| | USD/MNT 0₮

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ИНГЭЖ ҮЙЛДЭГДДЭГ

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэл өдөр шахуу гардаг болов. Цэцэг цэврүү шиг эмзэгхэн ариухан хүүхдүүдийг хэн дуртай нь доромжилж, бэлгийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэнд амь насаар нь хохироосоор байна. Ханилсан ханьдаа зодуулж дарамтлуулж сүрдүүлгэн доор амьдарч байгаа эмгэнэлтэй эмэгтэйчүүд ч энэ нийгэмд олон байна. Эрхээ хамгаалж ил гарсан нь цөөхөн болохоос цаана нь нууц далд байдалд хэчнээн эмэгтэй ямар нөхцөл байдал амьдарч байгаа хэлж мэдэхгүй нь.

Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн яаж үйлдэгддэг талаар “Үжин” төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Ундраа дараах зүйлийг бичжээ.

Тэрбээр “Биднийг баяр тэмдэглэж байхад, хамт ажилладаг бүсгүй чинь нөхрийн дарамтаас шалтгаалан усан нүдэлж, гэртээ хоригдож, гарч чадахгүй байж болох юм. Гарвал, хүүхдийг чинь ална, энэ гэрээс чинь яваад өгнө, өөрийг чинь зэрэмдэглэнэ, ээж аавын чинь гэрт очиж түйвээнэ, ажлынхны чинь нүдэн дээр зодож, булайг чинь дэлгэнэ гэх мэт сүрдүүлэгт автаж, айдас хүйдэс дунд шаналж байгааг бид мэдэхгүй, түүнийг буруутгаж байж мэдэх юм. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл. Магадгүй, ажил дээрээ өнгөрөөдөг 8 цаг л түүний түр амсхийх боломж байж, өөрийг нь ойлгох хүнийг хайж байгааг бид мэддэг болов уу? Ажилгүй бол бүр л хэцүү.
Гэр бүлийн нууц, өөрийн хувь тавилан, үйл лай гэж бодоод, хэнд ч хэлэхгүй нууж явсаар өөрөө, эсхүл үр хүүхдээ хүчирхийлэгчийн золиос болгосон олон тохиолдлыг өнгөрсний дараа л олж мэдэн шуугиж байна.

Хэрцгий хойд эцгийн гарт бяцхан үрээ зориуд өгөөд алуулчихсан юм шиг бүсгүйг эрд үхэлдэж, хүүхдээ хайхраагүй хэмээн зүхэж байна. Үүнээс болж дагавар хүүхэдтэй эмэгтэй дахин хүнтэй сууж болохгүй гэдэг мессэж нийгэмд давалгаалж байна.


Гэтэл энэ залуу эх яагаад хүүхдээ хамгаалж чадаагүй вэ гэдэг талаар ганц нэг санаагаа хэлье.

Тэр өөрөө гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд байсан, хүчирхийлэгч өөрийн үйлдлээ нуухын тулд ах дүү, найз нөхдөөс нь тусгаарлаж, тусламж авах боломжийг хязгаарласан, өөрийн эрх мэдлээр давамгай байдлыг тогтоохын тулд хүүхдийг нь барьцаалах, алах гэсэн дүрийг олон удаа үзүүлж, сүрдүүлж байсан байж магадгүй бөгөөд, олон давтагдаж байсан үйлдэлдээ тэд дассан, зарим үед хайрлаж байгаа мэт бодогдуулах үйлдлийг ч хийдэг нь эргэлзээнд оруулдаг. Иймээс гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хор уршгийн талаар олон нийт мэддэг, эсэргүүцдэг, хэзээ ч тэвчдэггүй, мэдээлэл өгдөг соёлыг нийгэмд тогтоох хэрэгтэй байна. Хохирогч өөрөө зугатах, хүүхдээ хамгаалах хүч чадалгүй болтлоо хүчирхийлэл үйлдэгчийн эрхшээлд орчихсон байдаг юм шүү. Ер нь хүчирхийллээс ангижрах гуравхан арга байдаг л гэж боддог.


1.Хохирогч хүчирхийллийг тэвчихгүй, хүчирхийлэл үйлдэгчээс нэгмөсөн салж, орхиж явах. Үүнд гэр бүл, найз нөхдийн дэмжлэг, мэргэжлийн сайн сэтгэл зүйчийн олон удаагийн зөвлөгөө хэрэгтэй. Гэхдээ удаан хугацаа хэрэгтэй.


2.Хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн хэн нэг нь амь насаа алдах. Хүчирхийллийн давтамж, даамжрал нэг л өдөр цаг бусын үхэлд хүргэдэг. Хатуухан хэлэхэд нэг нь шороонд, нөгөө нь шоронд гэж ярьдаг даа. Жамаараа үхэх нь ч бий л дээ, тэр нь амар даа бараг.


3.Хүчирхийлэл үйлдэгч өөрийн буруугаа мэдэж, зан үйлээ засах өөрчлөгдөхийг хүсч, түүндээ хүрвэл хамгийн зөв арга юм. Гэхдээ энэ арга бол одоохондоо утопи мөрөөдөл шиг байгаа юм. Шоронд явлаа, хичээлд суулаа, хохирогчийг занасаар гэртээ эргэж ирээд, давтагдсаар сүүлдээ улиг болно гэгч.


Анхнаасаа ханиа танина гэж байдаггүй юм аа, хүний сайн мууг ханилан байж таньдаг гэдэг. Гэр бүлийн анхны зөрчлийг ойлголцож эвээр шийдэж чадсан уу, зодож гар хүрч, айж айлгаж, гомдолтой өнгөрөөсөн үү гэдгээс бүх юм эхэлдэг шүү” гэж бичжээ.

Биднийг баяр тэмдэглэж байхад, хамт ажилладаг бүсгүй чинь нөхрийн дарамтаас шалтгаалан усан нүдэлж, гэртээ хоригдож, гарч чадахгүй байж болох юм. Гарвал, хүүхдийг чинь ална, энэ гэрээс чинь яваад өгнө, өөрийг чинь зэрэмдэглэнэ, ээж аавын чинь гэрт очиж түйвээнэ, ажлынхны чинь нүдэн дээр зодож, булайг чинь дэлгэнэ гэх мэт сүрдүүлэгт автаж, айдас хүйдэс дунд шаналж байгааг бид мэдэхгүй, түүнийг буруутгаж байж мэдэх юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.