| | USD/MNT 0₮

Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан манай улсад айлчилж буй Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ж.Батбаясгалан Варшав хоттой хамтын ажиллагааг боловсрол, бизнесийн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна гэдгээ хатагтай Малгожата Гошевскад илэрхийллээ. Хатагтай Малгожата Гошевска Варшав хотоос сонгогдсон парламентын гишүүний хувьд Улаанбаатар, Варшав хотын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллах болно гэдгээ хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг дурдсан юм.

Түүнчлэн ирэх онд болох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгав.

 

Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ж. Бум-Эрдэнэ нарын албаны хүмүүс байлцав.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.