| | USD/MNT 0₮

Б.Цэрэнням:Анхны үзлэгээр эмч “Гурван ихэр байна” гэхэд нь нөхөр бид хоёр шоконд орсон, итгэдэггүй юм билээ

Ихэр заяа гэдэг их ховор тохиол. Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар алдарт ээжүүд одонгоо энгэртээ зүүсэн билээ. Тэдний дунд нэгэн эмэгтэй олны анхаарлыг ихэд татаж хайрыг нь булаасан юм. Учир нь хоёр дахь төрөлтөөрөө дөрвөн хүүтэй болсон юм. Хүн бүрт тохиохгүй ховор тохиолоор дөрвөн хүүтэй болно гэдэг гайхамшиг. Тухайлбал, залуу хосууд болох Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Т.Лхагвацэрэн, Б.Цэрэнням хоёр өнгөрсөн жилийн тавдугаар сард гурван ихэр хүүтэй болсон юм. Өдгөө үрсээ эрүүл саруул бойжуулж, Монгол Улсынхаа хүн амаа өсгөх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул ийнхүү Алдарт эхийн одон хүртээсэн юм. Ингээд Алдарт эхийн II одонгоо хүртсэн Б.Цэрэннямтай баярынх сэтгэгдлийг хуваалцаж, ихрүүдийнх нь талаар ярилцлаа.

-Сайн байна уу, баяр хүргэе ээ?

-Маш их баярлалаа.

-Ерөнхийлөгчөөсөө Эхийн алдар одонгоо энгэртээ зүүлгээд зогсч байхдаа юу бодов?

-Төрүүлж өсгөсөн ижий аав болон ханиа, хөөрхөн үрсээ бодож өөрөөрөө бахархаж зогссон.

-Архангай аймгаас ирсэн үү?

-Тийм. Шагнал авна гэдгийг дуулаад гурав хоногийн өмнө ээж аавынхаа хамт ирсэн. Удахгүй бүгдээрээ нутаг буцна. Харин манай нөхөр Улаанбаатарт ажилладаг.

-Монгол Улсын хүн амаа өсгөхөд үнэтэй хувь нэмрээ оруулсан байна. Хөвгүүдээ эрүүл саруул өсгөнө гэдэг ээж аавын үүрэг шүү?

-Тийм шүү. Хөвгүүд минь нэг үеэ бодвол овоо болсон. Эрүүл саруул өсөөсөй л гэж ээж нь боддог. Гэр дүүрэн хүүхэд бужигнана гэдэг сайхан. Уйлж байгаа нь хүртэл хайр татам.

-Хөвгүүдийнх нь нэрийг хэн гэдэг вэ?

-Манай том хүүг Хангай, харин гурван ихрийг Одбаяр, Одбилэг, Одгарьд гэдэг. Аав нь өгсөн нэрс.

-Дөрвөн хүү төрүүлнэ гэдэг их ховорхон тохиол төдийгүй хүү төрүүлэх тусам хүндлэгддэг гэж монголчууд ярьдаг юм билээ?

-Баярлалаа. Би гурван охинтой айлын отгон охин. Гэр бүлтэй болоод дөрвөн хүү төрүүлсэн болохоор гэрийнхэн маань аав ээж их хүндэлнэ. Найз нөхөддөө ч хүндтэй санагдаж эхэлсэн шүү.

-Ихэр хүүхэд тээж байгаагаа яаж мэдсэн бэ?

-2019 оны арваннэгдүгээр сард нөхөртэйгээ хамт анхны үзлэг, эходоо ороод мэдсэн. Бид хоёр балмагдаад сандраад баярласан гэж жигтэйхэн. Үзсэн эмч “За байж байгаарай гурван ихэр байж магадгүй дахиад үзье” гээд үзээд гурван ихэр гэдгийг хэлсэн. Бид хоёр итгэхгүй дараа нь дахин эход харуулаад баталгаажуулсан. Хүн чинь итгэдэггүй юм билээ. Тэгээд ЭХЭМҮТ-ийн эмчийн хяналтандаа ороод эсэн мэнд амаржсан. Гурван ихэр хүүхэд гэдгээ мэдээд ажлаасаа гарсан.

-Өөрөөрөө төрсөн үү?

-Тэгсэн. Эмчийн хяналтанд байгаад эмчийнхээ хэлсэн үг зөвлөгөөг сайтар дагаж мөрдөж үзлэгтээ байнга орж байсан тул хүндрэлгүй төрсөн. Өнгөрсөн оны тавдугаар сард амаржсан. ЭХЭМҮТ-ийн эх баригч эмч нартаа маш их баярлалаа гэж хэлье.

-Гурван хүү эхийн сүүгээрээ хоололдог уу?

-Хоёр нь эхийн сүүгээрээ, нэг угжаараа нэмэлт сүү уудаг. Андуураад мөөм хөхдөгт нь эхийн сүү хөхүүлэх тохиолдол гардаг /инээв/.

-Их залуухан алдарт эх боллоо?

-Тэглээ. Би одоо 26 настай. Харин 25 настайдаа гурван хүүгээ төрүүлсэн.

-Ихрийн удамтай юу?

-Хоёр талаасаа удамтай. Манай нөхрийн эмээ өвөөгийн талд ихрийн удам бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай удамд ихэр хүүхэд мэндлээгүй. Тэр дундаа гурван ихэр хүүхэд. Харин манайд гурван ихэр мэндэлсэн нь анхных болсон.

-Гурван хүү төрүүлээд нэг дор өсгөнө гэдэг амаргүй чанга байх. Танд тэгж санагдаж байна уу?

-Манай гэр бүл их завгүй болсон. Гурван хүүгээ өсгөхийн тулд ах дүү хамаатан садангуудаа хүртэл дайчилна шүү. Аав ээжтэйгээ хамт өсгөж байна. Нэг дор гурван хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг 10 жил хийх ажлаа нэг дор хийж байна гэсэн үг юм даа. Гэр бүлийнхэндээ зарцуулах цаг зав ч цаашид их гарах байх. Хүн болгон нэг нэг хүүхдийг хариуцаж харахгүй бол болохгүй. Бид хэд гэрээсээ гарах гэж бараг нүүдэл хийх дайны юм болно шүү. Нэг хүүхэд төрүүлж өсгөж, цэцэрлэгт оруулж, эргээд ажилдаа ороход дор хаяж гурван жил болно. Харин гурван хүүхэд төрүүлээд нэг дор өсгөж байгаагаа оносон гэж хэлнэ. Нэг дор хүүхдүүдээ өсгөж байгаагаа олзуурхаж байгаа.

-Нөхөртэйгээ танилцаж байсан үеэ дурсвал?

-Бид хоёр 10 жилээсээ үерхэж нөхөрлөсөн. Нэгнээ маш сайн мэднэ. Нэг бие болтлоо уусчээ. Хэн нь хэн бэ ямар ааштай вэ гэдгээ сайн мэднэ. 2017 онд амьдралаа холбож нэг гэртээ орсон. Залуу хосуудад хандаж хэлэхэд, бие биедээ итгэл сэтгэлтэй, нэгнээ хайр халамжаар дутаахгүй гэр бүл бүтээгээрэй гэж хэлье.

-Гэр бүлд нь гэгээн сайхан бүхнийг хүсье ээ. Үрс нь эрүүл энх торних болтугай?

-За баярлалаа.

Харин нөхөр Т.Лхагвацэрэн “Манай гэр бүлд баярт сайхан мөч тохиолоо. Эхнэр маань алдарт эхийн одонгоо гардаж авлаа. Дөрвөн сайхан хүү төрүүлж өгсөн ханьдаа маш их баярлалаа” гэсэн юм.

 

 

 

 

Хоёр талаасаа удамтай. Манай нөхрийн эмээ өвөөгийн талд ихрийн удам бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай удамд ихэр хүүхэд мэндлээгүй. Тэр дундаа гурван ихэр хүүхэд. Харин манайд гурван ихэр мэндэлсэн нь анхных болсон.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.