| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхэд В.Путин, Си Жиньпин тэргүүтэй их гүрний удирдагчид баяр хүргэжээ

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан У.Хүрэлсүх арав хоногийн дараа тангаргаа өргөнө. Энэ сарын 9-нд болсон санал хураалтаас хойш түүнд дэлхийн долоон улсын удирдагч, төрийн тэргүүнүүд баяр хүргэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: “Санал хураалтын үр дүн Таны улс төрийн нэр хүндийг бүрэн дүүрэн нотлон харууллаа. Төрийн тэргүүний хувиар Таны цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь ОХУ, Монгол Улсын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлнэ хэмээн найдаж байна”

БНХАУ-ын дарга Си Жиньпин: “Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон мэдээг хүлээн авсан бөгөөд Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд, чин сэтгэлээсээ хамтран ажилладаг түншүүд билээ. Эдүгээ хоёр улсын харилцааны хөгжлийн хандлага сайн байна. Коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар болон ард түмэн цар тахалтай мөр зэрэгцэн хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч байна. Та Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт урт хугацааны туршид анхаарал хандуулж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ. Миний бие Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг  бөгөөд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц дэвшил тасралтгүй гаргахыг удирдан чиглүүлэхийн төлөө Тантай хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсад хөгжил цэцэглэл, Монголын ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе”.  

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Түүх, соёлын уялдаа холбооноос улам бүр хүч аван урагшилдаг хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч Таны Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд улам бүр хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Энэхүү завшааныг тохиолдуулан Танд болон ах дүүгийн харилцаатай нөхөрсөг Монголын ард түмэнд амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе”.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук: “2021-2027 оны сонгуульт хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд Вьетнамын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Миний бие 2016 оны долдугаар сард Вьетнам Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Ази, Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр танай сайхан орон, Монголын ард түмний талаар гүн гүнзгий сэтгэгдэлтэй үлдсэнийг тэмдэглэхэд таатай байна. Эрхэмсэг ноён Таны манлайлал дор Монгол Улс цаашид ч цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн улам бүр чинээлэг, аз жаргалтай байх болно гэдэгт миний бие итгэл төгс байна.Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бэхжиж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад миний бие туйлын баяртай байна. Вьетнам Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид хоёр улсын төр засаг, ард түмэн хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны нягт хамтын ажиллагаагаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа манай хоёр ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, өндөр хариуцлагатай албан тушаалдаа илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе”.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен: “Монголын  ард түмэн, Засгийн газар 6 дугаар сарын 9-ний өдөр тус улсад 1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойших 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд АНУ баяр хүргэж байна. Бид Монгол Улс ардчиллын төлөө тууштай байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу тус улсын "гуравдагч хөрш", Стратегийн түнш болсноороо бахархдаг. Бид  энэхүү түншлэлийг  бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно”.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев: “Сонгуульд итгэлтэйгээр ялсан явдал Таны улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмэр болон Монголын ард түмний итгэл найдварын илэрхийлэл юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө Таны санаачилга, төлөвлөгөө  амжилталд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Харилцан хүндэтгэл, тал бүрийн хамтын ажиллагаанд тулгуурласан Монгол-Казахстаны уламжлалт хэлхээ холбоо бэхжинэ гэдгийг сэтгэл ханамжтайгаар илэрхийлж байна. Манай ард түмний сайн сайхны төлөө түншлэлийн харилцаагаа хоёр болон олон талын хүрээнд хөгжүүлэхэд өөрийн зүгээс хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ нотолъё”.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд: “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд Энэтхэг Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Энэтхэг, Монгол хоёр улс Буддын шашинд тулгуурласан түүхэн хэлхээ холбоотой билээ. Манай хоёр улсын хооронд тогтоосон Стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд олон салбарт тогтвортой хөгжиж ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайд байх үеэс та хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Таны манлайлал дор манай хоёр улсын түншлэл цаашид ч улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилд тань амжилтын дээдийг хүсэхийн зэрэгцээ Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу” гэжээ.

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан У.Хүрэлсүх арав хоногийн дараа тангаргаа өргөнө. Энэ сарын 9-нд болсон санал хураалтаас хойш түүнд дэлхийн долоон улсын удирдагч, төрийн тэргүүнүүд баяр хүргэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.