| | USD/MNT 0₮

Б.Батцэрэн:Энэ хуулийн гол зорилго гэмт хэргийг шуурхай илрүүлж, хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг үйлдсэн хүнд шударгаар зохих ял шийтгэлийг оноох

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр санаачилж их хуралд өргөн барьсан байгаа. Ингээд энэ хуулийн төслийн талаар шүүгчид ямар байр суурьтай байгаагаа МҮОНРТ-ийн Цаг үе үзэл бодол нэвтрүүлэгт ярьжээ. Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгийн ярилцлагыг хүргэе.

-Энэ хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар олон нийтэд ойлголт өгөөч. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв юмуу буруу юмуу?

-Юуны өмнө хэргийг мөрдөн байцаалтад буцаах асуудал бол нийгмийн анхаарлын төвд орсон. Олон нийтэд бүрэн дүүрэн ойлголт өгөхийн тулд ямар үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг юм бэ гэдгийг хэлэх нь зүйтэй.  Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд хэргийг шүүхээс прокурорт буцаах гурван үндэслэл бий. Эхнийх нь хэргийг буруу тусгаарласан тухай, хоёр дахь үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай, гуравдахь үндэслэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ийм гурван үндэслэл тогтоогдвол анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан байгаа.

-Хэргийг буруу тусгаарлана гэхээр юу гэсэн үг үү?

-Энэ бол тухайн хэргийг хоёр буюу түүнээс дээш тооны хүн үйлдсэн байхад зарим хүний хэргийг тусгаарлаад шүүхэд шилжүүлсэн тухай ойлголт. Шүүхээр хэргийг хэлэлцэж үнэн бодит зүйлийг тогтооход бэрхшээл үүсэх, өөрөөр хэлбэл хэргийг хамтран үйлдсэн бүх хүнийг хамтад нь шүүхэд шилжүүлж хэргийг тал бүрээс нь хэлэлцэж, хэргийн үнэн бодит байдлыг тогтооход саад учирч байвал хэргийг буруу тусгаарласан байна гэж үзээд буцаана.

-Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж ямар үндэслэлийг хэлэх вэ?

-Хэргийн нөхцөл байдлыг тогтооход хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл байдал гарч болно. Ийм тохиолдолд хэргийг мөрдөн байцаалтад зайлшгүй буцаах үндэслэл бий болно. Гуравдахь асуудал бол нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн энэ алдааг зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хавтаст хэргийг шүүх хуралдаанаас буцаадаг байх нь.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зорилго нь яг юу юм бэ?

УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр шүүхээс хэргийг буцаах заалтад өөрчлөлт оруулахаар хууль санаачилж өргөн барьсан. Ямар заалт байна вэ гэхээр миний ярьсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах заалтыг хүчингүй болгоно гэж байгаа. Мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг мөн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн хязгаарласан энэ алдааг хэрхэн зөвтгөх бэ гэдэг асуудал гарч ирж байна. Мөн одоо хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх асуудлыг яаж шийдвэрлэх бэ.

Хуулийн төслийг судлаад үзэхээр шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулаад энэ хугацаанд прокурорт саяын дутуу хийгдсэн ажиллагааг нөхөж хийх, процессын алдаа дутагдлыг зөвтгөх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж ял өөрчлөн сонсгохыг даалгах ийм байдлаар асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Түүнээс гадна давж заалдах болон хяналтын шатны шүүх оролцогчийн гомдол прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн зарим шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах мөн прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгохоор хууль санаачилсан. Тиймээс энэ хуулийн төслийг өөрчилж, хуулийн зорилгыг хангахад хэрэг зэрэг сөрөг болон нааштай нөлөө үзүүлэх вэ гэдгийг бид тал бүрээс нь авч үзэх ёстой.

Энэ хуулийн зорилго маань гэвэл гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж, хэргийн бодит байдлыг тогтоох гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар зохих ял шийтгэлийг оногдуулах, хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гэх мэт зорилгыг хангахад чиглэгдсэн.

-Б.Энхбаяр гишүүн Орос Монгол хоёроос өөр улс оронд хэргийг шүүхээс буцаадаггүй гэж үзэж яриад байгаа. Хэрвээ гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол ял зэм оноох, тогтоогдохгүй бол цагаатгах ёстой гэж ярьсан?

-Эрүүгийн процессын тухай хуулийг 2017 онд хэлэлцэн батлах үед энэ асуудлууд яригдаж байсан. Шүүхээс өмнөх шатанд шүүхийн өмнөх хяналтыг оруулах юу үгүй юу гэдгийг ярьж байсан. Талуудын тэгш эрх мэтгэлцээний зарчмыг хангадаг, яллах чиг үүрэгтэй прокурор нь нотлох баримтаа цуглуулна. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар шүүхэд хүсэлтээ гаргах замаар тодорхой мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлнэ, баримтыг гаргаж өгнө гээд эрхээ хамгаалуулаад хоёр тал энэ цугларсан баримтын хүрээнд миний гэм буруу нотлогдлоо би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэхээр хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх, эсвэл энэ баримтын хүрээнд нэмж шалгуулах юм байхгүй, гэм буруугийн асуудлаа шүүхээр хурлаар мэтгэлцэж шийдвэрлүүлье гэвэл тэр замаар явдаг ийм анхны үзэл баримтлал байсан уу гэвэл байсан. Харин 2017 оны хуулийн төсөлд энэ нөхцөл байдлууд арай өөрөө хуульчлагдсан байдаг. Тухайлбал хэргийг прокурорт буцаах заалтууд гурван шатны шүүхээс зарчмын хувьд ийм заалтууд байх шаардлагагүй гэж хууль тогтоогч үзээд заалтыг хасчихсан байсан. Харин зөрүүлээд энэ алдаа дутагдлыг яаж зөвтгөх бэ гэсэн хуулийн заалтыг нэмж хуульчлаагүйгээс болоод 2017-2019 оны хооронд хууль хэрэглээний зарим гажуудлууд үүссэн байдаг.

-Хууль санаачлагч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны зөрчил, нотлох баримтыг шалгах, мөн хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн үү гэдгийг шалгаж тогтоох боломжтой гэж тайлбарлаад байгаа. Үнэхээр боломжтой юмуу?

-Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хязгаарлагдмал хүрээнд хэргийг хянан хэлэлцдэг. Яг тэр нотлох баримтын агуулга руу ордоггүй, тийм учраас хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох дүгнэлтүүд хийгддэггүй. Гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх тухай хуралдаан дээр талуудын тэгш оролцоотойгоор тэдний хэлэлцүүлж байгаа баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад хэргийн үйл баримтыг тогтоогдоно, энэ тогтоогдсоны дараа энэ хэрэг эрүүгийн гэмт хэргийн ямар шинжийг агуулсан байна вэ гэдэг хууль зүйн дүгнэлт хийгддэг. Энэ хоёр дүгнэлтийг хийх явцал нотлох баримтыг бэхжүүлэхдээ хуульд заасан дүрмийг ноцтой зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьсан, шүүгдэгч өмгөөлөгч нарын үзэл бодол саналыг хүлээж аваагүй байна гэдэг нөхцөл байдлууд тогтоогдож болно. Тэгэхээр үүнийг зөвтгөх боломж байхгүй үед гажуудал үүсч байгаа юм.

2017 оны долдугаар сарын 01-нээс хуулийг дагаж мөрдөх гэхээр буцаах заалт байхгүй. Хэргийн зүйлчлэлийг зөвтгөх боломж бас байхгүй. Тэгэхээр шүүхийн өмнө юу тулсан бэ гэхээр шилжүүлсэн хэргийнх нь хүрээнд ял сонсгосон зүйлчлэлээр ял оноохоор нэг талаас ял завших, нөгөө талаас зарим шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаад, буцаагаад прокурорт явуулах нь цаг хугацаа алдсан нөхцөл байдлыг үүсгэж байсан.

-Зарим УИХ-ын гишүүд Байнгын хорооны хурал дээр шүүгчид хэргийг мөрдөн байцаалтад буцааснаас болж хэрэг дэнслэх ажлаа хийхгүй байна. Прокурор, мөрдөн байцаагч нь шүүхээс буцаадаг учир ингээд оруулчихъя гэсэн ойлголтоор хуулийн завхрал явуулаад байдаг юм бишүү?

-Мөрдөн байцаалтад буцаадаг заалтыг хүчингүй болгосноор өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагддаг хүний эрхийн зөрчилгүй явагддаг болчихно гэж төсөөлөхгүй байна. Судалгаа хийгээд үзэхээр нийт хэргийн 5 гаруй хувь нь мөрдөн байцаалтад буцаж байгаа. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны чанарыг харуулж байгаа нэг үзүүлэлт мөн.

-Чуулганаар хэлэлцэж байгаа энэ хуулийн сайн тал нь юу байна, сөрөг тал нь юу байна вэ?

-Хэргийг буцаах үндэслэл гурав байдаг гэдгийг дээр хэлсэн. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх асуудалд хэргийг буцаахгүйгээр анхан шатны шүүх нэг сар хүртэлх хугацаагаар хойшлуулаад энэ хугацаанд ялыг өөрчлөн сонсгоод, сонсгосон ялынхаа талаар тайлбар мэдүүлэг аваад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх. Харин мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг бариад хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны зөрчлийг арилгуулах нь 30 хоногт бол багтахгүй.

Миний хувийн бодол бол бид бүх хэргийн зөрчил илрүүлэнгүүтээ буцаагаад байх нь гол нь биш хамгийн гол нь энэ зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой юу гэдгээ эрэлхийлэх ёстой. Үүнийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж болно. Жишээлбэл, шүүх шинжилгээний дүгнэлт дутуу гарсан байна. Энэ дүгнэлтийг шүүх хуралдаанаар нэмж гаргуулъя. Гэрчүүдийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байна, тийм учраас ийм ийм хохирогч гэрчүүдийг дуудаад шүүх хурал дээр мэдүүлгийг нь сонсоё. Энэ бол шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаанууд юм. Гэтэл нэг сарын хугацаанд амжихгүй томоохон шинжээчдийн дүгнэлт гаргуулах, гаргасан дүгнэлттэй нь холбоотой нэмэлт ажиллагаануудыг хийх, хэргийн зүйлчлэл нөхцөл байдалд нөлөөлөх, ийм хэмжээний мөрдөн байцаах ажиллагааг шаардагдах бол буцаахаас өөр зүйлгүй.

-Энэ хуулийн төсөл дээр Дээд шүүхийнхнээс ямар санал дүгнэлт өгсөн бэ. Та бүхэн нэгдмэл байр суурьтай байгаа юу?

-2019 онд хэргийг мөрдөн байцаалтад буцаах асуудлыг хэлэлцэж байхад би бол буцаах заалтыг сэргээх байр суурьтай байсан. Энэ талаар судалгаа хийсэн. Ажлын хэсэгт орж илтгэл тавьж, хэлэлцүүлж байсан. Үүний үр дүнд хууль тогтоох байгууллага хэргийг буцаах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтийг гарган хүлээн зөвшөөрч хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж байсан. 2017 оны хууль дээр анхан болон давж заалдах шатны шүүх буцаахгүй. Харин буцаахын тулд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгачихаад энэ хэргээ прокурорт буцаана гэсэн зохицуулалтыг би шүүмжилж байсан. Хүний гэм буруутай эсэхийг нэг л удаа шүүхээр хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх ёстой гэсэн зарчим байна.

-Авлига албан тушаалтанд холбогдох хавтаст хэргийг буцаах замаар замхруулдаг гэсэн яриа байдаг?

-Анхан шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг давж заалдах шатны шүүхэд ирнэ. Нийт хэргийн 4/1 нь гомдол гаргаж, Давж заалдах шатны шүүхэд ирж байгаа юм. Тэгэхээр хэргээ шийдүүлж байгаа хүн бүхэн толгой дараалж гомдол гаргаад байдаггүй. Дөнгөж 4 хэргийн 1 нь давж заалдах шатны шүүхэд ирж байна гэсэн үг. Тэрний тал нь хувь нь Дээд шүүхэд гомдол гаргана. Дунджаар авч үзэхэд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа бүх хэргийн таван хувь Дээд шүүхэд гомдол гаргаж хянагддаг гэсэн тоо баримт бий. Хууль санаачлагч маань хэргийг мөрдөн байцаалтад буцаах заалтыг хүчингүй болгох нэг үндэслэл нь хууль шүүхийн байгууллагад үүссэн хуулийн мафи буюу шүүгч прокурор мөрдөн байцаагч хэргийн нэг талд үйлчлэж буцаадаг ийм явдлыг халах гээд байгаа юм. Буцаасан хэргийг хэрэгсэхгүй болгочихоод байна гээд байгаа. Буцаах үндэслэл хэрэг бүрт өөр дээр ярьсан гурван үндэслэл дээр захирагдах ёстой.

-Мөрдөн байцаалтаар бүх нотлох баримт нь тогтоогдсон хэрэг шүүх дээр яагаад шийдвэрлэгдэхгүй удаад байдаг шалтгаан юу бэ. Ийм байдлаас болж иргэд шүүхэд итгэх итгэлээ алдаад байна уу даа?

-Шүүх хурал удаа дараа хойшилсноос болж хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удааширдаг. Яагаад шүүх хурал хойшлоод байдаг вэ гэхээр хэргийн оролцогч нар янз бүрийн хүсэлт гаргадаг. Тэр процессыг нь эдлүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хойшилдог. Цаашид бид шүүх хурлыг хойшлуулахгүй яг товлосон хугацаандаа хийдэг байхын тулд урьдчилсан хэлэлцүүлгийг хийдэг болсон. Шүүх хуралдааны бэлтгэлийг хангадаг гэсэн үг.

 

Хэргийг буцаах үндэслэл гурав байдаг гэдгийг дээр хэлсэн. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх асуудалд хэргийг буцаахгүйгээр анхан шатны шүүх нэг сар хүртэлх хугацаагаар хойшлуулаад энэ хугацаанд ялыг өөрчлөн сонсгоод, сонсгосон ялынхаа талаар тайлбар мэдүүлэг аваад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх. Харин мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг бариад хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны зөрчлийг арилгуулах нь 30 хоногт бол багтахгүй. Миний хувийн бодол бол бид бүх хэргийн зөрчил илрүүлэнгүүтээ буцаагаад байх нь гол нь биш хамгийн гол нь энэ зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой юу гэдгээ эрэлхийлэх ёстой. Үүнийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж болно. Жишээлбэл, шүүх шинжилгээний дүгнэлт дутуу гарсан байна. Энэ дүгнэлтийг шүүх хуралдаанаар нэмж гаргуулъя. Гэрчүүдийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байна, тийм учраас ийм ийм хохирогч гэрчүүдийг дуудаад шүүх хурал дээр мэдүүлгийг нь сонсоё. Энэ бол шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаанууд юм. Гэтэл нэг сарын хугацаанд амжихгүй томоохон шинжээчдийн дүгнэлт гаргуулах, гаргасан дүгнэлттэй нь холбоотой нэмэлт ажиллагаануудыг хийх, хэргийн зүйлчлэл нөхцөл байдалд нөлөөлөх, ийм хэмжээний мөрдөн байцаах ажиллагааг шаардагдах бол буцаахаас өөр зүйлгүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.