| | USD/MNT 0₮

Соёл урлагийн ууган байгууллагуудыг засварлах хөрөнгө мөнгийг зогсоохгүй байхыг хүслээ

Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн удирдлагууд болон уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлаар тус байгууллагуудын шинэчлэн засварлах ажлын хөрөнгө оруулалт болох 12 тэрбум төгрөг, бүтээн байгуулалтын ажлуудыг салбарын сайд Ё.Баатарбилэг зогсоох болсон шийдвэр гаргасныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Хэвлэлийн хуралд тус байгууллагуудын удирдлагууд болон уран бүтээлчид, ажилчид оролцлоо.

 

Засвар шинэчлэлийн ажлыг дэмжсэн болохоос эсэргүүцээгүй

 

УДЭТ-ын ерөнхий захирал Д.ЦэрэнсамбууТусгаар улс бол Үндэсний номын сан, Үндэсний театртай байх ёстой гэж үздэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар соёл урлагийн салбарт анхаарал хандуулж байна. Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр, Драмын театр гэсэн 3 байгууллага Драмын театрын барилгад нэг дор, нэг гал тогоотой үйл ажиллагаа явуулдаг.


Мэргэжлийн урлагийн байгууллагуудад барилга байгууламжийн асуудал хурцаар тавигдаж байна. Бид нар гаднын театруудад тоглолт хийгээд ирэхдээ өөрсдийн бодит байдлаас үнэхээр ичдэг. Орчин үед театрын байгууламжууд цахимаар шийдэгдэж байхад манай гар ажиллагаатай хэвээр байна. Тиймээс эдгээр театруудад бүрэн шинэчлэлийн ажил хийхийг бид бүхэн дэмжиж байгаа болохоос эсэргүүцээгүй” гэв.  

Б.Ичинхорлоо:Сайдын гаргасан шийдвэр бидэнд хүнд цохилт болсон

 

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Амь амьдралын эгзэгтэй нөхцөл байдлыг үнэн зөвөөр судлаарай. Чухам ямар асуудал байгаад засварын хөрөнгийг зогсоох гээд байгаа асуудлыг нягталж үзэхийг хүсье.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн ажилд тодорхой дэвшил гарсан. Эдгээр байгууллагуудыг шинэчлэн засварлахад байгууллага тус бүр дээр 4 тэрбум төгрөгийн хөрөнгө тусгасан юм билээ. Олон жил хүлээж байсан бид нар баяртай байсан ч сайд нь харамсалтай шийдвэр гаргасан.  

Манай театрууд болон номын санд баригдснаас нь хойш цахилгааны шугам сүлжээ, дулааны шугам сүлжээнд ямарч засвар хийж байгаагүй. Мөн гамшгийн эрсдлийн үнэлгээнд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Тодруулбал, ослын байдалтай байгаа шүү. Хүний амь нас эрсдэх вий гэсэн болгоомжлолыг байнга хэлдэг.

Уран бүтээлчид аль болохоор энэ бүхнийг тэвчиж, монголын хөгжил дэвшлийн сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Урсгал зардлаараа засвар хийдэг том хэмжээний засвар хийж байгаагүй юм. Нэг байгууллагын дээврийн засварт 400 сая төгрөг болно. Үндэсний номын сангийн барилгын хүчдэлийн ажлын зургийг гаргахад л хямдхандаа 680 сая гэсэн. Тэгэхээр дээрх хөрөнгө оруулалтыг зогсоомооргүй байна. Сайд Ё.Баатарбилэгийн мэдэгдэл бидэнд хүчтэй цохилт боллоо. Тиймээс шинэчлэлийн засварын ажлыг нэн даруй үргэлжлүүлэхийг хүсье. Дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн үгийг сонсоорой. Барилга байгууламж ямар байгаа талаар гурван байгууллага дээр нээлттэй хаалганы өдөрлөгийг хийнэ, ирж үзэж хараарай” гэв.

 

Н.Сувд:Өв уламжлалаа устгах гэсэн бодолтой уран бүтээлч нэг ч байхгүй

 

Ардын жүжигчин Н.Сувд “Би Драмын театрын ажилтны хувиар байр сууриа хэлж байна. 1963 онд энэ байранд ороход миний ээж чуулгын уран сайхны удирдагч байсан. Тэр үед би 10 жилийн хүүхэд байлаа. Тэр үед л мэргэжлийн урлагийн театрууд нэг дор байгаа тухай яригдаж, тус бүртээ барилга хэрэгтэйг 60 жилийн турш ярьсан ч шийдэгдэлгүй ирсэн. Одоо л барилга байгууламжийг шийдвэрлэх боломж олдлоо гэж бодож байлаа. Бороо ороход үзэгчдийн дээрээс дусаал гоождог. Бид нар энэ барилгыг будаж засаад, байгаа боломжоороо л ажиллуулж байна. 

Бүх тоосго нь хөгцрөөд ялзраад энэ байшин тогтох үндэсгүй болжээ. Хэчнээн их хөрөнгө мөнгө зарсан гэж санана. Ялзарсан тоосгыг хэд дахин будаад дотор нь байж болно. Гэхдээ энэ байшин нурахад бидний болоод үзэгчдийн амь үнэгүй болчих вий дээ гэж айж байна. Энэ байшинг байлгах гэж хичээж байна. Өнгө зүсийг нь хувиргаад нураахгүй, эх төрхөөр нь сэргээн шинэчилж засварлах гэж байгааг ойлгоорой. Тиймээс салбарын сайд гаргасан шийдвэрээ эргэж хараасай. Өв уламжлалын талаар устгах гэсэн бодолтой нэг ч уран бүтээлч байхгүй” гэв.

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат "Дуурь, Драм, Үндэсний номын сангийн барилга соёлын өвд ороогүй" гэв. 

 

О.Гал 

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн ажилд тодорхой дэвшил гарсан. Эдгээр байгууллагуудыг шинэчлэн засварлахад байгууллага тус бүр дээр 4 тэрбум төгрөг тусгасан юм билээ. Олон жил хүлээж байсан бид нар баяртай байсан ч сайд нь харамсалтай шийдвэр гаргасан.  
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.