| | USD/MNT 0₮

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тамгаа гардан авч, тангараг өргөлөө

2021 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 67 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүх тангараг өргөлөө. УИХ-ын чуулганы хуралдаан нээснийг мэдэгдсэний дараа хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд Ерөнхийлөгчийн тамгыг албан ёсоор гардуулж өгсөн юм.

Ийнхүү тэрээр ард түмэн, УИХ-ын гишүүд, зочид төлөөлөгчдөд хандан үг хэллээ.

У.Хүрэлсүх: “Эрхэм хүндэт ард иргэд, элэг нэгт ахан дүүс ээ. Миний бие бүрэн эрхт, бүтэн заяат Монгол Улсынхаа өндөр сэнтийг түшиж, эрх үүргээ шударгаар сахин биелүүлэхээ андгайлж, тангарагаа аргалаа. Эгэл жирийн жолоочийн гэр бүлд өссөн надад Монгол төрийг тэргүүлэх их хувь заяаг оноосон эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн, мэхийн ёсолъё. Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн, бурхны орноос харж буй аав, ээждээ, аваг дээдэсдээ мэхийн ёсолъё. Миний бие үндэсний эв нэгдлээ сахин хамгаалах ард түмний асар их захиа даалгаврыг хүлээн авч байна. Энэ сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нарт амжилт хүсье. Мөн Х.Баттулга танд гүн хүндэтгэл үзүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөе. Хүмүүс эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, сэтгэл хангалуун амьдардаг нийгэм байгуулах гэж ард түмэн хүсэж, бас шахаж шаардаж буй. Хараат бус шударга шүүхийн байгууллагатай байх нь үүний үндэс. Зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг тогтолцоог бий болгох нь чухал байна. Хүн засагладаггүй, хууль засагладаг байна. Ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг байх нь Монгол төр юм.

Байгалийн баялгаа адил тэгш хүртэх нь мөн чухал шаардлага болжээ. Төрийн бодлогыг тодорхойлж, үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэн, эх орноо үйлдвэрлэгч улс болгохын төлөө ажиллана. Ард түмний минь хүсэл тэмүүлэл, төрийн тэргүүн миний байр суурийн үр шимийг манай ард түмэн хүртэнэ гэдэгт итгэж байна. Харин байгалийн баялаг бол дундардаг баялаг, манай ард түмний оюун санаа бол ундардаг баялаг гэдгийг санах хэрэгтэй. Бидний энэ баялаг бол монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархахын үндэс суурь болох юм. Хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм. Иймд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, ёс заншлаа сурталчлах ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллана. Тусгаар тогтнолын үндэс нь эх орон, газар шороо, хэл соёл, ард түмэн билээ. Эдгээрийн алтан гагнаас нь эв нэгдэл билээ. Монголчууд эвтэй байхдаа хүчирхэгжин манддаг. Миний бие Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаална. Монголын ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдлийн эсрэг аливаа зүйлтэй хатуу тэмцэнэ” гэсэн юм.

2021 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 67 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүх тангараг өргөлөө. УИХ-ын чуулганы хуралдаан нээснийг мэдэгдсэний дараа хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд Ерөнхийлөгчийн тамгыг албан ёсоор гардуулж өгсөн юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.