| | USD/MNT 0₮

Сонгууль ба “Соросын сан”-гийн санхүүжилт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа бараг дуусах гэж байна. Иргэд ч сонголтоо бараг хийчихсэн, нэрийг нь дугуйлахад ч бэлэн болсон нь лавтай.

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хугацаанд бид Төрийн тэргүүнээ дөрвөн жил тутамд сонгодог байсан бол энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу таван жил үүрэг гүйцэтгэх, эрх дарх нь өмнөх Ерөнхийлөгч нараасаа хумигдсан эрхмийг сонгох гэж байна. Энэ сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-ын “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж өрсөлдүүлэн сонгуулийн насны иргэдийн олонхын дэмжлэг хүлээсэн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч болох нь гарцаагүй.

Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байхад нэр дэвшигч Д.Энхбат дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар авч, эмнэлэгт хэвтэж буй бөгөөд мэтгэлцээнээ цахимаар хийх санаачилга гаргаад байна. Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхсөнтэй зэрэгцээд нэр дэвшигчдийн талаар янз бүрийн мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдах болов. Тухайлбал, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын ард Ц.Элбэгдорж байгаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон. Энэ нь хардлага төдий зүйл биш аж. Учир нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 онд ХҮН-ын Мэдлэг, мэдээлэл хөгжлийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас хойш хууль, хяналтын байгууллагад удаа дараа дуудагдаж буй. Тиймээс Ц.Элбэгдорж өөрийг нь "хамгаалах" хүнийг Д.Энхбат гэж үзсэн гэсэн яриа бий. Мөн энэ удаагийн сонгуульд экс Ерөнхийлөгч хүч, хөрөнгө зарж байгаа гэх мэдээлэл байдаг. 

Мөн гадаадынхан Монголын сонгуулийг санхүүжүүлж байгаа тухай ч яригдах болов. Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацааныхаа хамгийн сүүлчийн ярилцлага өгөхдөө “Гадаадынхны захиалгаар сонгуульд өрсөлддөг болсон” гэх үг түүнийг батлах мэт.

Монгол төрийн тэргүүний сонгуулийг гадаадынхан санхүүжүүлж байна уу

Харин Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг гадаадынхан санхүүжүүлж, өөрсдийн дэмжсэн хүнд мөнгө өгөх явдал байж болзошгүй гэсэн хардлага олон нийтийн дунд бий. Тиймдээ ч “ТВ-9” сувгийн олон улсын тоймч Ш.Гантулга “Гэнэтийн нэр дэвшигч ба Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд” гэсэн нийтлэлдээ “Д.Энхбат бол парламентад суудалтай ХҮН-ын нэр дэвшигч гэхээсээ илүүтэй “Соросын сан”-гийн нэр дэвшигч юм. Өөрөөр хэлбэл, энэ бол монголчуудын нэр дэвшигч биш, цаанаа гадаад эзэнтэй хүн. Сонгуульд ялж, төр засгийн толгойд гарлаа гэхэд монголчуудын төлөө биш, харин гадаадын эздийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон Төв, Зүүн Европын орнуудад удаа дараа гарсан өнгөт хувьсгалуудыг, бүгдийг нь Жорж Соросын сангаас шууд зохион байгуулж, санхүүжүүлж байсан нь одоо тодорхой болоод байна.

Ийм учраас Жорж Соросын сангийн даамал байсан хүний төлөө саналаа өгнө гэдэг бол “Чонын амнаас гараад барын аманд орохтой адил” буруу хэрэг. Учир нь, бид Монголын нэр дэвшигчийн оронд гадаадын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх болно” хэмээн бичжээ.

Түүний бичсэнчлэн магадгүй манай нийслэлд болсон, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх эмх замбараагүй байдлын гол санхүүжүүлэгч нь дээрх сан ч байж болзошгүй. Учир нь, мэдээлэлд ойр байдаг хүмүүсийн яриагаар 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэг явдлыг санхүүжүүлэх хөрөнгө “Соросын сан”-гаас гарч, арлын улсаар дамжуулан Монголд орж ирснийг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон гэлцдэг. Баянхонгор аймагт бие даан нэр дэвшиж байсан, Хөх хотын консул асан Б.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурал хийхдээ “Д.Энхбат бол 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын зохион байгуулагч. Тухайн үед эвсэл болж ороод, ялагдаад, таван сайхан залуу амиа алдаж тэр жагсаал дууссан. Д.Энхбат уг жагсаалыг “Буян” Жагаа, Ж.Батзандан тэргүүтэй хүмүүстэй хамт зохион байгуулаад, замын дундаас хаяад зугтчихсан” хэмээн ярьсан нь уг яриаг батлах мэт. Үнэхээр тэр яриа үнэний ортой бол бид сонголт хийхдээ бас анхаарах шаардлагатай санагдана. Өөрөөр хэлбэл, “Соросын сан”-гаас санхүүжүүлсэн өнгөт хувьсгал бүү гараасай гэж хүснэм.

“Соросын сан” улс орнуудын сонгуульд ямар оролцоотой вэ

Украины жишээг энд эш татъя. 2014 онд тус улсад болсон төрийн эргэлтийн дараа Петр Порошенко Ж.Соросыг Украины “Эрх чөлөөний одон”-гоор шагнасан байдаг. Үүнээс хойш өнөөдөр Украин улс ямар байдалтай байгааг уншигчид гадарлаж буй нь лавтай. Тодруулбал, тус улсын эдийн засаг доройтолд орсон, ард иргэдийнх нь амьдрал туйлдаж эрүүл мэнд, түүний дотор вакцин авах боломжгүйгээс улбаалан ард түмнээ “Ковид-19” цар тахлаас хамгаалж чадахгүйд хүрээд байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх болсон.

Ж.Сорос 1984 онд “Нээлттэй нийгэмлэг” буюу энгийнээр “Соросын сан”-г байгуулснаас хойш “ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөний, боловсрол гэх ” нэрээр дэлхийн бүх оронд, түүний дотор социалист системийн гэгдэж байсан улсад нэвтэрч тэнд “өнгөт хувьсгал” түгээхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн. Ямар сайндаа л түүнийг дэлхийг бүрхсэн хувалзаар дүрсэлж “Христийн эсрэг” гэж нэрлэж байх билээ.

“Соросын сан” буюу тэргүүн нь ардчиллын өлгий гэгдэх АНУ-д ч нөлөөгөө тогтоосон аж. Тиймдээ ч “Трампын засаг захиргаа бол дэлхий нийтийн аюул, Энэ цаг зуурын үзэгдэл 2020 онд арилна” гэж мэдэгдэж байж. Улмаар Ж.Сорос Жо.Байдены сонгуульд 45 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл барууны хэвлэлүүдэд нийтэлсэн байх юм. Дэлхийд хаана улс гүрэн сүйрсэн, хүний амь эрсэдсэн, ард түмэн хохирсон газар бүрээс “Соросын сан”-гийн ул мөрийг олон улсын судлаачид илрүүлж байна хэмээн бичсэн нийтлэл ч байгаа юм. Монголд ч “Соросын сан”-гийнхны үйл ажиллагаа нэлээд эрчимтэй байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Оросын эрх баригчид ч тус сангаас дэмжлэг авч байснаа 2015 оны арваннэгдүгээр сараас хязгаарласан бол Жорж Сорос гэх хүний унаган нутаг Унгарын төрийн тэргүүн ч  засгийн газрынхаа албан ёсны цахим хуудсанд түүнийг шүүмжилсэн өгүүлэл бичсэн бөгөөд уг нийтлэлдээ “Жорж Сорос энэ бүх хугацаанд өөрийн сангаар дамжуулан, улстөрчид, сэтгүүлчид, шүүгч нар, төрийн түшмэдийг олноор нь худалдан авах замаар Унгар, Польш зэрэг орны Засгийн газруудыг сулруулах гэж оролдсоор ирсэн” хэмээснийг дээр дурдсан тоймч Ш.Гантулгын өгүүллээс уншиж болно.

Ж.Сорос гэх хүний тухай намтарт үрчилж авсан эцэгтэй хамтран фашистуудын концлагер руу ачигдсан хөрш, найз нөхдийн эд хөрөнгийг хураан авахад дэмжлэг үзүүлж байсан хэмээн бичсэн байдаг бөгөөд сонины сурвалжлагчийн “Та энэ үйлдэлдээ гэмшдэг үү” гэсэн асуултад “Үгүй, хэрвээ би хийгээгүй байсан ч өөр хэн нэгэн хийх байсан” гэж хариулж байсан гэдэг. Ийм хүн дэлхийн улсуудын хувь заяа, сонголтод нөлөөлөх оролдлого хийж байх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа бараг дуусах гэж байна. Иргэд ч сонголтоо бараг хийчихсэн, нэрийг нь дугуйлахад ч бэлэн болсон нь лавтай.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.