| | USD/MNT 0₮

Төв талбайн боржин чулуунууд хэний шахааны бизнес вэ?

Сүхбаатарын талбайг бүхэлд нь тойруулж байрлуулсан цагаан боржин чулуу өнөөдрийн гол трэнд болсоор байна. Өө андахгүй жиргээчид тэдгээрийг “булшны” хэмээн цоллоод буй. Гэсэн ч хэн, ямар зориулалтаар ийн байрлуулсан нь одоог хүртэл тодорхойгүй байсаар. Энэ талаар Төв талбайн постны цагдаагаас тодруулахад “НЗДТГ-ын захиалгаар “Боржин хийц” компани хийж байгаа” гэсэн тайлбарыг бидэнд өглөө. Үүний дагуу тодруулахаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатартай холбогдоход “Төрийн тусгай хамгаалалтын газар хийж байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, жагсаал, цуглааны үеэр аюулгүй байдлыг сахих үүднээс ийм чулуунууд байршуулсан байж магадгүй. Ямартай ч НЗДТГ-тай холбоогүй асуудал” хэмээн тайлбарласан юм.

Уг мэдээллийн дагуу бид мөн л Төрийн тусгай хамгаалалтын газар руу утасдахад “Бид энэ асуудлыг мэдэхгүй” гэв. Энэ мэтчилэн явсаар тус чулуунуудын эзэн холбогдогч олдсонгүй.

Журмаараа бол Д.Сүхбаатарын талбайг Нийслэлийн хот тохижилтын газар хариуцдаг. Нөгөө талаараа Нийслэлийн Засаг даргын мэдлийн хүрээний асуудал. Төв талбай дээр барилга, бүтээн байгуулалт байтугай жагсаал цуглаан хийсэн ч НЗДТГ-аас зөвшөөрөл авах учиртай. Уншигчид хэрвээ санаж байгаа бол Сүхбаатарын талбайд авто зогсоол ажиллуулж байсан "UB Construction" ХХК-ийн 2.5 га газар эзэмших эрхийг Хотын захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд  цуцалж байсан удаатай. Тэгвэл одоо яагаад өөрийнх нь бүрэн мэдлийн газар дээр хэдхэн цагийн дотор чулуунууд байрлуулсан байхад мэдэхгүй дүр эсгэнэ вэ? Бас ч болоогүй уламжлалт алхан хээ, арга бэлгэтэй байхад шүү дээ.

Үүнээс гадна бид www.burtgel.mn сайтаас дээр дурдсан “Боржин хийц” компанийн талаарх мэдээллийг хайхад илэрц гарч ирсэнгүй. Тэгэхээр цаасан дээр ч бичигдээгүй компани байх нь. Тэгвэл энэхүү “булшны” чулуу хэний шахааны бизнес вэ?

Сүхбаатарын талбайг бүхэлд нь тойруулж байрлуулсан цагаан боржин чулуу өнөөдрийн гол трэнд болсоор байна. Өө андахгүй жиргээчид тэдгээрийг “булшны” хэмээн цоллоод буй. Гэсэн ч хэн, ямар зориулалтаар ийн байрлуулсан нь одоог хүртэл тодорхойгүй байсаар.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.