| | USD/MNT 0₮

Д.Ганцэцэг: “Гавьяат Ганцэцэг” гэж хэлүүлэх ч бас гоё хэрнээ сүрдмээр сонсогдож байна шүү

Анх “Жинжиймаа” киноны алаг нүдэн охины дүрээр олны сэтгэлд хүрч хоногшсон жүжигчин СТА Д.Ганцэцэг Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Тэрбээр УДЭТ-т жүжигчин байж байгаад "Аримун" продакшныг А.Ганчимэгийн хамт байгуулан гарч, ариун сүмээсээ туурга тусгаарласан билээ. Ийнхүү залуу үеийнхнийхээ төлөөлөл болж урлагийн замд тод мөртэй шинэхэн гавьяатын баярын сэтгэгдлийг нь сонслоо.

-Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх “өндөр” цолыг хүртсэнд баяр хүргэе ээ?

-Маш их баярлалаа. Хэдэн өдөр догдолж баярлаж хөөрөх нь. Баярын нулимс ч ойрхон байлаа. Билэгт сайн өдөр төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж, түмэн олныхоо хайр итгэлийг даасан хариуцлагатай өндөр шагнал авсан. Ажил амьдралынхаа мөрийг үргэлж зөв байлгаж, олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгаж, төр засгийнхаа өгсөн өндөр хариуцлага, итгэлийг алдахгүй зөв явахыг хичээнэ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ганчимэг гэхээр гоё сонсогддог юм байна. Бас аймаар сүрдмээр сонсогддог юм байна.

-Таныг УДЭТ-ын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд хоолой зангираад нулимс нь урсаад байсан?

-Уг нь их гүрийсэн юм. 11.00 цагийн үед шагнал гардуулах гээд Төрийн ордонд ороод суусан. Халтмаагийн Баттулга ерөнхийлөгч орж ирээд төрийн дуулал эгшиглэж, шагналаа авахад ер нь уйлчих гээд байсан. Харин УДЭТ-т ирээд Отгонбат ах микрофонаа аваад намайг магтаад уянгалчихад уйлахгүй байхын арга байгаагүй. Урсаад явчихсан.

-Шагнал аваад зогсч байхад хамгийн түрүүнд хэнийг бодов?

-Хамгийн түрүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Лхасүрэн багшийгаа бодсон. Лха багшийн минь хань Алтаа эгч маань бас бодогдсон. Одоо хоёулаа тэнгэрийн оронд байгаа. Амьдрал болоод уран бүтээлийн замд маш олон зүйлийг таниулж мэдрүүлж өгсөн хоёр сайхан эрхэм байлаа. Тэгээд бас аав минь, хань минь санаанд орж ирсэн. Төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн сайхан аав ээжийгээ бодож зогслоо. Аав минь амьд сэрүүн байхдаа Алтангадас одонт таван удаа тодорхойлогдсон ч авч чадаагүй. Тэр хүний хишиг буян өнөөдөр охинд нь ирлээ гэж бодож байна. Үйлийн үр буян заяаг нь тэгшлээд өнөөдөр энэ том хүндтэй шагналыг авлаа. Аавынхаа сайн үйл бүхэнд талархан мөргөе. Мэдээж ханьдаа баярлалаа. Хүний амьдралд заяа төөрөг гэж бий.

-Шагнал авах мөчид төв талбай дээр ээж нь эгч нь хоёр сайхан хүү нь найз нөхөд нь ирсэн байсан?

-Тийм. Миний ээж их сайхан эмэгтэй бий. Ээж минь охидоо, хүүгээ хүмүүжүүлсэн үг болгон нь сэтгэлд ойр зүрхэнд дүүрэн байдаг. Ээж минь үргэлж “Эрэгтэй хүний урдуур түрүүлж дуугарч болохгүй. Эмэгтэй хүн хүчтэй ч зөөлөн байх ёстой” гэж хэлдэг. Яг тэр чанараар нь хоёр сайхан хүүгээ хорвоод эрүүл саруул өсгөөд хатуу зөөлнийг ээлжлэн байгаа. Ээждээ хайртай шүү гэж олон хэлж байгаагүй. Хайртайгаа ил илэрхийлж байгаагүй юм билээ. Одоо хэлье, “Ээжээ тандаа охин нь маш их хайртай шүү. Урт наслаарай, миний дэргэд байж олон сайхан уран бүтээлийг минь үзээрэй”. Олон уран бүтээл хийнэ. Ээж минь үзээд гайхуулна, бүгдийнх нь үр шимийг хүртэнэ. Мэдээж ханьдаа баярлалаа. Хүний амьдралд заяа төөрөг гэж бий. Ганцэцэг олон зүйлийг энэ биеэрээ туулсан. Намайг сайхан аав ээжтэй, сайхан хамт олонтой байгаад өдий зэрэгт хүрсэн байх гэж боддог байх. Тэгвэл хүнд хамгийн чухал зүйл бол найз нөхөд байдаг. Бүр багаасаа цэцэрлэгээсээ найзалсан найз нөхөд маань хүрэлцэн ирсэн. Эрхэм багын найз нар маань бүх зүйл дээр хамт байж чаддаг.

-УДЭТ-ын хамт олныхоо талаар яривал?

-Драмын театрын хамт олон Ганцэцэг намайг хүндлээд энэ алтан тайзан дээр гаргаад хамтдаа шинэ үетэй минь хамгийн хайртай хүмүүстэй минь хамт хүндэтгэл үзүүлсэнд баярлаад баршгүй. Алдаатай, оноотой, амжилттай бүтээлтэй баяртай жаргалтай бүхнийг туулахад УДЭТ хэмээх энэ ариун сүмийн хамт олон минь надтай хамт байсан. Оюун ухаанаараа гэгээрсэн уран бүтээлчиддээ маш их баярлалаа. Цэрэнсамбуу дарга, Сувдаа эгч хоёртоо маш их баярлалаа. Анх энэ теарт яаж орж ирснийг дарга маань мэднэ. Энэ хоёр хүнд насан туршдаа сэтгэлийн гэгээн өртэй гэж боддог. Би амьдралдаа зөв гишгэвэл уран бүтээлдээ сайн зүйлийг хийвэл та хоёртоо төлөх өрөө бага багаар нимгэлж байна гэсэн үг юм. Драмын театрын алтан босгыг алхуулсан та нартаа баярлалаа. Түвшин найруулагч, Наранбаатар найруулагч, Мөнхдорж, Баатар найруулагч, Найдандорж найруулагч гээд бүгдийнх нь гараар орж бүтээл болгонд нь тоглосон учраас өнөөдрийн Ганцэцэг энэ ариун тайзан дээрээ зогсч байгаа юм. Олон сайхан бүтээлээр бэлэг барина.

-Алтан партнёр С.Болд-Эрдэнэтэйгээ хамт төрийн шагнал хүртэх байсан. Гэвч хөдөө орон нутагт ажилтай явж таарсан уу?

-Тийм. Өчигдөр, өнөөдөр, маргааш бол театр гэж Отгонбат ах хэлсэн. Нэг цаг үед хамтдаа уран бүтээл туурвиж, бие биенийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэж байсан бүх үеийнхэндээ бас дахин баярлалаа. Жаамаа ах, Мэндээ эгч хоёр хамтдаа Гавьяат жүжигчин хэмээх цолыг аваад Сүхбаатар жанжны хөшөөний гинжин дээр зэрэгцэж суугаад жүжгийнхээ хэсгээс тоглож байсан гэж ярьдаг. Энэ гоё түүхийг сонсоод Боогий Амгаа бид гурав үргэлж ярьдаг байсан. Энэ хүндтэй шагналыг Боогийтойгоо нэг өдөр авах байсан ч түүнд минь ажил гарсан. Хэрвээ нэг өдөр авсан бол бид хоёр ч жүжгийн хэсгээсээ тоглох байсан. Их гоё санагдана.

-Гавьяат жүжигчин цол хүртэж байгаагаа хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Хоёр сайхан хүүдээ хэлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгахаар нь хоёр хүүдээ баяр хүргэж хамгийн түрүүнд хэлсэн. Миний ар талын бат бөх багана болмон хоёр сайхан хүүдээ маш их баярлалаа. Хангай, Хангалдаа хайртай шүү. Миний хоёр хүү ухаантай учраас ээждээ хайртай, дэмждэг болохоор ээж нь уран бүтээлдээ цээж дүүрэн байдаг юм шүү. Өвөөгийнхөө, эмээгийнхээ, ээжийнхээ аавынхаа бас өөрсдийнхөө зам мөрийг өндөр дээдийн дээдэд аваачиж үргэлж гэгээлгээрээ бүтээгээрэй миний хоёр үр.

-“Аримун” продакшн олон уран бүтээл төрүүлэх байх?

-Тэгнэ. Ганцэцэг энэ продакшныг үүсгэн байгуулсан. Дэлгэцийн урлагт ханцуй шамлан орсон. Жижиг Ганаатайгаа нийлж олон уран бүтээл төрүүлж гаргана. Удахгүй тайзны бүтээл хийхээр төлөвлөсөн байгаа. “Аримун” продакшны 50 хувь нь гавьяат авсан бол 50 хувь нь удахгүй авах цаг ирэх байх. Гануухай минь байгаа учраас том Ганцэцэг нь хүчтэй байгаа юм шүү. Чамдаа маш их хайртай шүү. Олон зүйлийг хамтдаа хийнэ.

Хамгийн түрүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд профессор Лхасүрэн багшийгаа бодсон. Лха багшийн минь хань Алтаа эгч маань бас бодогдсон. Одоо хоёулаа тэнгэрийн оронд байгаа. Амьдрал болоод уран бүтээлийн замд маш олон зүйлийг таниулж мэдрүүлж өгсөн хоёр сайхан эрхэм байлаа. Тэгээд бас аав минь, хань минь санаанд орж ирсэн. Төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн сайхан аав ээжийгээ бодож зогслоо. Аав минь амьд сэрүүн байхдаа Алтангадас одонт таван удаа тодорхойлогдсон ч авч чадаагүй. Тэр хүний хишиг буян өнөөдөр охинд нь ирлээ гэж бодож байна. Үйлийн үр буян заяаг нь тэгшлээд өнөөдөр энэ том хүндтэй шагналыг авлаа. Аавынхаа сайн үйл бүхэнд талархан мөргөе.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.