| | USD/MNT 0₮

Б.Долгион:Нийтийн сүлжээнд "Наадуулаа эмнэлэгт байлгаж яах гээд байгаа юм, өвчин тараахаас өмнө аваачаад шатаагаад хаяаач" гэж бичсэнийг хараад эмзэглэсэн

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улс анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн дунд хатуу хөл хорио тогтоож байв.

Тодруулбал, өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын хувьд анх удаа олон нийтийн дундаас буюу дотоодод "Ковид-19" халдвар илэрч, арваннэгдүгээр сарын 10-ны оройн 23.20 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, үүссэн нөхцөл байдлыгг олон нийтэд мэдээлж, 11 сарын 11-ны өглөө нь хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж байлаа. 

Хэдий анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрч байсан бол дотоодын анхны халдвар Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн, том тэрэгний жолооч, тээвэрчин Б.Долгионоос илэрч гэр бүлийнхэнд нь халдвар тархсан байв.

Тухайн жолооч Б.Долгион нь хилийн боомтоор Монголд орж ирснээсээ хойш тусгаарлалтад байж байгаад гарсныхаа дараа халдвар авснаа мэдсэн бөгөөд эхнэр болон аав, ээж нь коронавируст халдварт өртсөн юм. Тухайн үед дээрх иргэдийн явсан маршрутыг олон нийтэд гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулж, тусгаарлах ажлыг шат дараатай зохион байгуулж ажилласан байдаг. Тухайн үед тээврийн жолоочийг үзэн ядаж гадуурхаж, нийтэд нийгэмд жигшүүлж байсан.

Гэвч дотоод дахь халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн энэ өдрөөс хойш нэг жилийн хугацаанд Коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан иргэдийн тоо нэг сая давж,  халдварын улмаас Монгол Улс 1800 иргэнээ алджээ.

Тэгвэл нэг жилийн өмнө хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болоод байсан жолооч Б.Долгион тухайн үед юу болсон талаар VAST content-ийн "Улаан шугам" ярилцлага өгчээ.

-Дотоод анх “Хархан нүдэн” тоглолт үзсэн хүнээс халдвар илэрлээ гэж шуугиад хөл хорио тогтоосон. Тухайн үед яг юу болсон бэ?

-2020 оны 11 сарын 07-ны үед “Хархан нүдэн” тоглолт болж байсан. Би хойно тусгаарлалтад ороод гарч ирээд манай хамаатны таньдаг дүүгийн тоглолт болно гэж урилга өгсөн. Тэгээд очиж үзсэн. Тэндээс өвчин аваад гарч байна гэж мэдээгүй. Тусгаарлагдах байрандаа 21 эмчийн хяналтад байгаад шинжилгээ аваад хариу сөрөг тул гар гэсэн. Тэгээд гэртээ гарч ирээд 2 хонож байтал дахин шинжилгээ аваад ковид илэрсэн гээд бөөн юм болсон.

-Хойноос ачаа тээвэрт явж ирээд хаана тусгаарлагдсан байсан бэ?

-Хойно Орос руу 2020 оны 4 сарын 12-нд явж хилээр гарсан. 10 сарын 16-нд Монголдоо орж ирсэн. Тэгээд Энхсаранд тусгаарлагдсан. Анх орохдоо шинжилгээ өгсөн. Гурван удаа шинжилгээ өгсөн сөрөг л байгаад байсан. Тэгээд тусгаарлагдаж гараад 5 хоногийн дараа шинжилгээ авахад ЭЕРЭГ хариу гарсан.

-Таныг тусгаарлалтаас гарахад гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ёстой гэж хэлээгүй юу?

-Тэр үед гэрийн тусгаарлалтын хугацаа цуцлагдсан байсан. УОК-иос гэрийн тусгаарлалт байгаа юмуу гэж асуухад байхгүй болсон гэж хэлсэн. Тусгаарлах байранд 21 хоносон бол гэртээ чөлөөтэй гарч орж болно гэсэн. Намайг гарсны маргааш нь тэр сувилалд ковид гарсан гээд тэндээс гарсан хүмүүсийг хөөж явж шинжилгээ авсан юм шиг байна билээ. Шөнө нь намайг ХӨСҮТ-ээс аваад явсан.

-Танай гэр бүлийнхнээс халдвар илэрсэн билүү?

-Хоёр хүүхдээс илрээгүй, эхнэрээс илэрсэн гээд аваад явсан. Гэхдээ манай бага банди 2 настай ХӨСҮТ-д 35 хоног хэвтэх хугацаанд шинжилгээ авахад дандаа сөрөг хариутай байсаар эмнэлгээс гарсан.

-Та нар шинжилгээнийхээ хариу харсан уу. Хариу эерэг гарлаа гэж анх яаж мэдэгдсэн бэ?

-Бид нарт үзүүлээгүй шүү дээ. Гэрт өглөө 10 цагийн үед ирж шинжилгээ аваад үдээс хойш гарна гэсэн. Тэгээд шөнө ХӨСҮТ-ийн алаг тэрэг ирээд аваад явсан. Утсаар мэдэгдээгүй, шууд хүрээд ирсэн. Эмнэлэгт хэвтсний дараа шинжилгээнийхээ хариуг харъя гэтэл огт харуулаагүй. Шинжилгээний хариуг үзүүлэх боломжгүй гэдэг.

-Халдвартад хэвтсэний дараа биед чинь ямар нэг өөрчлөлт шинж тэмдэг илэрсэн үү?

-Миний хувьд шинж тэмдэг огт илрээгүй. Амт үнэргүй болдог гэсэн би лав тийм зүйлтэй тулгараагүй. Манай эхнэрт ч шинж тэмдэг илрээгүй. Нэг өрөөнд тавуулаа байсан. ХӨСҮТ-ээс гарсны дараа дахиад зочид буудалд аваачиж 14 хонуулж байсан.

-Эмнэлэгт хэвтэж байхад нь ямар эмчилгээ хийсэн бэ. Тухайн үед нэг хүнийг 8 сая төгрөгөөр эмчилж байсан гэдэг?

-С, Д витамин, дархлаа дэмжих лаа өгсөн. Хоёр тан өгсөн тэрийг нь бол би огт уугаагүй. Манай ээж л тэр танг уусан. Бид нараас төлбөр мөнгө гэж аваагүй. Зочид буудалд тусгаарлагдах ч мөнгө аваагүй. Харин Энхсаран сувилалд өдрийн 50 мянган төгрөгөөр тусгаарлагдаж, 21 хоноход сая 50 мянган төгрөг тушаасан. Энэ мөнгийг бол компаниас төлсөн.

-Тухайн үед таныг нийт, нийгэм даяар жигшиж харааж байсан. Одоо үеийг харахад танд юу бодогдож байх юм?

-Би тэр үед халдвар аваагүй байх гэж боддог. Намайг ХӨСҮТ-д очиход миний таньдаг 2-3 жолоочийг Энхсарангаас аваачаад хэвтүүлсэн байсан. Миний мэдээллийг олон нийтэд цацахад эмзэглэсэн. Миний иргэний үнэмлэхний зураг, регистрийн дугаар, манай эхнэр ээж аав гээд бүгдийг нь зарласан. Эмнэлэгт утастайгаа хэвтсэн болохоор фэйсбүүк интернэт орчноос олж харсан. Миний мэдээллийг олон нийтэд цацахаар ЭМЯ болон онцгой байдлын албаныхантай хэрүүл хийж байсан. Хүний нууцыг хуулиар хамгаалах ёстой биздээ.

-Анх хаанаас таны хувийн мэдээллийг олон нийтэд цацсан юм бол?

-Мэдэж байгаа хүн олдоогүй. Манайх цацаагүй, манайх цацаагүй гээд арьсаа хамгаалдаг юм билээ. Би тагнуулын байгууллага руу хүртэл утасдаж асууж лавласан. Тэр мэдээлэл цацсан хүмүүсийг нь олж ажлаас нь хариуцлага тооцсон гэж хэлсэн.

-Гэр бүлээрээ ковид туслаа гэхэд эргэн тойрныхон болон найз нөхөд нь яаж хүлээж авсан бэ?

-Эмнэлэгт олон хонож гарч ирсэн болохоор найз нөхдөөсөө санаа зовно, эмээнэ. Гэхдээ хүмүүстэй харьцахаа байчихдаг юм билээ. Хүмүүс ч зайгаа бариад эхэлсэн. Их сонин юм билээ. Нийтийн сүлжээнд “Наадуулаа наанаа байлгаж яах гээд байгаа юм бэ, өвчин тараахаас өмнө аваачаад шатаагаад хаячихаач” гэж бичсэн байхыг хараад эмзэглэсэн. Гэхдээ надруу дайрч, хувийн чат руу утас руу элдэв дайралт бол ирээгүй. Өөрөө их тайван хүн болохоор нэг их сүртэй хүндээр хүлээж аваагүй юм.

-Таны явсан маршрут их сонин юм билээ. Караокед ороод дараа нь зочид буудалд орсон гэдэг. Үнэн юмуу?

-Миний явсан маршрутыг онцгойгоос гаргасан гэсэн. Тэрнээс болж онцгой дээр хүртэл бөөн хэрүүл болсон. Би хөл хорионоос өдөр 13 цагт гараад 17 цагт гэртээ очсон. Энэ хооронд олон зочид буудлаар орж хэсэх боломж байсан уу гэж асууж уурлахад “таны маршрут буруу гарсан байна билээ уучлаарай” гэсэн. Хавьтлуудын явсан газар гээд яриад байдаг юм билээ. Гараад 2-3 хонож байхад намайг бүр орон нутгуудаар явсан байна гэж бичиж мэдээлсэн байдаг. Хаагуур нь ямар хугацаанд явах билээ дээ. Тийм боломж байхгүй шүү дээ. Тэр үеийн маршрут худлаа тавигдсан.

-Эхнэртэйгээ хэзээ нь уулзсан юмбэ?

-Би хорионоос гараад ирэхэд эхнэр ажлаасаа бууж байсан. Эхнэр Хилчин дээр ажилладаг байсан. Ажлаас нь аваад бид хоёр гэртээ харьсан юм.

-Таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдахаар эхнэр нь хэрхэн хүлээж авсан бол?

-Манай хүн их даруухан. Тийм мэдээлэл хараад таг дуугай нам болсон. Сэтгэл санааны хувьд их асуудалтай тулгарасан байх. Бид хоёр хоорондоо маргалдаагүй, харин харилцан ярилцаж ойлголцсон. Хаанаас ямар хүн худлаа мэдээлэл цацаад байна гэдгийг хайж утсаар ярьж байж учрыг нь олсон. Аль болох л тайван байсан. Гаднаас янз бүрийн дайралт ирж байхад дотооддоо дайтаад байвал бараг эмнэлгээс гарч ирэхгүй байсан байх.

-Тухайн үед манайхан их цочир хүлээж авсан. Дотоодын халдвар жолоочоос илэрлээ гэхэд?

-Надаас халдвар авсан гэх 10 хүн байсан. Иргэн Д гэдэг нэртэй болчихсон. Энэ хүнээс 10 хүн л ковид авсан байна гэж мэдээлсэн. Гэтэл одоо үед өдөрт хэдэн мянгаараа илэрч байгаа билээ, бодох л асуудал.

-Халдвар илэрсэн гэх үеийг эргээд бодоход хүнд байсан уу эсвэл зүгээр сорилт байсан уу?

-Хүн болгонд тулгараад байх асуудал биш байх. Над дээр ирсэн хүнд сорилт байсан юм болов уу. Би өөрийгөө халдвар аваагүй, тусаагүй л гэж бодож байгаа. Нийгмийн сүлжээ их аюултай юм билээ. Үнэн зөв мэдээлэл цацаж, жиргэдэггүй юм билээ. Ганц нэг бодит мэдээлэл байхад 10 худал мэдээллийг яаж хурдтай тарааж байгаа билээ. Эв эрүүл хүнийг сэтгэл санаагаар унагааж үхүүлж мэдэхээр л хүнд үеийг дайрсан. Хүн чинь их боддог юм билээ. Тусгаарлалтын хэд хоногт “Би нийгэмд гарлаа гэхэд намайг яаж хүлээж авах бол юу гэж бодох бол” гэж айж эргэлздэг юм билээ.

 Эх сурвалж:VAST content-ийн "Улаан шугам"

Эмнэлэгт олон хонож гарч ирсэн болохоор найз нөхдөөсөө санаа зовно, эмээнэ. Гэхдээ хүмүүстэй харьцахаа байчихдаг юм билээ. Хүмүүс ч зайгаа бариад эхэлсэн. Их сонин юм билээ. Нийтийн сүлжээнд “Наадуулаа наанаа байлгаж яах гээд байгаа юм бэ, өвчин тараахаас өмнө аваачаад шатаагаад хаячихаач” гэж бичсэн байхыг хараад эмзэглэсэн. Гэхдээ надруу дайрч, хувийн чат руу утас руу элдэв дайралт бол ирээгүй. Өөрөө их тайван хүн болохоор нэг их сүртэй хүндээр хүлээж аваагүй юм
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.