улсын нутаг дэвсгэрээс ажиглавал энэ удаагийн хиртэлт нийтдээ 2 цаг, 55 минут орчим хугацаанд хэсэгчилж харагдах ажээ. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад тусгай дуран хэрэглэхгүйгээр харахад хэцүү байх магадлалтай гэнэ. Улаанбаатарын цагаар өнөөдөр орой 5:08 цагаас сар мандахдаа хагас хиртэлттэй харагдах ба 5:11 цагт хиртэлт оргилдоо хүрэх юм байна. Хиртэлт аажмаар багассаар 08:03 цагт бүрэн дуусах ажээ.

Өнөөдрийн хиртэлтээс өмнөх энэ зууны хамгийн удаан үргэлжилсэн сар хиртэлт 2018 онд тохиоход дэлхийн сүүдэрт бүрэн халхлагдах хугацаа нь нэг цаг, 43 минут үргэлжилсэн юм байна. Ирэх оны тавдугаар сарын 15-нд тохиох сарны бүтэн хиртэлт эхлэхээсээ дуусах хүртэл нийтдээ таван цаг орчим хугацаанд үргэлжлэх ажээ.

Эх сурвалж: NASA.gov

 

Өнөөдөр орой манай дэлхийн дагуул сар хагас хиртэх гэж байна. Нар, сар хоёрын дунд дэлхий байрласны үр дүнд сар хиртдэг. Ингэхдээ дэлхийн агаар мандал нарны гэрлийн хөх туяаг сарниулдаг тул сар зэсэн улаан өнгөтэй харагддаг юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.