| | USD/MNT 0₮

Нэр дэвшигчдийн “амласан” эдийн засаг

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд удаагүй байна. Нэр дэвшигчид иргэд, сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулах замд гарав. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-ын С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслийн Д.Энхбат нар мөрийн хөтөлбөртөө улс орны эдийн засгийг хөгжүүлэх талаар ямар агуулга тусгасныг шинжиж үзье. МАН, “Зөв хүн электорат” эвслийн нэр дэвшигчид эдийн засгийн хөгжлийг дэмжих саналуудаа мөрийн хөтөлбөртөө тусгай бүлэг болгожээ. Харин АН-ын нэр дэвшигч тэгсэнгүй.

Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, түүний удирдлагын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх ёстой.

У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийн бодлогыг дэмжих 19 жагсаалт байв. Тэдгээр нь голдуу эдийн засгийн хөгжлийн уламжлалт хэлбэрийн бодлогыг дэмжих заалт байлаа.

Д.Энхбатын мөрийн хөтөлбөрт блокчейн технологид суурилсан үйлчилгээ, финтек, хиймэл оюун ухаан, цахим технологийг эдийн засаг, санхүүгийн салбарт нэвтрүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн чиг хандлагыг дэмжиж ажиллана гэсэн үг. Харин С.Эрдэнэ либерал хүний хувиар баруун төвийн үзлийг “нэвт ханхлуулсан” эдийн засгийн арга хэмжээ авах цөөн заалт тусгасан байлаа. Хуулийн дагуу Ерөнхийлөгч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аж ахуйн ажил гардан гүйцэтгэх боломжгүй. Мөрийн хөтөлбөртөө “Тийм бодлогыг, ийм үйл ажиллагааг дэмжинэ” л гэж оруулдаг. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн болон жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлнэ, Засгийн газрын өрийг бууруулна гэсэн агуулга давхцаж байв.

“АТРЫН IV АЯН”-ЫГ ЭХЛҮҮЛНЭ

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт газарт тариалангийн усжуулалт, эрчимжүүлэлт, хөрс хамгаалал, үр сортын ажлыг сайжруулан “Атрын IV аян”-ыг эхлүүлнэ гэж тусгажээ. “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгох ажлыг дэмжинэ гэж заасан байв. Тэрбээр шинэ соргог ийм хоёр санаачилга дэвшүүлсэн аж. Түүний мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн бодлогын санал олон. Тодруулбал, эдийн засгаа олон тулгууртай болгоно, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийнэ, органик хүнс импортлогч болно, эрчим хүч экспортолно, эрдэс баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээнэ, үйлдвэрийн цогцолборууд байгуулна гэх мэт олон жил яригдаж буй, зарим нь нэлээд ахицтай зүйлсийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болбол дэмжиж ажиллах юм байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барих, “Оюутолгой” төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээг бодлогоор дэмжих гэнэ.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ХУВЬЦААГ ИРГЭДЭД ХУДАЛДАНА ГЭВ

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ эдийн засгийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлэх товч, тодорхой цөөн ажил санаачилжээ. Тэрбээр ажиллах хүчийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ажлын байр олноор бий болгохыг нэн тэргүүний зорилт гэж үзэн, зуун мянган шинэ ажлын байр бий болгох бүтээн байгуулалт, бизнесийн төсөл, хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих, хамгаалах бодлого хэрэгжүүлж ажиллана гэжээ. Мөн хувьцаатай иргэн төслийг санаачилж, төрийн өмчит аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр иргэддээ үнэт цаасыг нь худалдалж, ил тод, нээлттэй засаглалыг нэвтрүүлнэ. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” зэрэг стратегийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд худалдах хууль санаачлах гэнэ. Үүнээс гадна Нийгмийн даатгалын нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын өр төлбөрөө шат дараатайгаар бууруулах нөхцөлийг Засгийн газраас шаардах аж.

Түүнчлэн эдийн засаг, гадаад харилцааны бодлого нэгдмэл байж нэг цонхоор хэрэгжинэ. Эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн гадаад худалдааг олон тулгууртай болгоно. Өндөр технологи, аж үйлдвэрлэл, байгаль орчинтой холбоотой, гадаадын улсуудын хөрөнгө оруулалтыг татах, нээлттэй бүс байгуулах төслийг санаачилж УИХ-аар батлуулна гэсэн эдийн засгийн агуулгатай зүйлс багтаажээ. Тэрбээр эдийн засгийн талаар авах арга хэмжээг мөрийн хөтөлбөрөө ийнхүү тусгажээ.

ҮНДЭСНИЙ КОРПОРАЦУУДЫГ ТЭТГЭН ХӨГЖҮҮЛНЭ

“Шинэ технологийг шуурхай нэвтрүүлэх буюу блокчейн, хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын технологийн шийдлүүд, нанотехнологи, биотехнологи, хөдөө аж ахуй, эрчим хүч, химийн болон бусдаас өрсөн шийдэмгий нэвтрүүлэх, өрсөлдөөний давуу талыг олж, үр шимийг нь түрүүлж хүртэх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ”, “Эдийн засгаа тэтгэх банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн хүчирхэг тогтолцоог хөгжүүлж, финтекийн салбарыг бэхжүүлж, бүс нутагтаа өрсөлдөхүйц хэмжээний үндэсний корпорацуудыг тэтгэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ” гэж “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Энэ бол өрсөлдөгчдөөсөө ялгаатай, орчин цагийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг баримталсан зорилт байв.

Түүний мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засгийн бусад агуулга тийм ч шинэлэг биш. Гэхдээ Д.Энхбат Монголын эдийн засгийн орчинд тулгамдаад буй олон асуудлыг шийдэх бодлогыг дэмжиж ажиллах юм байна. Тухайлбал, ажил эрхлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, уул уурхайн салбарын бодлогыг эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх хэмжээнд авч үзэх, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн боловсруулах, бизнест дарамт учруулахгүй, энгийн ойлгомжтой шударга татварын тогтолцоо бүрдүүлэх бодлогыг дэмжиж ажиллах гэнэ.

Өнөөдөр сонин, Т.Энхбат

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд удаагүй байна. Нэр дэвшигчид иргэд, сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулах замд гарав. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-ын С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслийн Д.Энхбат нар мөрийн хөтөлбөртөө улс орны эдийн засгийг хөгжүүлэх талаар ямар агуулга тусгасныг шинжиж үзье. МАН, “Зөв хүн электорат” эвслийн нэр дэвшигчид эдийн засгийн хөгжлийг дэмжих саналуудаа мөрийн хөтөлбөртөө тусгай бүлэг болгожээ. Харин АН-ын нэр дэвшигч тэгсэнгүй.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.