| | USD/MNT 0₮
Импортлогч орны зовлон олон. Бараа бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэргийг импортолдог орны хил хаагдахад хомсдол үүсэх, үнийн хөөрөгдөл бий болох эрсдэл хамгийн ихээр учирдаг. Одоо ч манай улсад энэ асуудал тулгараад байна. Тодруулбал, энэ сарын 14-нд БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоон хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан. Үүнээс шалтгаалан зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомсдол үүсээд байгаа билээ.
Хил хаасан шалтгаанаар хамгийн түрүүнд нарийн ногоо хомсдож, үнэ тэнгэрт тулсан нь иргэдийг бухимдахад хүргэсэн.
Гэвч өнгөрсөн долоо хоногт Эрээн хот хилээ хааснаас шалтгаалан нарийн ногооны 75 хувийг импортоор оруулж ирдэг манай улсад дахин нарийн ногоо тасарч, үнийн хөөрөгдөл үүсч, зарим ресторан меню дэх хоолоо бүгдийг нь гаргаж чадахгүй нөхцөлд хүрч, түр менютэй болсон байна гэх шүүмжлэлийг иргэд цахим орчинд гаргаад байсан юм.
Албан бус мэдээллээр, өргөст хэмх, улаан лооль, салатны навч зэрэг нарийн ногооны үнэ сүүлийн 10 хоногт 50 гаруй хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, чинжүү 28 мянга, огурцы 20 мянга, помидор 28 мянга, салатны навч 25 мянгад хүрч, бүр цаашлаад хүнсний ногоо олдохгүй байгаа нь иргэдийн бухимдлыг ихэд төрүүлэв.
Цар тахлын үед эдийн засаг хамгийн хүнд байгаа. Гэвч ийм үед дотоодын үйлдвэр, аж ахуй нэгжүүд, хүнсний ногоо тариалдаг иргэд ч үнээ нэмж, нарийн ногооны үнийг хэд дахин нугалж борлуулж буй нь харамсалтай…
Үнийн хөөрөгдлийн асуудал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж ажиллах учиртай. Гэвч тэд үнийг хэвэнд нь барина гэдэг үгээр халхавч хийдэг. Өмнө өчнөөн зүйлүүд дээр үнийн хөөрөгдөл үүссэн ч хариуцлага тооцох, үнийг тогтворжуулах ажил хийгдсэнгүй. Одоо ч нарийн ногооны үнэ өсчихөөд байхад хяналт шалгалт нэг ч явагдахгүй байна. Уг нь ийм хүнд үед дотоодын үйлдвэрүүд иргэдийг хүнсээр хангах, үнийг хөөрөгдүүлэхгүй байх ёстой ч импортын үнэтэй адил үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Монгол улс дотооддоо 60 мянган га зуны хүлэмж, 27 га өвлийн хүлэмжтэй. Дотооддоо нийт 95 га хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ 5800 тонн нарийн ногоо дотоодын зах зээлд нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, манай улс хүлэмжинд тарьсан нарийн ногоогоороо дотоодынхоо 25 гаруй хувийг хангаж байна.
Дотооддоо нарийн ногооны хэрэгцээг 100 хувь хангахын тулд хүлэмжийн аж ахуйг хамгийн ихээр дэмжих нь чухал. Гэвч энэ тогтолцоо ч манайд алдаатай байдаг. Дэмжээд 100 хувь дотоодоос нарийн ногоогоо хангалаа гэж бодоход үнийн хөөрөгдөл үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Нөгөө талдаа Үндэсний үйлдвэрийг бүтээгдэхүүнүүд хэт үнэтэй байдаг гэх шүүмжлэлүүд ч бий. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн тасалдсан ийм нөхцөлд үнийг тогтвортой байлгах болгох манай улсад шаардлагатай. Эсвэл 100 хувь дотоодоос нарийн ногоогоор хангах ажлыг шат дараатай, нэгдсэн бодлогоор явуулах нь чухал. Хамгийн гол нь хэт хөөрөгдөл бий болгохгүй байх зохицуулалт шаардлагатай. Эс бөгөөс манай улс хил хаагдах бүрт хоногийн хоолгүй болох нөхцөл байдал арилахгүй…
Импортлогч орны зовлон олон. Бараа бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэргийг импортолдог орны хил хаагдахад хомсдол үүсэх, үнийн хөөрөгдөл бий болох эрсдэл хамгийн ихээр учирдаг.