| | USD/MNT 0₮

О.Сондор:Дэлхийн мисс, нэртэй дуучин болно

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өдөр тохиож байна. Эл өдрийг эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах, хайрлаж хамгаалах эрхийг нь эдлүүлдэг ганц өдөр. Мөн хүүхдийн баярын өдөр олон нийтийг хамарсан хүүхдэд зориулсан арга хэмжээ болдог ч ковидын улмаас хоёр жил ямар нэгэн арга хэмжээ болсонгүй.

Бараг хоёр жил цэцэрлэгтээ яваагүй бяцхан адтай нэгэн охиныг манай сайт онцоллоо. Тэрбээр хөл хориог зүгээр өнгөрүүлээгүй бөгөөд Хүүхдийн ордны гавьяат багш С.Ганчимэгийн удирдлаган дор телевизийн олон нэвтрүүлэгт оролцож, дууны нэг клиптэй болжээ.

Ийнхүү Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн гавьяат багш С.Ганчимэгийн хамгийн бяцхан шавь Одбаярын Сондортой ярилцлаа. 

-Сайн уу, миний дүү. Хүүхдийн баярын мэнд хүргэе ээ?

-Баярлалаа, эгчээ.

-Миний дүү өөрийгөө танилцуулаач. Хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Намайг Одбаярын Сондор гэдэг. Би зургаан настай. Манай аавыг Одбаяр, ээжийг Уянга, ахыг Сүлд гэдэг. Баянзүрх дүүргийн "Эрдэнэбүрэн" цэцэрлэгт сурдаг. Даанч коронагаас болоод цэцэрлэгтээ явж чадахгүй байсаар сургуульд орох болчихлоо. Сургуульд орох гоё ч цэцэрлэгээ бас санаад л байгаа.

-Сондор гэж ямар гоё нэр бэ. Энэ ямар учиртай нэр юм бол чи мэдэх үү?

-Сондор гэх гоё нэрийг аав минь өгсөн. Хамгийн чамин тансаг эрдэнэ буюу дээдийн дээд гэсэн хоёр утгатай нэр юм билээ.

-Цэцэрлэгтээ удаан хугацаанд яваагүй муухай байна уу. Багш болон найзуудаа санаж байна уу?

-Жаахан муухай л байна. Оюумаа багшийгаа маш их санаж байгаа. Бас найзуудыгаа. Манай цэцэрлэгийн эрхлэгч багш маань бас надад маш их хайртай. Ер нь бүгдийг нь санаж байна. Тэртэй тэргүй сургуульд явах юм чинь цэцэрлэгтээ дахиад жаахан явчихмаар л байна.

-Хөл хориог зөндөө уран бүтээлтэй, үр бүтээлтэй өнгөрүүлсэн үү?

-Хотод тогтоосон хөл хорионы хугацаанд маш завгүй байсан. Зөндөө олон телевизийн нэвтрүүлгүүдэд орсон. Дундуур нь "Би дуучин" цахим уралдаанд орж тусгай байранд орсон. Уралдааны бичлэгийг маань хийж өгсөн Open Mic Mongolia-ын Энхээ ахдаа маш баярлалаа.

-Ямар ямар дуу дуулсан бэ?

"Үсэг сурлаа", "Хавар ирлээ", "Тугалын эвэр", "Барби", "Угтагчийн дуу" зэрэг дууг дуулж телевизийн нэвтрүүлгүүдэд орсон. Бас анхны клипээ гаргасан байгаа.

-Өө тийм үү, баяр хүргэе. Ямар дууны клип бэ?

- С.Ганчимэг багшийнхаа хамгийн бяцхан шавь нь болж ороод удаагүй Монголын үндэсний телевизийн "9 сарын 1" концертод багшийнхаа зохиосон "Үсэг сурлаа" нэртэй маш гоё дууг дугуйлангийнхаа найзуудтай дуулах аз тохиосон. Нэвтрүүлгийн дараа тэр дууг клипжүүлэх санал багшид маань ирсэн гэсэн. Тэгээд багш маань анхны дуулсан хүүхдүүдээр нь дуулуулна гээд бид клиптэй болсон. Бид маш азтай. "Үсэг сурлаа" маань миний хамгийн дуртай дуу. Ирэх жил сургуульд ороод Үсэглэлийн баяраараа өөрсдийнхөө дууг дуулна. Ёстой гоё.

-Хүүхдийн баярыг тэсэн ядан хүлээсэн үү. Эсвэл?

-Тэгсэн. Хүүхдийн баяр, Шинэ жил, төрсөн өдөр гурвыг маш их хүлээдэг. Бас зөндөө их бэлэг авдаг. Өнөө өглөө эрт Монголын хүүхдийн ордон дээрээ бичлэгт орно. Тэгээд л миний баяр эхлэх байх. Нээрээ би өнөөдөр Монголын олон нийтийн үндэсний телевизээр гарна шдээ. Та үзээрэй за эгчээ.

-Өө тиймүү. Ямар нэвтрүүлгээр гарах юм бэ?

-Хамгийн сүүлд МҮОНРТ-ийн Хүүхдийн баярын нэвтрүүлэгт "Барби" дуугаа дуулж бичлэгт орсон. Өнөөдөр гарна.

-Хүүхдийн баяр гэхээр ямар баярыг хэлэх вэ?

-Эцэг эхчүүд, өвөө эмээ, ах эгч нар нь дүү нараа баярлуулдаг баяр биз дээ. Хүүхдийн баяраар шинэ жилээр, мөн цагаан сараар надад зөндөө их гоё гоё бэлэг цуглардаг. Нөгөө талаар хүүхдүүд эрхээ эдэлдэг өдөр гэж ээж минь надад хэлсэн.

-Хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд явдаг гэсэн. Ирээдүйд мундаг дуучин болох хүсэл мөрөөдөлтэй юу?

-Тийм. Ирээдүйд нэр алдартай мундаг дуучин болох мөрөөдөлтэй. Би том болоод чадлаараа зөндөө олон мэргэжил эзэмшинэ гэж боддог. Дэлхийн мисс, дуучин болно. Бас С.Ганчимэг багш шигээ мундаг багш болж хүүхдүүдэд дуу заамаар санагддаг. Хааяа хүүхэлдэйнүүддээ дуу заангаа дуугаа бэлдчихдэг юм. Бүхнийг чаддаг болохын тулд одооноос үсгээ сурч байгаа. Сургуульд орохоороо уншдаг болоод орно гэж хичээж байгаа шүү. Миний хичээл зүтгэлийг манай гэр бүлийнхэн маш сайн дэмждэг.

-Дэлхийн мисс болно гэж байна. Мисс хүн ямар байдаг юм бол?

-Дэлхийн мисс хүн хүмүүнлэгийн чиглэлээр их зүйл хийж хүмүүст тусалдаг гэж ээж минь хэлж ярьдаг. Мисс хүн тал бүрийн авьяастай, бас гоё инээдэг, хаана ч биеэ гоё зөв авч явдаг. 

-Хэдэн настайгаасаа эхэлж дуулж, бүжиглэж сурсан бэ. Анх тайзан дээр гарч байсан үеэ санадаг уу?

-Би анх хоёр настайгаасаа цэцэрлэгийнхээ шинэ жилд дуулж байсан. Манай цэцэрлэгийн шинэ жил гоё том тайзан дээр, жүжигчин ах ирж хөтлөөд маш гоё болдог. Багш маань намайг маш их дэмждэг, бас итгэж гоцлол номеруудаа дандаа надад өгдөг. Би чадлаараа хичээдэг. Тиймээс цэцэрлэгийнхээ "Уран жиргээ", гимнастик, бүжгийн хэд хэдэн медальтай бас "Авьяаслаг хүүхэд" гэсэн өргөмжлөлийг авч байсан.

-Дуу дуулах гоё биз. Дууны үгээ мартаж сандрах үе байдаг уу?

-Би дуугаа дуулахаараа л жаргалтай хөөрхөн болчихдог шдээ эгчээ. Би сандардаггүй. Дууны үгээ мартаж байгаагүй. Манай багш ой тоонд ортол сайн заадаг болохоор шавь нар нь яалаа гэж үгээ мартах вэ дээ.

-Гавьяат С.Ганчимэг багшийнхаа хамгийн отгон шавь нь гэсэн үү. Багш нь О.Сондорт их хайртай юм билээ?

-Тиймээ. Би гавьяат багш С.Ганчимэг багшийнхаа хамгийн бяцхан шавь нь. Анх ээжтэйгээ С.Ганчимэг багшдаа шалгуулахаар таван настайдаа очоод жаахан сандарсан гэхдээ шалгалтад тэнцсэн. Намайг “Төрөлхийн хөөрхөн сонсголтой юм байна. Часхийсэн чанга дуутай юм байна” гээд ээжид минь хэлсэн гэсэн. Тэгээд тэнцсэн. Ганаа багшийнхаа шавь болсондоо баярладаг. Багш маань хичээлээ таслахгүй байнга хоолойны бэлтгэлээ хийгээд байвал мундаг дуучин болно гэдэг. Энэ жил цахимаар хичээллэхэд огт хичээлээ таслаагүй. Тийм болохоор зөндөө олон нэвтрүүлэгт орсон. Анх Монголын үндэсний ТВ-ийн "9 сарын 1" тоглолтод орсон. Дараа нь мөн телевизийн Цагаан сарын нэвтрүүлэг, Эмэгтэйчүүдийн баярын нэвтрүүлэгт дуулсан. Мөн UBS-ийн "Сайн уу, Сайнаа" ток шоунд дуулсан.

-Хөөх, мундаг юм байна шүү дээ?

-Баярлалаа эгчээ, илүү мундаг байхын төлөө хичээж байгаа.

-Цэцэрлэгтээ явахгүй байгаа мөн цахимаар хичээл нь ордог гэлээ. Чөлөөт цагаараа гэртээ юу хийдэг вэ?

-Би гэртээ байнга дуулдаг. Аав ээж маань дэмждэг болохоор “Чимээгүй бай, толгой өвдөөд байна, амармаар байна” гэж ерөөсөө хэлдэггүй. Аав маань маш гоё дуулдаг мөртлөө дуучин болоогүй. Тийм болохоор охиноо сайн дэмжинээ гээд л байдаг юм. Харин ээж минь миний тоглолтын бүх хувцсыг сонгоно. Заримдаа өөрөө оёдог уран ээжтэй. Заримдаа ээжийгээ “Ядарч байна уу, ядраасанд уучлаарай” гэхээр "Ээж нь ядраагүй. Охиныхоо гоё тоглолтын хувцсыг харин ч дуртай хийнэ. Дараа нь аз жаргалтайгаа зурагтаар үзнэ шүү дээ" гэхэд нь би уйлах гээд байсан шдээ /инээв/.

-Дуугаа давтахаас гадна юу хийх дуртай бэ, Сондороо?

-Зураг зурах дуртай. Багшийнхаа заасан дууг зургаар илэрхийлэх гэж хичээдэг. Тэгэхээр ёстой гоё юм байна билээ. Нэг цаасан дээр олон юм зурж болмоор санагдаад байдаг. Бас балетын сургалтанд суухыг хүсч байгаа болохоор өөрөө гэртээ спининг дугуй жийж, сунгалтын дасгалууд өөрөө зохиогоод хийдэг. Дуулах, бүжиглэх, тик ток хийх, ахтайгаа тоглох, агаагаараа ном уншуулах зэргээр өдрийг өнгөрөөдөг.

-Ах нь дүүгээ аминаасаа илүү хайрлаж хамгаална биз?

-Сүлд агаа маань яг л миний найз шиг байдаг. Аав ээж хоёр маань ажилдаа явчихдаг болохоор өдөрт хоёулахнаа гэртээ үлддэг. Миний агаа чинь жаахан шүү дээ. Эмээ хэлэхдээ яг чам шиг нялх гэсэн. Гэхдээ л миний агаа мундаг бүхнийг чаддаг. Намайг хамгаална, хооллоно, хамт тоглоно, дууг минь бэлдүүлнэ, тэр ч бүү хэл миний эвдэрсэн тоглоомнуудыг засна, надад гоё гоёл чимэглэлүүдийг ч хийж өгдөг.

-Би чиний “Алсад суугаа ээж” дууг дуулж байгаа бичлэгийг нь үзсэн. Хоолой нь чичрээд уйлах гээд байсан уу?

-Нээрээ уйлсан гэж ярьснаас анх би дөрвөн настайдаа "Алсад суугаа ээж" дууг сонсоод уйлаад, дахин дахин сонсоод уйлсаар байгаад сурсан. Сурчихсан хойноо дуулахаар хоолой чичрээд байсан. Одоо уйлахгүй дуулдаг болчихсон. Бас "Нүдэн Сондор" киног дуртай үзэх болгондоо уйлчихдаг. Уйланхай байна уу.

-За Сондортоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ. Эрдэм номтой мундаг охин болж ээж аав ахыгаа, эмээ өвөөгөө ах эгчийгээ баярлуулж, ирээдүйд нэртэй дуучин, зүстэй мисс болоорой?

-Баярлалаа, эгчээ. Дүү нь хичээж заавал хүсэл мөрөөдөлдөө хүрнэ.

-Хайртай аав ээж, эмээ өвөө, агаадаа мөн хайртай багшдаа хандаж баярын мэндчилгээ дэвшүүлээч?

-Намайг байнга дэмждэг, урамшуулдаг аав ээж, эмээ өвөө, агаа эгч нар, цэцэрлэгийнхээ багш нарт маш их баярлалаа гэж хэлье. Мөн С.Ганчимэг багшдаа онцгойлон баярлалаа. Жижигхэн Сондор нь хичээнээ багшаа.

 

 

Би анх хоёр настайгаасаа цэцэрлэгийнхээ шинэ жилд дуулж байсан. Манай цэцэрлэгийн шинэ жил гоё том тайзан дээр, жүжигчин ах ирж хөтлөөд маш гоё болдог. Багш маань намайг маш их дэмждэг, бас итгэж гоцлол номеруудаа дандаа надад өгдөг. Би чадлаараа хичээдэг. Тиймээс цэцэрлэгийнхээ "Уран жиргээ", гимнастик, бүжгийн хэд хэдэн медальтай бас "Авьяаслаг хүүхэд" гэсэн өргөмжлөлийг авч байсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.