| | USD/MNT 0₮

С.Цэвээн:Бурхан болсон ханийнхаа нэр хүндийг сэргээж байж, би сэтгэл амар бурхны орондоо очих болно

Төрийн ордны баруун хаалганы дэргэд олон хоног сууж байгаа булчирхайн хорт хавдартай өндөр настан С.Цэвээн гуай сууж байгаа дүр зургийг хүн бүр харж байгаа. Энэ хүний талаарх мэдээллийг ч хэвлэл мэдээлэл, цахим хэрэгслээр сонссон байх. Өдий настай хүн үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр халамж буянд гэртээ амар амгалан сууж байх ёстой байтал өнөөдөр төрийн томчуудыг царайчилж, шударга бус нийгмийг, шударга бус шүүх хуулийн байгууллагыг шүүмжилж халаглаж сууна. Тэрбээр одоогоос 31 жилийн өмнө албан үүргээ гүйцэтгэж яваад АН-26 онгоцны ослоор амиа алдсан нөхөр Б.Сонинпилийнхээ нэр төрийг сэргээх зорилготой сууж байгаа нь энэ юм. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Сайн байна уу та, таны бие тэнхээ сайн уу?

-Сайн байна уу хүү. Сайн ч биш байна, сайн биш байлаа гээд эмээ нь энд суухаа болихгүй. Биеийн байдал сайн бишээ. Зүүн талын хүзүүний булчирхай өвдөж, доошоо чилж чинэрч өвдөөд байгаа. Булчин махнууд их өвдөж гараа атгахад их хүндрэлтэй байгаа шүү. Шөнө болохоор их өвдөнө, яваандаа толгойгоо даахгүй л болох байх даа.

-Эмнэлэгийн хяналтад байнга байдаг уу та. Хорт хавдраа авахуулах хагалгаанд орох талаар боддог уу?

-Эмээ нь таван жилийн өмнө булчирхайн хорт хавдартай гэдгээ мэдсэн. Тухайн үед 5-6 зангилаа байна гэсэн тэр нь үрэвсээд хавдар болчихсон. Үүндээ мэс хүргүүлэх их дургүй. Яагаад гэвэл миний нэг таньдаг хүн маань яг ийм төрлийн хагалгаанд ороод удалгүй нас барсан. Тэгэхээр би айгаад байгаа. Аль болох тайван уур уцааргүй байвал энэ маань өвдөх бага байдаг. /Хүзүүний булчирхайгаа харуулав/. Энэ асуудлыг шийдэж, ханийнхаа нэр төрийг сэргээд авчихвал миний хорт хавдар яах вэ. Муу хүүхдүүдийнхээ нэрийг цэвэрлээд үлдээх юмсан.

-Та хоёр сарын хугацаанд суухдаа дунд нь амарсан уу. Өглөө хэдэн цагаас хэдийн хооронд энэ хаалган дээр сууж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны хүн гарч ирээд “Цэвээн гуай таны асуудлыг анхааралдаа авсан. Та баяр наадмын өдрүүдэд гэртээ бай” гэсэн учраас өнгөрсөн наадмын амралтын өдрүүдэд 9 хоног гэртээ амарсан. Тэгээд энэ төрийн байгууллага болон Төрийн ордныхон цугларахаар нь гарч ирээд суусан. Эмээ нь өглөө 07.30 цагт ирээд хаалга манаад суудаг. Орой 21 цагт буугаад харьдаг юм. Монголын ард түмэн, хөөрхөн залуус хүүхдүүд над дээр ирж ус ундаа, цай хоол өгдөг. Ард түмнийхээ буянд нэг их ядарч зүдрэхгүй л сууж байна даа, эмээ нь.

-Өнгөрсөн хугацаанд хаа хаана хандав. Ямар хариу хүлээж авсан бэ, та?

-Тавдугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хурал болсон. Энэ шүүх хурлаар 1990 оны 2 дугаар сарын дундуур Батлан хамгаалах яамны архив, тагнуулын архиваас манай гэр бүлийнхэнд хоёр удаагийн тусламж олгосон гэсэн архивын баримт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, 1990 онд 700, 1993 онд 2000 төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгосон гэх. ХХЕГ-аас энэхүү мөнгийг ар гэрийнхэнд нь олгосон гэдэг хариуг 2020 оны хоёрдугаар сард өгсөн. Харамсалтай нь бид бүхэн энэ мөнгийг аваагүй тул холбогдох албан тушаалтнуудад хандаж, уг баримтын учир начрыг олохоор Төрийн ордон болон албан тушаалтнуудын царай харж үүд хаалга сахиж сууна. Дээрх баримтын үнэн мөнийг олох л ганцхан хүсэлтэй. Өтөлсөн хойноо их юм үзэх нь дээ эмээ нь.

-Та бүхэн энэ асуудлын учрыг олохоор өмгөөлөгч авч хуулийн дагуу шүүхэд хандсан юм байна. Шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэр яаж гарсан бэ?

-Хууль шүүхийн байгууллагад ихэд гомдолтой байгаа. Өмгөөлөгч аваад хуулиа судлаад үзэхээр тухайн үеийн цэргийн албаны хуулиар бол надад тэтгэмж олгогдох ёстой байсан юм билээ. Тэр зүйлээ хүртэл бид нар нэхэмжилсэн. Шүүгч Наранцогт хариуцагч тал болох Засгийн газарт “Санхүүгийн баримтаар нотолж чадахгүй байгаа бол нас барсан хүний ар гэрийнхнээс уучлалт хүсээд хариуцлагатай хандаарай. Нотлох баримтгүйгээр ар гэрийнхэнд нь хандаж болохгүй. Тухайн үеийн Засгийн газрын тогтоол нотлох баримтыг шуурхай олж ир. Хэрвээ олж чадахгүй бол олж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөр” гэсэн. Ингээд коронагийн нөхцөл байдлаас болж улсад хөл хорио тогтоогдоод манай өмгөөлөгчид нотлох баримтыг олж авахад хүндрэл учирсан. Ингээд шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард болж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нэг ёсондоо хуурамч нотлох баримтаар хэргийг шийдсэн. Цолмон шүүгч “Яагаад та бүхэн 30 жилийн дараа энэ асуудлыг мэдчихэв” гэсэн. Бидэнд энэ асуудал дээр гомдол гаргах эрх нь хуулиараа олгогдсон учир гаргасан. Эрхийнхээ дагуу л гомдол гаргасан. Уг нь тэр шүүгч хариуцагч талаас “ Та нар яагаад нотлох баримтаа гаргаж өгөхгүй байгаа юм бэ” гэж асуухын оронд бид нараас өөр асуулт асуугаад байсан. Шүүгчийн асуусан асуулт хандлагад үнэхээр цочирдсон. Бүр шоконд орсон.

-Тэгээд Засгийн газрын тогтоол, санхүүгийн баримт нь олдсон уу?

-Олдоогүй. Яагаад тэр баримтыг гаргаж ирэхгүй байна гэдгийг ойлгохгүй байгаа. Хэрвээ тэтгэмж өгсөн бол 7 төгрөг биш 700 төгрөг өгсөн гэх санхүүгийн баримт бий. Тэрэн дээр нь би гарын үсэг зурсан байх ёстой доо. Гэвч тийм зүйл байхгүй шүү дээ. Хуурамч бичиг баримт гэхээр манай талд санхүүгийн баримт бичиг гаргаж өгч чадаагүй. Тэгсэн мөртлөө даргын тушаал байгаа учраас та бүхэн тэтгэмж авсан байгаа гэх хариуцагчийн талын төлөөлөгчийн үгээр асуудлыг шийдсэн.

-Энэхүү архивын баримт бичгийг анх хэн олсон юм бэ?

-Миний охин С.Урансувдмаа Голомт банкны хохирогч болж яваад ийнхүү 30 жилийн дараа олсон байдаг юм. Хэрэг явдал болдог тухайн үед тэтгэмж авах битгий хэл ажлынх нь өрөөнд байсан сейфийг нь ч авч чадаагүй юм шүү дээ.

-Хамгийн сүүлд та хоёрыг ямар хүн хүлээж авч ямар хариу өгөв?

-Шүүх хурлын дараа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өрөөндөө хүлээн авч уулзаад “Хариуцлагагүй зүйл болжээ. Холбогдох баримт бичгүүдийг цуглуулаад долоо хоногийн дараа гаргаж өгнө” гэсэн. Би долоо хоног хүлээсэн. Гэвч олигтой бичиг баримт гаргаж ирээгүй нөгөө л бид нарын цуглуулсан баримт байсан. Гэвч санхүүгийн баримт гарч ирэхгүй гэсэн. Ингээд би төрийн гурван өндөрлөгт хандсан. Дахиад өргөдөл гомдол гаргаад явсан ч дорвитой арга хэмжээ авсангүй. Хуульзүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа хоёр гарч ирээд уулзсан. Миний материалуудыг аваад УИХ-ын Тамгын газарт болон холбогдох газруудад нь тавьж шаардъя гэж, албан бичиг явуулсан ч одоогоор ямар ч хариу алга. Зургадугаар сарын 28-нд Нямбаатар гарч ирээд “Цэвээн гуай бид нар таны бичиг баримтыг судалсан. Таны ханийн нэр төрийг сэргээх ёстой юм байна. Ингээд маргааш яаман дээр тантай уулзая” гэж хэлээд явсан. Маргааш нь би яаман дээр нь явж очиход нэг ажилтан нь хүлээж авсан. Тэр хүн нь “Та нар давж заалдах шатны шүүхийн хугацаагаа битгий алдаа тэрэн дээр Засгийн газар эвлэрэх байр суурьтай оръё” гэсэн. Тэрний дагуу бид дараагийн шатны шүүхэд холбогдох материалаа өгсөн ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу байхгүй. Сая наймдугаар сарын 02-нд Хуульзүйн яамнаас дуудаж байна гэхээр нь очсон. Гэвч Х.Нямбаатар сайдын хэлсэн байр суурь хэлснээрээ байгаагүй. Давж заалдахын шүүхээс хүртэл та нарын гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж хугацаа сунгаж эхэлжээ. Би бол энд сууж байгаад л асуудлаа шийдүүлнэ. Миний чадах юм ингэж суух. Өөр сонголт байхгүй. Тэмцэхээс өөр арга алга.

-Хэрвээ ямар нэгэн удирдах албан тушаалтан хүлээж авахгүй бол дараагийн авах арга хэмжээ юу байгаа вэ?

-Эмээ нь үнэнийг үзтэл энд сууна. Ямар ч байсан бурхан болсон ханийнхаа нэр хүндийг сэргээж, энэ хэргийг цагаатгаж байж бурханы орондоо сэтгэл амар очих болно. Ханийнхаа төлөө ийм юм хийсэн шүү гэж ядаж сүнсээр холбогдож ханьдаа ярих болно шүү дээ. Миний хүүхдүүд ээжийнхээ эрүүл мэндэд санаа зовж байгаа. Тэд маань хоол ундыг нь зөөгөөд ард түмэн ч гэсэн “Та хүчтэй байгаарай, энэ асуудлаа заавал зөв талд нь шийдүүлээрэй” гэж сэтгэлийн дэм, дэмжлэг өгч байгаад талархаж байгаа.

-Ийм илт баримттай асуудлыг яагаад холбогдох албаныхан болон төрийн түшээд шийдвэрлэчихэж болдоггүй юм болоо?

-Энэ улсад ажлын хариуцлага гэж ер алга. Дээр дооргүй дэнхэл донхолгүй хариуцлага гэж юм байхгүй. Хэн ч хариуцлага хүлээхийг хүсдэггүй юм байна. Аргацаасан арга хэлбэрээр намайг эндээс явуулах гэсэн бодолтой хүмүүс байдаг бололтой. 30 жилийн дараа 75 насанд минь ийм архивын баримт гарч ирэхээр хэн ч балмагддаг юм байна. Тиймээс би босоо ороолон болчихсон /инээв/. Хэлэх ч үг алга. Нийгэм ёстой муухай байна. Хэрвээ тэр тэжээгчээ алдсны тэтгэмжийг өгөх ёстой юм бол авахад буруудахгүй.

-Таны хань Б.Сонинпил ямар хүн байсан бэ?

-Би 17 настай, хань маань 20 настай цэл залуухан нутгийн хоёр танилцаж гэр бүл болж байлаа. Миний хань цэргийн албаны ахлах офицер хүн байсан. 27 жил цэргийн албанд зүтгэж албан үүргээ гүйцэтгэж яваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд харамсалтайгаар амиа алдсан байдаг. Миний хань төрийн онгоцонд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Төр хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт яагаад манай гэр бүлийнхнийг тэтгэмж авсан гэх баримт яваад байна. Үүнийхээ баримтыг гаргаж ирж чадахгүй бол нэр төрийг нь сэргээж өг. Тухайн үед би дөрвөн нялх хүүхэдтэйгээ бүлтийгээд өнчирч хоцорч байсан. Тухайн үед бидэнд ямар нэгэн тэтгэмж өгч байгаагүй. Гэтэл тэжээгчээ алдагдсны нөхөн төлбөр өгсөн гэх архивын баримт гарч ирэхээр хэн ч гайхна. Өгсөн гэх баримт гаргаж мөнгийг нь хэн авав. Энэ мөнгө хаачив гэдэг нь ихээхэн анхаарал татна. Миний хань ОХУ-д хоёр жил мэргэжил дээшлүүлж суралцсан, өндөр боловсролтой, гурван улсын хэлтэй, сэхээтэн хүн байсан. Тэр онгоцны ослын тухайд хэлэхэд бас ажлын хариуцлагагүйгээс болсон сүйрэл шүү дээ. Миний хань цолныхоо хувьд ч насныхаа хувьд ч хамгийн ахмад нь байсан. Олон идэр насны залуус амь эрсэдсэн шүү дээ. Миний хань эрдэм шинжилгээний цол хамгаалах гээд судалгааны ажил хийхээр явж байгаад үрэгдсэн. Тухайн үед миний ханийг Алтан-Өлгийд оршуулсан бөгөөд төрийн далбаа нь бөхийж хүндэтгэл үзүүлж байлаа. Одоо гэтэл төр засаг нь шударга бус, төрийн алба хаагчид нь хүнлэг биш муухай байгаад харамсч байна.

Ханийнх нь зургууд 

О.Сайхан  

 

Тавдугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хурал болсон. Энэ шүүх хурлаар 1990 оны 2 дугаар сарын дундуур Батлан хамгаалах яамны архив, тагнуулын архиваас манай гэр бүлийнхэнд хоёр удаагийн тусламж олгосон гэсэн архивын баримт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, 1990 онд 700, 1993 онд 2000 төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгосон гэх. ХХЕГ-аас энэхүү мөнгийг ар гэрийнхэнд нь олгосон гэдэг хариуг 2020 оны хоёрдугаар сард өгсөн. Харамсалтай нь бид бүхэн энэ мөнгийг аваагүй тул холбогдох албан тушаалтнуудад хандаж, уг баримтын учир начрыг олохоор Төрийн ордон болон албан тушаалтнуудын царай харж үүд хаалга сахиж сууна. Дээрх баримтын үнэн мөнийг олох л ганцхан хүсэлтэй. Өтөлсөн хойноо их юм үзэх нь дээ эмээ нь.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.