| | USD/MNT 0₮
Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга асан М.Чинболд өчигдөр орой С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочноор уригдаж оролцов. Тэрбээр АН-ын дарга С.Эрдэнийг намаа самарч гүйцлээ, хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрлээ хэмээн ярьсан юм.
Түүний хувьд намаасаа хөөгдсөн төдийгүй, хамт ажиллаж байсан хүмүүсийг нь ч С.Эрдэнэ дарга үндсээр нь сольж, өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийг албан тушаалд тавьсан намын дүрэм болоод ёсонд нийцэхгүй байгаа ажээ.
М.Чинболд ярихдаа “Намын дарга С.Эрдэнэ тушаал гаргаад өнгөрсөн гуравдугаар сард намайг намаас хөөсөн. Тэгсэн хэрнээ намын даргын тушаал нь нуль алдаа, утгын алдаатай байгаа юм.
Намын болоод гишүүний эрхийг санаатайгаар зөрчсөн. Миний хувьд ямар ч сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Намын дүрмийн заалтын алийг ч зөрчөөгүй.
Уг нь бол СХД-ийн АН-ын хороо хуралдаад би халагдах ёстой. Гэтэл хуралдаагүй байж намайг халчихсан юм. Намаас хөөсөн албан бичгээ өгчих гэхээр өгдөггүй. Дүрмийн хорооны дарга Мягмардаш гэж хүн зад загнаад өгөхгүй байгаа юм.
Нийт 60 хүнийг намаас хөөгөөд оронд нь өөр хүмүүсийг тавьсан. Миний оронд Батцогт гэж хүнийг томилсон. Тэр хүн дүүрэгтээ ганц ч хүн танихгүй дээ. Мөн С.Эрдэнийн томилсон хоёр авгайн эрүүл галзууг нь би ёстой мэдэхгүй байгаа. Их хэцүү хүмүүс. Дургүй хүмүүсээ шууд хөөдөг ийм тогтолцоотой болчихсон байна. АН-ын гишүүн бол үг хэлэх эрх чөлөөтэй. Гэтэл үг хэлсэн хүнд өш санаад хөөдөг болжээ.
Үүргээ гүйцэтгээд явж байсан үүрийн дарга нарыг М.Чинболдтой нэг нутаг гээд халсан байгаа юм. Яагаад халчихаж байгаа юм бэ.
С.Эрдэнэ даргад удаа дараа хандсан. Бид хоёрт хувийн өш хонзон байхгүй. Гэтэл дүүргүүдийн намын даргыг хөөгөөд явуулчихдаг. Баянзүрх дүүргийн Пүрэвдаваа даргыг ч мөн хөөсөн. Тэгээд намаа хоёр, гурав хуваагаад хаячихдаг. Хан-Уул, Чингэлтэй дүүргийн АН-ыг ч хоёр хуваагаад самарчихсан байна. АН-ыг С.Эрдэнэ самарч чадаж байна. Ийм байдлаас болж 2020 онд АН-ыг ялуулахгүй байх. Үүрийн дарга нарыг хөөчихсөн учраас АН ялахгүй байх магадлалтай. Нам дотроо талцаж байгаа учраас Ардчилсан намынханд ашигтай байдал харагдана шүү дээ” гэв.
-Та гэр бүлийнхээ хамт Япон улсад зугаалсан юм биш үү. Төсөв санхүү нь хаанаас гарсан бэ?
-СХД-ийн хувьд хөгжилтэй орнуудадтай холбоо тогтоож, хамтран ажиллахаар болсон. Тэрний нэг нь Япон улсын Осако хатын консултай холбогдож хамтын харилцаатй ажилласан. Тус улсад айлчилсан үеийн зургийг Ардын намынхан олон нийтийн сүлжээнд тараачихсан юм билээ. Япончууд гэр бүлийн хамт ирээрэй гэсэн урилга өгсөн байсан. Тухайн үед эхнэрийнхээ зардлыг дүүргээс гаргасан эсэхийг шалгаж өгнө үү гэж АТГ-т би өөрөө хандсан. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж үзээд төсвийн мөнгийг эхнэртээ зарцуулсан нь үндэслэлгүй байна гэсэн албан бичгийг гаргаж өгсөн. Би яалаа гэж дүүргийнхээ төсвөөс гаргах вэ дээ.
-Танай намын даргыг хөрөнгө мөнгөний хувьд их хөрөнгөлөг. Нам мөнгө ихтэй гэж олон нийт ойлгодог?
-Дүүргийн намын даргад нэр дэвшигч бол 20 сая төгрөг өгнө. Захын дүүргүүдийн дарга нар бол 10 сая, аймгийн дарга нар 15 саяыг өгдөг. Үндэсний бодлогын хорооны гишүүд гэж 200 гаруй гишүүн байсан бол одоо 427 болгож гишүүд болгоноос 3 сая төгрөгийн хураамж авдаг болсон. Татвар гэж 3 саяыг өгөх ч дахиад сонгуульд өрсөлдөхөд 3 саяыг өгнө. Ингээд нийтдээ 6 сая төгрөг АН-ын санд хураамж хэлбэрээр байршуулах нь. Сонгуульд сонгогдсон тохиолдолд жил болгон 3 сая төгрөгөө өгнө. Гэх мэтээр 10 гаруй тэрбум төгрөг цугларсан байдаг. Хоёр жилийн хугацаанд дүүргийн намын дарга хийхдээ дээрх их хэмжээний мөнгө хаашаа ордгийг учрыг үнэндээ ойлгоогүй. С.Эрдэнэ дарга “Монголоо сонсъё”, “Хөгжил шинэчлэл” гэсэн хоёр аяныг орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан. Хоёрдугаар сард жагсаал, мөн бүсийн чуулган хийсэн. Ажил нэртэй архидалт их болдог.
Үндэсний бодлогын хорооны хурал дээр санхүүгийн тайлан тавь гэхээр зад загнадаг. АН нээлттэй, дарга нараа шүүмжилдэг, үгийг нь авдаг, хаядаг, нийгэмд сайн сайхныг уриалсан ажил хийдэг байлаа. Одоо бол тийм биш болжээ. АН-аа муулахгүй ч удирдлагыг нь муулмаар байна. Ардын намаас ч илүү байлаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ болон 60 тэрбумаар орооцолдсон эрх баригч намаас ч долоон дор болж байна.
-С.Эрдэнэ даргыг огцруулахыг шаардаж, хэсэг залуус мэтгэлцээнд уриад байсан. Даргыг солилоо гэхэд өөр хэн байх юм бэ?
-Н.Алтанхуяг даргын хэлдгээр С.Эрдэнэ дарга хөөдөг ч хүн биш. Би намаасаа гарахгүй, хөөсөн ч явахгүй. Хөөгдөөд хаашаа ч явах билээ. 1990 оноос хойш энэ намдаа үнэнч зүтгэж байна. Гэвч намын удирдлага шинэчлэгдэхгүй бол болохоо байчихжээ. Цаашид энэ намыг аваад явчих нэр цэвэр хүмүүс олон байна. Тухайлбал, З.Нарантуяа дарга бол энэ намыг удирдаад аваад явчих сэтгэлтэй мэдлэгтэй, боловсролтой хүн. Гэтэл дээр нь дархлагдсан өөрсдийгөө мөнхийн дарга гээд бодсон даварчихсан хүмүүс байна. Би Ванга шиг хэлье, харж байгаарай 2020 оны сонгуульд АН ялагдана.
-УИХ-д нэр дэвших эрхээ авахын тулд 100 сая төгрөг намдаа өгнө гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн юмуу?
-Энэ бол байж боломгүй зүйл гэдгийг Э.Бат-Үүл дарга нар эсэргүүцээд байгаа. Энэ нь нөгөө 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэх үйлдэл болно. Асар их мөнгө байгаа биз дээ. Дээрээс нь 100 сая төгрөг гээд байгаа. Энэ мөнгөө яаж олох юм бэ, хулгай хийж л олно шүү дээ.
Энэ их мөнгөөр яг юу хийх гээд байгаа юм бэ. Жишээлбэл “Их тамир” амралтын газар бол мөнгө угаах газар болсон шүү дээ. Гишүүдийн сургалт хийнэ гэж нэг гишүүний 60 мянган төгрөг гээд 60 сая төгрөг нэг удаа авах жишээний. Ямар нэгэн арга хэмжээг С.Эрдэнэ даргын “Их тамир” амралтын газарт зохион байгуулдаг нь үнэн шүү.
-Намынхаа мөнгийг хувийнхаа данс болоод өөртөө ашигтай байдлаар ашигласан зүйл байдаг уу?
-Байдаг байх. С.Эрдэнэ даргын хууль бус үйлдлүүд цайрна цайрна гэхэд арай дэндсэн. Шударга залуус маань энэ хууль бус үйлдэлтэй нь тэмцэх байх.
-Та ирэх оны сонгуульд нэр дэвших үү?
-Одоохондоо шийдсэн юм алга. Намгүй болчихсон хүн хэцүү шүү дээ. Нөгөө томилсон хүмүүс нь “М.Чинболд Ж.Батзандангийн намд оржээ” гэсэн худлаа ташаа мэдээллийг тараагаад байна.
-Та намдаа 100 сая төгрөг тушаагаад нэр дэвшиж болохгүй юу?
-Боломж байхгүй. Тийм их мөнгийг хаанаас олж өгөх юм бэ. Надад лав 100 сая төгрөг байхгүй.
-Намаасаа хөөгдсөн та одоо яах вэ?
-Намаас минь хөөнө ч гэж юу байх вэ, хөөгдөнө ч гэж юу байх билээ. Энэ хүн өөрийн хүсэлтээр зайлах байлгүй дээ. Би бол Ардчилсан намдаа үхэн үхтэлээ үнэнчээр зүтгэнэ. Гэхдээ энэ намын болохгүй байгаа удирдлагуудыг зайлтал нь тэмцэж, намаа цэвэрлэж авна.
АН-ын дарга С.Эрдэнийг удахгүй зайлуулж, намаа цэвэрлэж авна гэв.