| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулсан юм. Тухайлбал, арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулсан юм.

Түүнчлэн цаг уурын байгууллагаас өгч буй мэдээллээр амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурах аж.

Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхаарууллаа. Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.