| | USD/MNT 0₮

Ц.Билэгтсайхан:Ковидоор нас барах шалтгаан нь архаг хууч өвчин болон өндөр нас, вакцинд хамрагдаагүй байдал нөлөөлж байна

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар дархлаа дэмжих III тундаа хамрагдаж байгаа иргэдийн идэвх хэр байна вэ. Мөн орон нутагт хамрагдалт хэр байгаа вэ?

-Гуравдугаар тунд иргэдийг идэвхтэй хамруулахаар гурван сарын аян зарласан байгаа. Энэ аяныг УОК, ЭМЯ, Шуурхай штаб, ХӨСҮТ хамтран хамрагдалтыг идэвхжүүлэх төлөвлөгөө гаргасан байгаа.

Вакцинжуулалтын хамрагдалтын тухайд гэвэл нэгдүгээр тунд 2,2 сая иргэн хамрагдсан бол хоёрдугаар тунд 1.1 сая иргэн хамрагдсан, гуравдугаар тунд 383 мянга 281 хүн хийлгэсэн байна. Түүнчлэн 6307 жирэмсэн эмэгтэй,  6782 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагдсан байна.

Дархлаа сэргээх нэмэлт тунг нийслэл болон орон нутагт харьцуулахад Завхан аймаг хамрагдалт сайтай байна. Араас нь Сэлэнгэ, Орхон аймаг сайн явж байна. Ихэнх аймаг 10-аас дээш хувийн хамрагдалтай бол Баян-Өлгий аймаг 5 хувьтай явж байна. Нийслэлийн хэмжээнд 21 хувийн хамрагдалтай байгаа. Эрсдэлтэй бүлгүүд болох өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсээ дархлаа дэмжих вакциндаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байгаа.

-Эрүүл мэндийн сайдын журам гарсан. Ор зохицуулах журам хэрхэн яаж хэрэгжиж байгаа вэ. Оргүйгээс болж өчнөөн иргэн гэртээ хүндэрч нас барах тохиолдол бүртгэгдээд байна?

-Нөхцөл байдал амаргүй хүнд хэвээрээ байна. Ялангуяа эмнэлгийн үйлчилгээ ковидын ор дэлгэхтэй уялдаатай байдал амаргүй байна. Маш хүнд, хүнд, сэхээний заалттай үйлчлүүлэгчдийг авахаар ор зохицуулах баг яамны дэргэд ажиллаж байна. Энэ баг ажилд орсноор эрэмбэлэх асуудлыг эхнээс нь цэгцэлж байна. Хүнд хүмүүсийг хамгийн түрүүнд орны зохицуулалтаар эмнэлэгт хэвтүүлж байгаа. ХӨСҮТ болон дүүргүүдийн эмнэлгүүдийн орны асуудал ямар байгаа талаар ор зохицуулах багт өдөр болгон мэдээлж байгаа. Сул болон хүчилтөрөгчтэй орыг нь харж байгаад зохицуулалт хийж байна.

-Ийм шат дамжлагаар явахаар хүндэрсэн иргэд дор хаяж 2-3 хоног алдаад эцэстээ амиа алдаад байна?

-Харьяа буюу өрхийн эмнэлэг дээрээ ковид оношлогдсон тохиолдол бүртгэгдэж байгаа. Тэндээс ор зохицуулах баг руу мэдээлэл өгнө. Ингэхдээ нөгөө л өрх харьяалал дээр эрэмбэлэх ажлыг хийнэ. Эрэмбэлэлтээс их зүйл хамаарна. Тухайлбал, ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 474 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эдгээрийн 392 нь ковидын тусламж үйлчилгээ авч байна. Ковидын оноштой 300 гаруй иргэний нэн хүнд хэлбэрийн заалттай 17 хүн сэхээнд байна. Хүнд 168, хүндэвтэр 208, хөнгөн хүн байхгүй.  Сүүлийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ тулгамдаж байгаа асуудал мөн. Ялангуяа манай төвд маш хүнд, хүндэвтэр хүмүүсийн тоо эрс ихэссэн. Үүнийг дагаад нас баралтын тоо өндөр байгаа.

-Өрхийн эмнэлгүүд өглөө 08.30 цагаас 17.00 цаг хүртэл ажилладаг. Амралтын хоёр өдөр бүр ажиллахгүй, утсаа ч авахгүй. Ийм үед гэртээ хүндэрсэн хүмүүс хаана хандах вэ?

-Шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Амралтын өдрүүдэд энэ баг гэрт нь очоод эмнэлзүйн тусламж үйлчилгээгээ үзүүлээд зөвлөгөө өгөөд, шаардлагатай тохиолдолд тээвэрлэлт хийгээд эмнэлэгт авчирна.

-Нас баралтын шалтгаан юу байна вэ?

-Нас баралтад нөлөөлж байгаа маш олон зүйл бий. Энэ дээр хамгийн түрүүнд өндөр нас, хоёрдугаарт вакцинд хамрагдаагүй байдал нөлөөлж байна, гуравдугаарт архаг суурь өвчин нөлөөлж байна. Ийм үндсэн шалтгаанууд эмнэлзүйн нөхцөл байдлыг хүндрүүлж байна.

-Хоногт илрэх халдварын тоо тохиолдол харьцангуй буурсан байдалтай харагдаад байгаа. Гэвч өрхийн эмнэлэгт түргэвчилсэн шинжилгээ өгсөн 50 иргэний 30 нь эерэг гэсэн хариу аваад эмийн багцаа тэврээд гарч байгаа харагддаг. Писиар шинжилгээний хариугаар л хоногийн тоо тохиолдлоо зарлаад байх уу?

-Ковидыг оношлох алтан стандарт гэж бий. Долоо хоногт дунджаар 40-45 мянган писиар шинжилгээ хийгдэж байна. Тэгвэл хоёр дахин их буюу 80-90 мянган түргэвчилсэн шинжилгээ хийгдэж байна. Арга болгонд эерэг болон сөрөг тал бий. Писиар гэдэр өртөг үнэ ихтэй, тусгай мэргэжилтэн шаарддаг. Харин түргэвчилсэн оношлуур өртгийн хувьд бага дээрээс нь тусгай мэргэжилтэн, тусгай орчин шаардахгүй богино хугацаанд хариу өгөх боломжтой.

-ХӨСҮТ-ийн хувьд орны хүрэлцээ хэр байгаа вэ?

-Орон даяар орны хүрэлцээ муу, ачаалал ихтэй байгаа. Зохицуулалт шаардлагатай, хүлээлт ихтэй. Улсын хэмжээнд 20 мянга гаруй ор дэлгээтэй. Гэхдээ сүүлийн үед орон нутагт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо арай багассан байна. Манай төвд 285 ор дэлгэхээр сайдын тушаал гарсан байдаг. Гэхдээ бид 30 ор нэмж дэлгэсэн байгаа. 315 орон дээр 370 үйлчлүүлэгчийг авч байна. Дээр нь эрчимт эмчилгээний 15 ор байдаг. Хүчилтөрөгчийн үзүүртэй, хүнд хэлбэрийн хүнд үйлчилгээ үзүүлэх 75 ор бий. Харин ДЭМБ-ын санхүүжилтээр хүчилтөрөгчийн үзүүртэй 50 ор нэмсэн байгаа.

-Эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөц дутагдалтай, ачаалал ихтэй байгаа энэ цаг үед ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Хүний нөөцийн дутагдал байна. Ачаалал их. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид халдварт өртөж өөрсдөө өвдөж байна. Нийслэлд ялангуяа лавлагаа үйлчилгээ үзүүлэх, эрчимт эмчилгээний тасгийн чиглэлээр хуваарь гарч байгаад дэмжлэг үзүүлж байна.

-ХӨСҮТ гадаад руу явах иргэдээс 50 мянган төгрөгийг бэлнээр авч байна. Яагаад шилжүүлж болдоггүй, эсвэл пос машин уншуулж авч болохгүй байгаа юм бэ?

-ЭМ-ийн сайдын тушаалаар гадагшаа явж байгаа иргэдийн шинжилгээг 50 мянган төгрөгөөр манай төв хийдэг. Бид нар гар дээрээ бэлэн төлбөрийг нь авч байгаа. Бид бүхэн пос машиныг хэрэглээндээ нэвтрүүлэхээр Сангийн яаманд хүсэлтээ өгсөн. Гэхдээ төрийн сан улсын байгууллагын пос машинтай холбогдох процесс Сангийн яамаар дамжиж тодорхой цаг авдаг, шатлал дамждаг учраас одоогоор нэвтэрч чадаагүй байна. Бидний хүсэлт шийдэгдсэний дараагаар бид бэлэн мөнгөтэй харьцахгүйгээр пос машинаар үйлчилдэг болно.

-Тэгэхээр танай төвийн эмчилгээ үйлчилгээний зардал төлбөр бэлнээр явагддаг гэсэн үг үү?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Тухайн хуулинд заагдснаар төрөл үйлчилгээгээр буцаад  ЭМД-аас санхүүжилтээ нэхэмжилж авдаг. Писиар шинжилгээ хийхэд ЭМД-аас 50 мянган төгрөг нэхэмжилдэг. Бид тандалтын зорилгоор ойрын хавьтал болсон иргэдийн шинжилгээг авдаг. Өдөр болгон 500-800 иргэний дараалал үүсдэг. Тухайн иргэнээс зардал гарахгүйгээр ЭМД-аас нь 50 мянган төгрөгийг нэхэмжилдэг. Харин гадагшаа явах иргэдээс 50 мянган төгрөг авдаг.

-ХӨСҮТ-д засвар үйлчилгээ хийгээд эхэлжээ. Ер нь энэ төвийг засварлахад хэчнээн төгрөг хэрэгтэй вэ. Өмнө нь цугларч байсан хандив мөнгөөр засварлах боломж байгаагүй юу?

-ХӨСҮТ-ийн тохижилт тав тух, үйлчлүүлэгчид үзүүлж байгаа сэтгэл ханамжтай холбоотой санал гомдлууд гарч байгаа. Үүнтэй холбоотой асуудлууд сүүлийн үед нэлээд хөндөгдөж байна. Энэ жил 2-3 төрлийн санхүүжилтээр засвар хийсэн байна. ЭМЯ болон улсын төсвийн 688 сая төгрөгөөр нийт зургаан төрлийн засвар үйлчилгээг хийсэн. Өөрийн санхүүжилт буюу 1,5 тэрбум төгрөгөөр 9 төрлийн ажил хийсэн. Дээрээс нь олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хандив тусламжаар засвар үйчилгээ хийсэн. Одоогийн байдлаар захиргааны байрны нэг давхарт засвар хийж байна. Мөн амбулторийн үүдэн хэсгийн засвар үйлчилгээ дуусч, цаашаа амбултори руу хоёр дахь шатны засвар үйлчилгээ орохоор байгаа.

-Нийгмийн сүлжээгээр яваад байгаа зураг танай төвийн ямар тасаг бэ?

-Манай сүрьеэгий тасгийн зураг байсан. Тэр тасагт засвар үйлчилгээ орчихсон байгаа. Нийтдээ 250 сая төгрөгийн өртөг бүхий засвар хийгдэнэ. Ер нь манай төв дээр төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийгдэж байгаа. Мөн бүтээн байгуулалтын ажлууд явж байна. Нэгдсэн дэд бүтэцтэй холбоотой засвар үйлчилгээ, цэвэрлэх байгууламжтай холбоотой засвар нийтдээ 11,3 тэрбум төгрөгөөр хийгдэх урьдчилсан төсвийг Нийгмийн байнгын хороо руу явуулсан байгаа. Бид нэгдсэн асуудлуудаа шийдсэний дараа төвийн давхар болон өрөө, блокоор нь засвар хийх бололцоотой гэж харж байгаа.

 

 

ЭМ-ийн сайдын тушаалаар гадагшаа явж байгаа иргэдийн шинжилгээг 50 мянган төгрөгөөр манай төв хийдэг. Бид нар гар дээрээ бэлэн төлбөрийг нь авч байгаа. Бид бүхэн пос машиныг хэрэглээндээ нэвтрүүлэхээр Сангийн яаманд хүсэлтээ өгсөн. Гэхдээ төрийн сан улсын байгууллагын пос машинтай холбогдох процесс Сангийн яамаар дамжиж тодорхой цаг авдаг, шатлал дамждаг учраас одоогоор нэвтэрч чадаагүй байна. Бидний хүсэлт шийдэгдсэний дараагаар бид бэлэн мөнгөтэй харьцахгүйгээр пос машинаар үйлчилдэг болно.
Ярилцлага

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.