| | USD/MNT 0₮

Я.Ганболд:Малын шүүх эмнэлэгийг байгуулах ёстой

-Мал эмнэлгийн эрхгүй, малын эмч биш хүн малаас дээж авсан байвал иргэн та бүү орооцолд, энэ бол гэмт хэрэг болно-

Шинжлэх ухааны доктор, профессор, зөвлөх эмч Мал эмнэлгийн Эм судлалын хүрээлэн ТББ-ын тэргүүн Я.Ганболдтой мутацид ордог Дорноговийн малын талаар болон малын гоц халдварт өвчний талаар ярилцлаа.

-Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үнэхээр уранаас хордсон төл мал гарсан юмуу. Тэр нь шинжлэх ухааны баримттай юу?

-Сүүлийн 10 гаруй жил ураны шалтгаантай мал амьтан төрлөө гэдэг ч учир шалтгааныг нь олдоггүй, шинжлэх ухааны үндэслэлтэй юм ярьдаггүй, зөвхөн иргэний нийгэм болон ТББ-иуд сенсааци тарьж ирсэн байдаг.

Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдын 2013 оны 47 дугаар захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд 42 байгууллага 104 хүн эдгээр хүмүүс ТББ-ын хүмүүс биш шүү, дандаа улсын өмнө үүрэг хүлээсэн судалгааны байгууллага лабораторийн, төрийн захиргааны байгууллагын хүмүүс байсан. Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголд оношилгоо хийдэг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн статустай Мал эмнэлгийн төв лабораторийн хүрээлэн, Дорноговь аймгийн мал эмнэлгийн газар гээд бүх салбар оролцож судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байдаг.

-Малчин айлын 10 гаруй тугал гажигтай төрөөд үхсэн. Уранаас хордсон гэж иргэд болон төрийн бус байгууллагууд зургийг нь цацаж мэдээлэл тараасан?

-Ямар нэгэн халдварт өвчний гаралтай өвчин үүсгэгчээр эдгээр тугалууд үхээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хоёрдугаарт малд зөндөө олон төрлийн өвчин гарч болно. Өнөөдөр манай Монголын малд гэхэд 170 гаруй халдварт өвчин байна. Эд нар дотроос хордлогот болон шимэгчлэх өвчин, халдваргүй өвчин гэх мэт олон өвчин бий. Тэдгээр бүх тугалнуудад цусны шинжилгээ, био химийн шинжилгээ, задлан шинжлээд дотоод эрхтэнд нь ямар өвчин байна вэ гэдгийг шинжлээд үзэхээр зэс селений хавсарсан хордлогын шинжтэй байна. Гэхдээ зэс селений хордлого байна гэж хэлээгүй. Хавсарсан шинж тэмдэг байна гэсэн.

-Хавсарсан шинж тэмдэг гэхээр юу гэсэн үг бэ?

-Зэс селен тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд угаасаа байгалиасаа цаанаасаа их юм байна гэсэн үг. Тийм учраас малд нөлөөлж байна гэсэн үг. Түүнээс хордлого биш шүү, зүгээр их хэмжээтэй байна гэсэн үг. Энэ шинжилгээг хийхэд асуудал гаргаад байсан 10 гаруй тугалтай газарт хийгээгүй өөр гурван сэжигтэй бүсийг аваад үзэхэд ямар ч ялгаа байхгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй.

-Уранд мал нь хордоод байна гэх Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үнэхээр хордлого гараагүй гэсэн үг үү?

-Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сангийн далай гэх мэт газруудад хордлого боллоо гээд орилоод байдаг. Гэтэл тухайн аймгийн мэдээллээр энэ газруудад малын хээл хаялт, ургийн гаж хөгжил, малын тоо баримт судалгаа нь дээрх дөрвөн газраас аймаг, сумынхаа мал эмнэлгийн байгууллагад огт бүртгэгдээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, мал хордлоо гэж мал эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөгүй. Очиж үзээгүй, тэнд ямар нэгэн онош тавиагүй, тэнд ямар нэгэн асуудал гараагүй гэсэн үг.

Дээрх 104 хүний судалгаа шинжилгээгээр бол химийн бодисын ашиглалт, хадгалалтаас болж тугал үхсэн гэх дүгнэх боломж алга гэсэн дүгнэлт гарсан. Дотор нь задлаад үзэхэд ионжуулах цацраг болон ураны нөлөөнөөс болж тугал хоргодоогүйг тогтоолоо. Уран бол байгаль дээр маш олон нэгдлээр байдаг химийн идэвхтэй элемент юм. Чухам ямар нэгдвэл вэ гэдгийг тогтоогоогүй. Манай ТББ 2019 оны гуравдугаар сард 20 аймгийн 800 гаруй мал эмнэлгийн нэгжийг оролцуулж судалгаа хийсэн. Зорилго нь 21 аймагт Дорноговь аймагт яригдаад байгаа шигээ гаж хөгжил байна уу, байвал ямар хэлбэртэй байна вэ ямар хэмжээнд байна, ямар шалтгаантай байна вэ гэдгийг судалж үзсэн. Гэтэл 12 төрлийн 304 тохиолдол бүртгэгдлээ. Үүн дотроос нэг аймагт 14-16 хувьтай тохиолдол байна. Хамгийн их тохиолдол нь Архангай аймагт гаж хөгжил байна. Гэвч тухайн аймаг уултай, устай, агаартай, ургамалтай аймаг. Тэгвэл яагаад энэ аймагт гаж хөгжил байна вэ гэдгийг судлах хэрэгтэй.

Дорноговь аймагт 11 хувь байгаа юм. Бүх аймагт малын гаж хөгжил байна. Гэхдээ эдгээр тохиолдлуудыг шинжлэх ухаанаар нотолсон зүйл биш шүү. Малын эмч нар тодорхой хэмжээгээр өөрийнхөө практик дээр ажиглаад ийм зүйл байж магадгүй гэсэн шалтгаан. Үүнийг цаашдаа нарийвчлан судлах ёстой. Хангайн бүсийн аймгуудад малын гаж хөгжил их тохиолдож байна. Гэтэл Говьсүмбэр болон Дорноговь, Дундговь зэрэг говийн аймгуудаар бага тохиолдолтой байна. Цаашид битүү бөгстэй, олон толгойтой, олон хөлтэй мал төрж байгаа оношийг судалж тогтоох шаардлагатай.

-Хамгийн сүүлд хэзээ Дорноговь аймагт судалгаа шинжилгээ хийсэн бэ?

-Мал эмнэлгийн даргын тушаалаар 2019 онд дээрх Дорноговь аймагт дахин судалгаа хийгдсэн. Мал эмнэлгийн ерөнхий газар, мал эмнэлгийн хүрээлэн, улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Дорноговь аймгийн мал эмнэлгийнхэн оролцсон. Хордлогын чиглэлээр ажилладаг гурван доктор орсон. Тэр уран олборлоод байгаа газарт мал үхээд байгаа юм биш биологийн зүй тогтолоороо мал хорогдоно, өвчилнө. Дорноговь аймгийн малыг хамгийн их уул уурхай явуулдаг Төв, Өвөрхангай аймагтай харьцуулахад 4,5 хувиар бага, төл нь 6,6 хувиар бага байсан. Тухайлбал адилхан үйл ажиллагаа явуулдаг газрууд байна гэвч Дорноговь аймагт малын хоргодол бага байна. Ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн хэмжээнд төл малын эмгэг гажгийн талаар албан ёсны мэдээ материал, нотолгоо баримт байхгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Бас гадаадын компани мэргэжилтэн хөрс, ус, малын эрүүл мэнд, цацрагийн нөлөө хүний хүчин зүйл нь малын хордлогод нөлөөлж байна уу гэсэн судалгаа хийхэд цацрагийн хордлого тогтоогдоогүй, монгол орны хөрс усанд металууд байгаа юм байна. Тэр нь илэрснээс, малд нөлөөлсөн юм байхгүй гэж хэлсэн.

Байгаль дээр байж байгаа, эсвэл үйлдвэрлэлийн явцад бий болж байгаа хүнд мател, цацраг идэвхт бодисууд бусад эрдэст элементүүд бол байгаа индексээс даваагүй, үхэрт сөрөг нөлөө үзүүлэх магадлал багатай, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Бадрах энержи, Арева компанийн үйл ажиллагаатай холбоогүй болох нь тогтоогдлоо гэсэн дүгнэлт гарсан. Үүний цаана ураны хайгуултай холбоогүй байна гэсэн үг. 2020 оны тавдугаар, зургадугаар сард 66 хүний бүрэлдэхүүнтэй хийгдсэн судалгаа бий. Мөн түрүүчийн бүх байгууллагууд оролцсон. Нэг онцлог нь мал эмнэлэг дээр задлангаар мэргэшсэн 2-3 хүн оролцсон. Малчин янз бүрийн дуудлага өгсөн, дээж явуулсан байдаг. Гэхдээ хоёрхон дээжийг Мал эмнэлгийн газарт ирүүлсэн байдаг. Бусдыг нь ирүүлээгүй. Гэтэл иргэний нийгмийн байгууллагууд “Тэр газарт тэдэн төл, мал тэгж үхлээ, тэгж хоргодлоо” гэдэг. Гэвч мал эмнэлэгийнхэн ингэж хэлж байгаа юм.

-Мал нь хордсон гэх малчин Норсүрэнгийн хотонд дээрх судалгаа шинжилгээний багийнхан ажилласан юмуу?

-Ажилласан байдаг. Нэг үхэр, нэг хонь нь малын гоц халдварт боом өвчин цусан халдварт өвчнөөр үхсэн байдаг. Түүнээс өөр шалтгаанаар үхээгүй. Гэтэл энэ хүн малдаа урьдчилан сэргийлэх вакцин хийлгээгүй. Тэгээд мал нь үхэхээр хордлого гэж ярьж асуудал гаргадаг. Энэ байдлыг нь ажлын хэсгийнхэн хэлж ярьж ойлгуулсан байдаг. Хордлого янз янзын шалтгаантай. Байгалийнх, химийнх болон физикийнх байж болно. Хүний хүчин зүйлээс болж хордлого гарна. Хэрвээ ямар нэгэн мал, амьтан хордвол массаараа хордоно. Улаанбадрах гэж ярихаар 10 хонь биш, нэг бэлчээрт байгаа мал хэдэн мянгаараа хордоно шүү дээ. Гэвч олноороо өвчилж, олноороо хоргодож, хээл хаясан зүйл байсангүй. Манайд малын шүүх эмнэлэг гэж байх ёстой.

-Манайд малын шүүх эмнэлгийг байгуулчихаж болдоггүй юмуу?

-Монголын мал эмнэлэгт шүүх мал эмнэлэг гэж юм байх ёстой. Энэ бол дэлхийн шаардлага. Өнөөдөр манайд малын шүүх эмнэлэг гэж юм байхгүй. Зөвхөн хичээл ордог үйл ажиллагаа тогтолцоо гэж байхгүй. Соц үед мал эмнэлгийн удирдах газар байхад мэргэжилтэн хүртэл байсан. Тэр хүн нь шүүх эмнэлгээ хариуцсан хүн янз бүрийн асуудал гарахад оношоо тавина, судалгаа хийдэг. Харин үүнийгээ устгасан. Үүнээс болж шүүх эмнэлгийн ямар ч тогтолцоо байхгүй, Мал эмнэлгийн ерөнхий газарт үүнийг хариуцсан хүн байхгүй.

-Мал эмнэлгийн тогтолцоо байхгүй болсон гэлээ. Энэ талаараа?

-Манайд Мал, эмнэлгийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль гээд 2018 оны нэгдүгээр сараас эхэлж шинэчлэгдээд мөрдөгдөөд явж байгаа. Энэ дагуу манай байгууллага мал эмнэлгийн босоо тогтолцоотой болсон. 1998 онд Мал эмнэлгийг хувьчилснаас болж тэрнээс хойш мал эмнэлгийн тогтолцоо байхгүй болсон. Хувьчилж дууссаны дараа 2000 оны эхээр шүлхий өвчин гарсан. Яагаад гэвэл мал эмнэлэг байхгүй болсонтой холбоотой. 2018 оны наймдугаар сарын 25-наас шүлхий өвчин гараагүй байж байгаад өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж шүлхий өвчин гарлаа. Уг нь 2018 оны зургадугаар сард Мал эмнэлэгийн ерөнхий газар байгуулагдаад анхны ажил нь малын шүлхий өвчинтэй тэмцсэн. Тэгээд шүлхий гараагүй гурван жил болсон харамсалтай нь өнгөрсөн гуравдугаар сард гарчихлаа. Ийм байдлаар мал эмнэлгийн үйл ажиллагаа явж ирлээ.

-Малын халдварт өвчин гарлаа гээд зураг хөргийг нь олон нийтийн сүлжээгээр цацаж байгаа иргэн ч бай малчин ч бай гэмт хэрэг хийж байгаа үйлдэл гэх. Яагаад гэмт хэрэг үйлдэж байна гэж үздэг вэ?

-Малчинтай холбоотой хуулийн 19 заалтыг малчид гэлтгүй иргэд мэддэг байх хэрэгтэй. Тодруулбал, нэг нөхөр олон нийтийн сүлжээнд тэр аймгийн тэр суманд ийм хурга, ишиг төрлөө, найман хөлтэй хурга гарлаа. Энэ химийн бодис уранаас болж хордлоо гээд бичээд тавьдаг. Энэ хүн үндсэндээ гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Хуулийн заалтад малд ямар нэгэн сэжиг илрэх юм бол зөвхөн малчин 12 цагийн хугацаанд мал эмнэлэгт мэдэгдэнэ. Малын эмч ирээд онош тавина. Тухайн үедээ онош тодорвол эмчилгээ хийгээд явна. Ямар нэгэн байдлаар тодруулах хэрэг гарвал малын эмч дээж авна. Зөвхөн малын эмч авна. Үүнээс хойш та бүхэн малын эмч биш бол хэн нэгэн малын эмнэлгийн эрхгүй хүн дээж аваад явж байвал бүү орооцолд. Энэ бол гэмт хэрэг шүү.

-Мал төрийн хамгаалалтад байх ёстой юу. Малчид эрх үүргээ хэр мэддэг вэ?

-Малын генетик нөөцийн тухай хуулинд мал хамгаалах гэж зүйл бий. Мал хамгаалах гэхээр малчид мал төрийн хамгаалалтад байх ёстой гэж том том зүйл ярьдаг. Энэ бол үгүй юм. Малаа хамгаалах нь малчин хүний өөрийнх нь үүрэг. Хамгийн наад зах нь малаа хашихаас авахуулаад эхэлнэ. Яагаад гэвэл 50-100 км-ийн цаана малд сөргөөр нөлөөлдөг бодис байна гэхэд яагаад өөрөө малаа хамгаалахгүй байгаа юм бэ. Одоо бид нар хууль ярих юм бол мал өвчилж байна гэж орилох биш та яагаад малаа хамгаалахгүй байгаа юм бэ гэдгийг ярих ёстой.

О.Сайхан 

 

Малчинтай холбоотой хуулийн 19 заалтыг малчид гэлтгүй иргэд мэддэг байх хэрэгтэй. Тодруулбал, нэг нөхөр олон нийтийн сүлжээнд тэр аймгийн тэр суманд ийм хурга, ишиг төрлөө, найман хөлтэй хурга гарлаа. Энэ химийн бодис уранаас болж хордлоо гээд бичээд тавьдаг. Энэ хүн үндсэндээ гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Хуулийн заалтад малд ямар нэгэн сэжиг илрэх юм бол зөвхөн малчин 12 цагийн хугацаанд мал эмнэлэгт мэдэгдэнэ. Малын эмч ирээд онош тавина. Тухайн үедээ онош тодорвол эмчилгээ хийгээд явна. Ямар нэгэн байдлаар тодруулах хэрэг гарвал малын эмч дээж авна. Зөвхөн малын эмч авна. Үүнээс хойш та бүхэн малын эмч биш бол хэн нэгэн малын эмнэлгийн эрхгүй хүн дээж аваад явж байвал бүү орооцолд. Энэ бол гэмт хэрэг шүү.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.