| | USD/MNT 0₮

О.Баасанхүү:Өөрийгөө намын даргаар сонгогдсон гэж бодож байгаа О.Цогтгэрэл буулт хийж, огцрох ёстой

АН өнгөрсөн баасан гарагт Онц их хурлаа хийж намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргаа батамжилж томилсон билээ. Харин өчигдөр О.Цогтгэрэл тэргүүтэй удирдлагууд мэдээлэл хийж “АН шинэчлэгдсэн одоо дотоод хэрүүл маргаан байхгүй. Цаашид ажил хэрэгч улстөрийн хүчин байхаа мэдэгдэж байна” гэсэн юм.

Тэгвэл С.Эрдэнийн талынхан буюу АН-ын дарга М.Тулгат, намын Хуульзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү тэргүүтэй гишүүд Онц их хуралд оролцоогүй билээ. Ийнхүү хоёр талын байр суурийг хүргэх зорилготой АН-ын Хуульзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүгээс Онц их хурлын талаар болон цаашид хэрхэх талаар ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гарагт АН-ын Онц их хурал өргөн бүрэлдэхүүнтэй боллоо. Гэвч та бүхэн энэ хурлыг хүчин төгөлдөр биш гэж үзэж буй. Харин намын дарга болсон О.Цогтгэрэл тэргүүтэй удирдлагууд өчигдөр мэдээлэл хийсэн. Хурлын талаар таны байр суурь?

-Энэ хурлыг зарлагдахаас өмнө АН-ын дарга М.Тулгаттай хамт хэвлэлийн хурал хийсэн. Аливаа хурал ямар үр авчрах вэ гэдэг байр суурьтай байсан. Сая болсон хурлыг ард түмэн юу гэж бодож байгаа вэ гэвэл их эвлэрлийн хурал гэж ойлгосон. Хэвлэлийн хурал хийхдээ “Асуудал юунд байна түүнийгээ шийдвчихвэл эвлэрч болно” гэсэн.

Гэвч АН-ын дарга гэж өөрийгөө нэрлээд буй О.Цогтгэрэл Дүнжингарав зах дээр суугаад 3-4 хүнтэй өрсөлдөж өөрийгөө дарга болсон гэж яриад, өөрийгөө яллаа гэсэн. Энэ хурлаас ямар шийдвэр үр дүн гарсныг үнэндээ ойлгоогүй. Хүмүүстэй өрсөлдөөд дарга болчихов уу, эсвэл өмнөх Амартүвшин тэргүүтэй хүмүүсийг улам баталгаажуулав уу. Журмын нөхдүүд минь ээ, ийм хошин шог битгий хийгээчээ.

-АН-ын дотоод асуудал шүүхийн маргаантай байгаа. Гэвч Онц их хуралд оролцсон лидерүүд намын дотоод асуудлыг шүүх эрх баригчид шийдэхгүй гэдгээ хэллээ?

-Хуучин Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж хурал дээр “АН-ын даргыг намын гишүүд нь шийддэг болохоос шүүх шийдэхгүй юмаа” гэж хэлсэн. Аливаа нам үүсгэн байгуулагдах гэж байгаа бол нийт гишүүдийн хурал хийгээд, гишүүдээсээ намын даргаа сонгоод тэгээд даргаа УДШ-д өгөхөөр нийт гишүүдийн шийдвэрийг баталгаажуулах ёстой. Намын даргын асуудлыг шүүх шийдэх нь гарцаагүй. 

-Дээд шүүхээс намын дотоод асуудлаа шийдвэрлэж цэгцлээд нэг хүнийг даргаар сонгоод ир гээд асуудлыг буцаасан байгаа. Гэвч хоёр толгойтой, хоёр даргатай нам болж маргаанаа шийдвэрлэхгүй байсаар өдий хүрлээ. Яг яах ёстой юм бэ?

-2020 оны долдугаар сард АН-ын дарга С.Эрдэнэ намын тамгаа Ц.Туваанд өгөөд өөрийгөө солих үүргийг хүлээлгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл наймдугаар сард шинэ намын даргыг тавь гэсэн. Харамсалтай нь энэ үйл ажиллагааг огт хийгээгүй учраас тухайн хүний итгэмжлэлийг хүчингүй болгосон. Тамгаа өгөхгүй байсан учир хүчин төгөлдөр бус гэж тооцуулаад шинэ тамга аваад тухайн тамгаараа намын их хурлаа хийсэн. Ингэж хийхдээ зүгээр нэг хүний аваачиж тавиагүй. Нэр бүхий лидерүүд өрсөлдөөд олонхийн саналаар М.Тулгат гарсан учир нэрийг Дээд шүүхэд өгсөн. Гэвч Үндэсний бодлогын хороодын гишүүд нь зэрэгцэж хурал хийх, зарим нь бүр тусдаа хурал хийсэн. Хоёрдугаарт хүчингүй болсон тамгаа хүчинтэй байлгахын тулд шүүхэд хандсан. Шүүхэд хандсан асуудал мэдээж маргаантай. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд маргаантай асуудал нь юу байгаа юм бэ, үүнийгээ ярилцая уулзая гэхэд нөгөө тал шууд Онц их хурал гэж зарлаад  энэ 11 сарын 5-нд хурал хийлээ. Гэтэл тамга байхгүй, Үндэсний бодлогын хорооны хүчин төгөлдөр гишүүд байхгүй. Намын гишүүдийг 21 аймгаас асар их зардлаар авчирсан.

-Танай зүгээс ирэх арванхоёрдугаар сард их хурал хийнэ гээд байгаа. Яг хийх юмуу. Хуульзүйн асуудал хариуцсан хүний хувьд АН-д үүсээд байгаа асуудал маргааныг яаж амархан шийдвэрлэх ёстой вэ?

-Манайх намын их хурал хийхээр одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Яагаад гэвэл өмнө хийсэн хурал хууль ёсны хүчин төгөлдөр. Би тодорхой хэлдэг. Анх долдугаар сард тамга тэмдгээ хүлээлгэж өгсний дараа Ц.Туваантай уулзаж асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах ёстой. Би бол улстөрийн намаар мэргэшсэн цорын ганц хуульч. Тийм учраас асуудлаа Нүрзэд Туваан гэх мэт хүмүүст хэлэхэд харамсалтай нь тоож аваагүй. О.Цогтгэрэлд ч энэ асуудлыг тайлбарлахын тулд хэд хэдэн удаа утсаар ярьж уулзая гэхэд урдаас янз бүрийн тайлбар шалтаг хэлдэг. Хуульзүйн ямар ч ойлголтгүйгээр шийдвэр гаргадаг. Нөгөө тал өөрсдөө Захиргааны хэргийн шүүхэд асуудал үүсгэхгүйгээр өргөдлөө татаж аваад нэг тугандаа ороод шинээр сонгогдсон М.Тулгат гэж даргаа баталгаажуулаад явчих ёстой. Гэвч тусдаа нэг нам болох гээд ядаад байх шиг. Хов жив сонсоход тусдаа АН буюу Анхны ногоон нам болох гээд байгаа юм шиг бор шувуу нисээд байна билээ. Энэ намыг хагалган бутаргах сул сонирхол байна уу гэдэгт гайхаж байна.

-Та яагаад Онц их хуралд оролцоогүй юм бэ?

-Би тэр хуралд очсон бол зодуулах байсан байх. Яагаад гэвэл үг үзэл бодлоо илэрхийлсэн Д.Мөнх-Эрдэнэ гэж залууг зодоод амбаардаад гаргасан шүү дээ.

-Д.Мөнх-Эрдэнийг хурал дээрээс хөөж гаргах шалтгаан юу байсан юм бол?

-Ардчилал гэдэг таны хэлж байгаа үг надад таалагдахгүй ч таны хэлэх үгийг бий болгохын төлөө би тэмцэнэ гэсэн утгатай. Та ямар шашин, намын харьяалалтай байхаас үл хамаарна. Итгэл үнэмшлээрээ намаа сонгосон нь буруутай юм шиг. Д.Мөнх-Эрдэнэ бол зоригтой. Тэр хүн эрх баригч хүмүүсийг гэмт хэргийн шинжтэй баримтыг нь гаргаж нэлээд хүчтэй шүүмжилсэн. Шүгэл үлээгч. Харин нөгөөтэйгүүр АН-ын эв нэгдлийн төлөө тэр хүн хуралд очсон. Гэтэл дэмжихгүй харин ч хөөгөөд гаргасан нь харамсалтай. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. Тэр хөөж, ялгаварлан гадуурхсан хүмүүс гарч ирж уучлалт гуйх ёстой.

-Хүч түргэмийлсэн шийдвэртэй хурал боллоо гэж хэлэх үү?

-Ингэж хэлэхээс илүүтэй Дүнжингарав захын гадаа гарсан шийдвэрийг баталгаажуулахын тулд жаахан тийм болчимгүй үйлдэл хийлээ гэж харсан. М.Тулгат дарга болон жирийн гишүүд ч энэ намыг эв нэгдэлтэй байлгахын төлөө өөрөөсөө хамаарсан бүх зүйлийг хийхэд бэлэн байхад О.Цогтгэрэл өөрийгөө намын дарга гэж баталгаажууллаа. Хэд хэдэн ноцтой алдаа гаргасан. Өмнөх нарийн бичгийн дарга нь яагаад солигдож байгаа нь ойлгомжгүй. Тоглоомын нарийн бичгийн дарга байсан уу. Хоёрдугаарт намын дарга О.Цогтгэрэл юм бол бусад өрсөлдөгч нараа юу гэж үзэж байгаа юм бэ. Тэр өрсөлдөгчид нь сая хуралд үг хэлэх эрхтэй шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Тоглоомын улс төр хийхэд хоёр алхахгүй баригддаг юм.

-О.Цогтгэрэл өчигдөр “АН шинэчлэгдсэн, одоо дотоод хэрүүл маргаан байхгүй, урдах ажлаа хийгээд явна” гэсэн. Та хүлээн зөвшөөрч болохгүй юу?

-Тэр хүмүүсийн өмнөөс бодол дээр дүгнэлт хиймээргүй байна. Би хууль ч хүн, аливаа зүйлийг үгээр биш үр жимсээр нь гэж үг бий. Бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх юм бол АН шинэчлэгдлээ гэдэг. Би найман жил УИХ-д суусан парлементын хүн. Намын шинэчлэлийг удирдаад явж байсан улстөрч туршлагатай хуульч хүн. Эцсийн шийдвэрийг хуульчид гаргадаг. Гэвч тэр хүмүүс яагаад над дээр ирж уулзахгүй байгаа юм. Тэдний хуульчдын яриад байгаа зүйл нь ямар ч үндэслэлгүй. Хуульч дүү нартаа хандаад хэлэхэд нам шинээр бүртгүүлэх гэдэг чинь өөр асуудал. Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулна гэдэг бас өөр ойлголт. Процесс бол хийгдээд дууссан, одоо албажуулах асуудалд битгий саад учруулаачээ. Заавал саад хийх ямар ашигтай юм. Хэн дарга байх нь чухал юмуу. С.Эрдэнэ гэж хүнийг солих гээд байсан бол солигдлоо. Дараагийн хүн нь М.Тулгат байхаар яагаад болдоггүй юм бэ. Залуу боловсон хүчин. УИХ-ын эрхэм гишүүн О.Цогтгэрэл аливаа зүйлд хүлээцтэй хандахгүй ингэж мухайрлаж болохгүй. Бид хуулийн дагуу л явна, бууж өгөхгүй.

-Таны хувьд М.Тулгатаа Дээд шүүхэд бүртгүүлж албажуулах ажлыг эрчимжүүлнэ гэсэн. Энэ талаараа?

-Бид нар яг ингэнэ тэгнэ гэхээсээ илүүтэй эхлээд шүүхийн шийдвэрээ баталгаажуулаад авъя. О.Цогтгэрэлийн талынхан албан ёсоор буулт хийгээсэй. Үнэхээр эв нэгдлийг эрхэмлэж, АН-аа дэмжье гэж байгаа бол М.Тулгатыг дэмжиж, шулуухан хэлэхэд өөрсдийгөө сонгогдсон гэж бодож байгаа бол огцрох хэрэгтэй. Намын нийт гишүүд М.Тулгатаараа тугаа бариулаад урагшаа явъя. Нэг далбаа нэг туган дор орж явах ёстой. Яагаад гэвэл хууль нь гэрчилгээ нь, шийдвэр нь манай талд байна. Ажлаа хүлээлгэж өгсөн гэдгээ зөвшөөрч хоёр удаа Дээд шүүх рүү бичиг явуулсан хүн нь тодорхой байгаа шүү дээ. Бид хэдэн удаа ч бичиг явуулж болно. Гэвч нөгөө талаа хүлээж, зэрэгцэж яриад байгаач гэж хэлсэн. Зарчмаараа энгийнээр харахад бүх юм ойлгомжтой. Хүний олон хүнээ барьж идэх гээд өдөр бүр мөнгөөр дарж алах гээд байдаг юмуу, хаашаа юм бүү мэд. Процессын маргаан л гаргамааргүй байгаа юм.

-Сарын өмнө АН-ын хоёр дарга болон гишүүд дэмжигч нөхдүүд зэрэгцэж суугаад зөвшилцөл ойлголцолд хүрээд эв нэгдлийн хурлаа хийх товоо тогтсон гэж ойлгосон. Гэтэл яагаад ийм байдал үүсэв?

-Хурал хийх хугацаа маш давчуу байлаа. Хуульзүйн талаасаа бол манай талд хийх юм байхгүй. Бүх юм болсон. Зөвхөн маргаан үүсгээд байгаа асуудлаа хэлэлцэж чадахгүй байсан. Давуу байдлаа ашиглаж ард иргэдийг төөрөгдөлд оруулж ирсэн. Тиймээс бид хойшлуулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй.

-Та бол О.Цогтгэрэлийн талынхныг буулт хийж ирээ, буруу зөв ярилцаж нэг тал болъё гэнэ. Гэвч О.Цогтгэрэл нь “нөгөө талд байгаа нөхдүүдэд намын үүд хаалга нээлттэй, урьж байна” гэсэн мэдэгдлийг хийсэн. Хоёр талд ингээд тэрсэлдээд зөрчилдөөд байх юмуу?

-Тэд нар урьж болно. Гэвч үүдээр нь орохоор зодуулж байгаа биздээ. Би ямар азаар тэр хуралд очоогүй юм бэ. Хэрэв очсон бол зодуулах байж дээ. Уг нь би очъё гэж бодсон. Хуульзүйн талаас нь мэдээлэл өгье гэж бодож байсан даа.

Дахин хэлэхэд ухаантай тайван уужуу байж, соёлтой энэ нийгэмд зөв жишиг тогтооё гэж бодож байгаа. Хэн нэгэн АН-д санаа зовж байгаа бол миний үгийг анхааралтай сонсооч. С.Эрдэнэ гэж хүн өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн гэрчилгээнд ямар нэг өөрчлөлт ороогүй учраас энэ намыг сонгууль руу оруулсан. С.Эрдэнэ дарга М.Тулгат гэж хүнийг сонгогдсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бүх талынхан тэр дундаа О.Цогтгэрэл нар “М.Тулгат намын дарга биш, би түүний оронд дарга болъё” гэж хэлээгүй л юм бол албан ёсоор буулт хийгээд, үүсээд байгаа хэрүүлээ зогсоогоод, бүгдээрээ сайн дураараа хэвлэлийн хурал хийж М.Тулгатыг намын дарга гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэвлэлийнхэн ч бас М.Тулгатыг яагаад дарга болгохгүй байгааг тэднээс асууж өгчээ. 

О.Сайхан 

Тэр хүмүүсийн өмнөөс бодол дээр дүгнэлт хиймээргүй байна. Би хууль ч хүн, аливаа зүйлийг үгээр биш үр жимсээр нь гэж үг бий. Бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх юм бол АН шинэчлэгдлээ гэдэг. Би найман жил УИХ-д суусан парлементын хүн. Намын шинэчлэлийг удирдаад явж байсан улстөрч туршлагатай хуульч хүн. Эцсийн шийдвэрийг хуульчид гаргадаг. Гэвч тэр хүмүүс яагаад над дээр ирж уулзахгүй байгаа юм. Тэдний хуульчдын яриад байгаа зүйл нь ямар ч үндэслэлгүй. Хуульч дүү нартаа хандаад хэлэхэд нам шинээр бүртгүүлэх гэдэг чинь өөр асуудал. Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулна гэдэг бас өөр ойлголт. Процесс бол хийгдээд дууссан, одоо албажуулах асуудалд битгий саад учруулаачээ. Заавал саад хийх ямар ашигтай юм. Хэн дарга байх нь чухал юмуу. С.Эрдэнэ гэж хүнийг солих гээд байсан бол солигдлоо. Дараагийн хүн нь М.Тулгат байхаар яагаад болдоггүй юм бэ. Залуу боловсон хүчин. УИХ-ын эрхэм гишүүн О.Цогтгэрэл аливаа зүйлд хүлээцтэй хандахгүй ингэж мухайрлаж болохгүй. Бид хуулийн дагуу л явна, бууж өгөхгүй
Ярилцлага

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.