| | USD/MNT 0₮

М.Чинбат: Ч.Сайханбилэг сайн дураараа энэ сарын 21-нд ирнэ гэсэн

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа. 

-УЕП-ыг ажлаа хийхгүй байна гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараад байна. Энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-УЕП хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу орлогч прокурор С.Алиманцэцэгт ажлаа шилжүүлсэн. Үүний дагуу Улсын Ерөнхйи Прокурорын ажил хэвийн явж байгаа. 

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирнэ гэж байсан. Одоогийн байдлаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр болж байгаа нийт хэчнээн гишүүн байгаа вэ?

-Тийм асуудал байхгүй байна. 

-Тэгвэл ЖДҮ-гийн хэрэг яагаад удаашраад байгаа юм бэ?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан зарим хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн байгаа. Үлдсэн хэргүүд нь журмынхаа дагуу шалгагдаж байна. Хэрэв шалгагдаж дууссан бол АТГ-аас Нийслэлийн прокурор рүү шилжүүлнэ. 

-Хэргүүд хаагдаж байгаа юу?

-Хаагдаж байгаа хэргүүд бий. Тоог нь нарийвчлан хэлэх боломжгүй байна.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Нийт хэчнээн албан тушаалтан байгаа юм бэ?

-Энэ хэрэг Төв аймгийн шүүхэд болсон. Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасныг зарим прокурор эсэргүүцэж, албан бичиг өргөн барьсныг Давж заалдах шатны шүүх хүлээж авсан. Ингээд дахин шүүхээр хэлэлцүүлэхээр болж, Дээд шүүхэд оролцогчийн гомдлоор хянагдаж байгаа. Ийм хэрэгт хүнийг татна, татахгүй гэх зүйл байхгүй. 

-Өнөөдөр УЕП-оос Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах боломжгүй гэсэн байсан.

-Энэ хэрэг бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй. Үүнийгээ ойлгохгүй сошиалаар буруу тайлбар хийгээд байна. 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэзээ авчрахаар төлөвлөж байгаа вэ?

-Тэр хүн өөрөө сайн дураараа энэ сарын 21-нд ирнэ гэсэн. Хэрэг нь Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэрэг юу болж байгаа вэ?

-Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татсан тухай мэдээлэл ирээгүй байна. 

ШУУД ҮЗЭХ:

ПРОКУРОРЫН ОРЛОГЧ М.ЧИНБАТ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.