| | USD/MNT 0₮

Б.Ариунболор:Хүүхдийн баярын босгон дээр гурван өрөө байрынхаа түлхүүрийг гардаж авсан бид магнай хагартал баярласан

Өнгөрсөн оны долдугаар сард "Ангууч" нэрээр залууст танигдсан Б.Баттөр өөрийн найз О.Мөнхжинтэй хамтран төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж, ээжээсээ өнчирч хоцорч найман дүү болон өөрийн найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорыг гурван өрөө байртай болгохоо зарласан.

Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр Б.Баттөр нь өөрийн төрсөн өдрөөрөө "Almighty" хэмээх сайн үйлсийн аян зохион байгуулж, хандиваар цугларсан мөнгөөр Б.Ариунболор охиныг байртай болгоход зориулна хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл уг ажил өчигдөр ажил хэрэг болж, Б.Баттөр нь Б.Ариунболорт "Сөүл гарден" цогцолбор хотхонд гурван өрөө байрны түлхүүр гардуулан өглөө. Б.Ариунболор дүү нарынхаа хамт түрээсийн байранд амьдардаг бөгөөд удахгүй шинэ байрандаа нүүж орохоор болжээ.

Сануулахад, Б.Ариунболор нь өнгөрсөн гуравдугаар сард ээжийгээ гэнэтийн ослоор алдсан билээ.

-Жилийн өмнө эхлүүлсэн хандивын аянаар өнөөдөр гурван өрөө байртай боллоо. Баяр хүргэе?

-Маш их баярласан. Ам бүл 11-үүлээ амьдардаг. Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад, хэдэн дүү нараа асрахад энэ хорвоо дээр ганцаараа үлдсэн юм санагдаж байсан. Тухайн үед тусалж байсан бүх хүнд баярлалаа. Байранд ороод дүү нараа асрахаас аваад элэг бүтэн амьдрах боломж олгож байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Өмнө нь эвгүй байдал гаргасан. Буруу ойлголт үүсэж, буруу үйлдэл гаргасан байна билээ. Энэ бүх зүйлдээ Монголчуудаасаа уучлал хүсэж байна. Та бүхэн 11 хүний амьдралд үнэхээр том аз жаргал бэлэглэлээ. Хүүхдийн баярын босгон дээр гурван өрөө байрынхаа түлхүүрийг гардаж аваад бид бүхэн магнай хагартал баярласан.

-Хэзээ байрандаа нүүж орох вэ. Одоо хаана байгаа вэ?

-Одоо бид хэд түрээсийнхээ байранд байгаа. Байр маань наадмын үеэр ашиглалтад орчихно гэсэн. Тэгээд дүү нартайгаа хамт нүүдэл суудал хийнэ дээ.

-Дүү нар нь бөөн баяр хөөр болж байна уу?

-Өчигдөр ажлаа дуусгаад гэртээ ирсэн чинь дүү нар маань “Аниа энэ одоо манай байр тэ энэ байхгүй бол байрандаа орохгүй тэ” нөгөө байрны батламжийг бүр дээш нь хураачихсан. Хараад баярлаад сууж байна билээ. Дүү нараа харсан би уярч баярлаад уйлах шахсан.  

-Та бүхэнд тусалж хандивын аян эхлүүлсэн Ангууч буюу Б.Баттөр түүнийг нь дэмжсэн Дука нарт их баярлаж байгаагаа илэрхийлж байсан?

Ангууч ах болон Давка ах нар минь хэлээд яриад өнгөрөөгүй. Нийгэмдээ байхгүй эерэг чиг хандлага зөв сайхан бүхний эхлэл болон залуу үеийнхээ төлөөлөл залуу үеийнхээ үлгэр дууриалал болсон мундаг залуус. Өргөө цагаан гэрт өнөр бүлээрээ азжаргал хайраар бялхан амьдрах 11 сэтгэл зүрх бүхэн нь Ангууч таньд талархаж амьдрах болно. Маш их баярлалаа. Мөн UB группийн захирал болон гэр бүл хамт олонд нь маш их баярлалаа. Үйлс бүр нь цэцэг шиг дэлгэрч үйл бүхэн нь мөнхөд дуурсагдах болно. Цохилох зүрх бүхний диваажинг бүтээж буй сэтгэл гэх агуу хайраар хөлөглөн маш их диваажинг сүндэрлүүлээрэй.

-Охин нь овоо том болсон уу?

-Охин минь нэг нас найман сартай, овоо л болж байна. Дүү нар маань сайн хардаг.

-Үсчин хийдэг хүн хөл хорионы үед ажилгүй хэцүү байв уу?

-Гайгүй ээ. Олон нийтийн сүлжээнд үс засна гэсэн зар тавьж үйлчлүүлэгч нарынхаа гэрээр очиж үс засаж байсан. Мөн хажуугаар нь онлайнаар наймаа хийгээд болоод байсан. Одоо бол хөл хорио тавигдсан энгийн ажиллаж байна. 

Өргөө цагаан гэрт өнөр бүлээрээ аз жаргал хайраар бялхан амьдрах 11 сэтгэл зүрх бүхэн нь Ангууч таньд талархаж амьдрах болно. Маш их баярлалаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.