| | USD/MNT 0₮

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын хэргийг прокурорт буцаав

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийлээ. Нийслэлийн Прокурорын газраас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан, уг хэргийг давтан үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн энэ сарын 5-нд дээрх шүүхэд шилжүүлсэн юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн гурван жил гаруй шалгасан уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар хянаад хэргийн бүрдэл хангагдаагүй гэх үндэслэлээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Ийнхүү буцаасан нь шүүх, прокурорын хооронд шидэлцэж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах арга хэрэглэж байхыг үгүйсгэхгүй юм.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй уг хэрэгт хошууч генерал Т.Бадралаас гадна ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар тооцоод буй билээ. Уг нь прокурорт хэргийг шилжүүлсний дараа хошууч генерал Т.Бадралын өмгөөлөх багийнхан НПГ-ын хяналтын, орлогч, ерөнхий прокурорт, эцэстээ УЕПГ-т хүртэл гомдол гаргаж багагүй хугацааг авсан юм. Мөн яллагдагч, хошууч генерал Т.Бадралын албан тушаалыг түдгэлзүүлж шалгаагүй учраас ажлаар орон нутаг, гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар хэргийн хамтаар шүүхэд шилжүүлэх боломж хараахан бүрдэхгүй байсан билээ.

АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг 17 тендер хууль бусаар шалгаруулснаас төрд хохирол учруулсан хэмээн буруутган шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад найман үйлдэл нь тогтоогдсон гэдэг. Тухайлбал, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга агсан Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй авчээ. Мөн ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааш бариулсан. ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэргээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдэл нь нотлогдсон хэмээн мэдээлж буй билээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын хэргийг прокурорт буцаав
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.