| | USD/MNT 0₮

Архангай аймгийн улсын аварга малчид, тариаланчид тодорлоо

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Төрийн одон дээд медалийг гардууллаа. Тухайлбал, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор Гончигийн Чулуунбаатар, Алтан гадас одонгоор Гомбожавын Нинжээ, Санжаагийн Үзмээ, Даариймаагийн Энхтуул, Сандуйжавын Сономцэрэн, Дэмбээгийн Чимэдцэрэн, Сэдрагчаагийн Адъяажаргал нар тус тус шагнагдлаа.

Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор шагнуулсан Гончигийн Чулуунбаатар: Юуны өмнө аймгийн нийт иргэд хөдөлмөрчдөд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. 1984 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж ирээд Батцэнгэл суманд ажиллаж эхэлсэн. Тэгээд 1992 оноос Цэцэрлэг сумын даргаар ажиллаж, Нийтлэг үйлчилгээний газрын даргаар, 2004-2008 онд аймгийн Засаг даргын орлогчоор, 2008 оноос өдийг хүртэл аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байна. Миний шагнагдсан Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон бол 41 жилийн турш дээрх албан тушаалуудыг хашихад хамт зүтгэсэн бүх хүмүүсийн гавъяа шагнал юм.  

Алтангадас одонгоор шагнуулсан Даариймаагийн Энхтуул: Би цэцэрлэгийн багш хэмээх эрхэм хүндтэй мэргэжлийг эзэмшээд 31 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд 2007 онд Улсын шилдэг багш, 2009 онд Улсын тэргүүний багш цол хүртэж байсан бол өнөөдөр Алтан гадас хэмээх цолыг Төр засгаасаа хүртэж байгаадаа маш их баяртай байна.

Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал болж, Улсын аварга малчин, аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, аварга саальчин, аварга фермер, аварга тариаланч хамт олон, аварга тариаланч, "Алтан төл"-ийн эздийг тодрууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлэхдээ “Хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг үзэж буй нийт малчид, тариаланчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Жил бүр Монгол Улсын Хошой аварга малчин, аварга малчин, аварга саальчин, аварга тариаланч, “Алтан төл”-ийн эздийг шалгаруулдаг уламжлалтай. Гэвч дэлхий дахинд тархсан коронавирусийн цар тахлын улмаас шагналын хур буулгүй нэлээдгүй удлаа. Иймд нар хур тэгширсэн энэ сайхан өдөр бахдам амжилтын эздээ тодруулж байгаадаа маш их баяртай байна. Мөн Батцэнгэл сумаас Улсын хошой аварга малчин төрсөн сайхан мэдээ дуулгаж байгаадаа баярлаж байна. Буянт малаа өсгөн үржүүлж, дэлхийд ганцхан нүүдэлчин өв соёлыг тээж авч явж, Монгол Улсынхаа хөгжил дэвшил, эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа бахдам амжилт бол та бүгдийнх юм аа. Арын сайхан хангай нутаг мал сүргээрээ улсдаа тэргүүлж байгаа. Мөн Улсын аварга саальчин, тариаланч нар төрж байна. Мал сүрэг бол дундардаг биш ундардаг баялаг. Энэхүү баялгаа ундруулж, Монгол Улсынхаа хөгжил дэвшил, эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа баяр хөөр, амжилтыг хуваалцсандаа УИХ-ын гишүүн бид гурвын зүгээс маш их баяртай байна.  

Мөн сум, баг бүрт ногоон тэжээл бэлтгэх ажлыг эхлүүлэх Хадлангийн бригад байгуулж, туршилтаа амжилттай гүйцэтгээд явж байна. Үүнээс гадна “Цөм сүрэг” бий болгох ажлыг Батцэнгэл, Ихтамир, Төвшрүүлэх сумаас амжилттай эхлүүлээд явж байгаа.

"Алтан унага"-ны эзнээр Самбуугийн Мэндсайхан,

"Алтан тугал"-ын эзнээр Х.Батбилэг, Жамцандоржийн Батсайхан, Алтантариагийн Гантулга,

"Алтан хурга"-ны эзнээр Сондуйн Энхбат, Магсарын Бат-Эрдэнэ, Пүрэвцэрэнгийн Эрдэнэбаатар, Чойжилсүрэнгийн Гонгорсүрэн, Далайхүүгийн Лхагваа нар тус тус шалгарлаа.

Архангай аймгаас улсын хошой аварга малчин төрснийг аймгийн Засаг дарга Д.Золжаргал зарлалаа.

УЛСЫН ХОШОЙ АВАРГА малчнаар Батцэнгэл сумын Дэл багийн малчин Лхагвасүрэнгийн Айлтгүйбаатар,

Улсын аварга малчнаар Жадамбын Мөнхбат, Жанцанзундуйн Ундрах,

Улсын аварга малчин өрхөөр Баянжаргалын Дашдаржаа, эхнэр Сумъяагийн Чулуунцэцэг нарын эрхмүүд тодорлоо.

Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байдаг манлайлагч малчид, газар тариалангийн салбарт тогтвортой амжилт гаргаж бусдыгаа хошуучилж байгаа аварга малчин, тариаланч нарыг ийнхүү тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Архангай аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Төрийн одон дээд медалийг гардууллаа. Тухайлбал, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор Гончигийн Чулуунбаатар, Алтан гадас одонгоор Гомбожавын Нинжээ, Санжаагийн Үзмээ, Даариймаагийн Энхтуул, Сандуйжавын Сономцэрэн, Дэмбээгийн Чимэдцэрэн, Сэдрагчаагийн Адъяажаргал нар тус тус шагнагдлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.