| | USD/MNT 0₮

А.Цэгмид:Тэнгэрт байгаа ижийн минь хүслийг төр засаг тамгалж өглөө

-Эцсийн амьсгалаа тасартал урлагт зүтгэх үүрэг даалгавар авлаа гэж бодож байна-

Ганган Цэгмээ буюу олноо Нийслэл хүүхэн киноны Ажаагийн дүрээр илүү танигдсан, СТА жүжигчин А.Цэгмид өчигдөр Монгол Улсын төрдөө үнсүүлж, Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй шагналыг энгэртээ гялалзуулж түмэн олноо баярлуулсан. Түүний урлагт 60 гаруй жил зүтгэсний үр шим энэ юм. Тэрбээр Монголын кино урлагийн өвөрмөц чамин шигтгээ, үнэ цэнэтэй урлал болсоор хагас зууныг ардаа хийжээ.  

Олон хүн жүжигчин А.Цэгмидийг эрт гавьяат авсан гэж боддог юм билээ. Тэгвэл одоо л энэхүү шагналыг авч ард түмнээ, алтан нутгийнхаа, алтан тайзын анд нөхөд, үр, ач зээ нараа баярлуулав. Нүдээ олсон шагнал гэдэг сайхан юм. Өнгөрсөн жил олон нийтийн сүлжээгээр “Жүжигчин А.Цэгмид гавьяат авах болсон. Гавьяат цол өгөхийг шаардаж байна” гэсэн давалгааа их явсан. Гэвч шагнал авах цаг хугацаа гэж байдаг юм байна.

 Ийнхүү өчигдөр шинэхэн гавьяатыг Төрийн ордноос гарч ирснийх нь дараа УДЭТ-ын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. “Олны итгэл, хайр шингэсэн хүндтэй шагнал авсан надад ухрах эрх байхгүй. Одоо ёстой үзүүлээд өгнө” гэж тэрбээр баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм. Үүнийг нь сонсоход тэрбээр ясны уран бүтээлч, мөнхийн тэмцэгч болохыг илтгэнэ. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Баярласан сэтгэгдэл мэдрэмж энэ цээжин дотор минь багтаж ядан байна.

-Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулна гэсэн баярт мэдээгээ хэзээ сонсов?

-Шагнал авахын урд өдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаж хэлсэн. Сонсоод маш их баярлаж, бүр сандарсан. Төрөө, түмэн олноо хүндэлж, өмсөх дээлээ хүртэл бодож амждаг юм билээ шүү.

-Ерөнхийлөгчөөсөө шагнал гардаад зогсч байхдаа та юу бодов?

-Төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ижийгээ л бодож байлаа. Тэнгэрт байгаа ижийн минь хүслийг төр засаг тамгалж баталгаажуулж өглөө. Энэ баталгааг би дуусгах ёсгүй, эцсийн амьсгалаа дуустал урлагт зүтгэх үүрэг даалгавар авч байна гэж бодсон.

-Жилийн өмнө таныг Гавьяат жүжигчин авах ёстой гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьж давалгаалсан. Энэ үед та юу бодож байв?  

-Хоёр жилийн өмнөөс л цахим хуудсаар тийм юм яваад байдаг болчихсон. Хүмүүс намайг өөрөө зохион байгуулж байна гэж ойлгоод байх шиг байсан. Би тийм зүйл хийх хүн биш. Үнэхээр ард түмэн энэ хүндтэй шагналыг өгүүлэхийг хүссэн байх.

-Урлаг уран сайхантай амьдралаа холбоод 60 гаруй жил болжээ. Таныг хүмүүс эрт гавьяат жүжигчин цол тэмдэг авсан гэж ойлгодог юм билээ?

-Би спорт, урлаг хоёртой хувь заяагаа холбоод 56 жилийн дараа энэ алдар цолыг хүртэж байна. Тэгэхээр энэ алдар цол бол надад олдож байгаа алдар цол биш. Намайг гавьяатаа, та гавьяат биздээ гэдэг ард түмэн, үзэгч түмэн, миний найз нөхөд, миний гэр бүлийнхэн, миний тэнгэрт байгаа ижийгийн минь хүслийг өнөөдөр төр засаг маань баталгаажуулж тамгалж өглөө гэж бодож байна. Эрт авах, хожуу авахад бол ялгаа байхгүй. Салбартаа манлайлж, хийх ёстой ажлаа хийж, уран бүтээлд олон чанартай дүр бүтээж, олныхоо хайр ивээлд явж байхад шагнал авах өдөр ирнэ гэж боддог байлаа.

-Таныг “Нийслэл хүүхэн” олон ангит киноны Ажаагийн дүрээр илүү сайн мэдэж таньдаг. Гэвч та тайз дэлгэцийн 160 гаруй бүтээлд дүр бүтээсэн байдаг юм билээ. Тэдний дунд “Өндөр ээж” киноны Сүрэнгийн дүрийг ихэд хайрладаг?

-Би чинь “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй” тэргүүтэй 70-80-аад оны уран сайхны кинонууд мөн “Ану хатан”, “Улаан дөрвөлжин", “Оюутны нууц амраг", “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг сүүлийн үеийн кинонууд, Хүүхэд, залуучуудын театрын “Манай сургуулийнхан”, “Хулчаахай”, “Навсай Дамба”, “Хайр " гэхчилэн олон арван бүтээлд дүрээ бүтээсэн. Кинонд бол “Өндөр ээж” киноны Сүрэн хэмээх бага эмчийн дүр анхных юм л даа. Харин сүүлд “Эхиймаа”-д Насанжаргалын дүр, Олон ангит уран сайхны кино болох “Нийслэл хүүхэн” Ажаагийн дүрийг бүтээсэн.

-Хүүхэд залуучуудын театрт анх хэрхэн хөл тавьж байв?

-Миний тайзны анхны бүтээл бол Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн ядуу навсгар хүү. Үггүй дүр л дээ. Дараа нь “Гарын таван хуруу" жүжгийн бага дүү Идэрчулууны хамт тоглосон. Театрт анх жүжигчин болж орж байхдаа би арван зургаатай байлаа. Кинонд Сүрэнд тоглохдоо арван наймтай байсан. Ямар ч урлагийн сургууль төгсөөгүй хүүхэд шүү дээ. Эмээ, ээж хоёр маань намайг зөв хүн болгож төлөвшүүлсэн болохоор тэр кинонд их зөв талаас нь, найруулагчийн үүрэг даалгаврыг биелүүлж тоглосон байх. Тухайн үедээ кинонд тоглож байна гэж би ер бодоогүй. Зүгээр кинондоо амьдарсан л юм юм шиг байна лээ. Ер нь тэгээд хүүхэд насаа хөдөө хонь хариулж өнгөрөөсөн болохоор одоогийнх шиг янз бүрийн спорт урлагийн дугуйланд явж байсангүй. Зүгээр л амьдрал дээрээс урлагийн талаар битүүхэн ойлголт авч байжээ. Би багаасаа, дөрөв таван настайгаасаа л их нүүрэмгий хүүхэд байв. Энэ зан араншин маань урлагт хөл тавихад их нөлөөлсөн.

-“Нийслэл хүүхэн” киноны Ажаагийн дүрийн тухайд. Таныг буурал ээжийгээ бодож энэ дүрийг бүтээсэн гэж ярьдаг юм билээ?

-“Нийслэл хүүхэн” ОАУСК-ны Ажаа эмээгийн дүрд тоглосон. Хоёр сар гаруйн хугацаанд натурт байрлаж ажилласан. Энэ киноны зохиолчийн хэлснээр түүний эмээ ээж нь миний тоглосон дүрийн эзэн буюу шаламгай малчин эмэгтэй байсан гэсэн. Тэгээд энэ дүрд хөгшин буурал ижийгээ бодож, бүтэн хоёр сар гаруйн хугацаанд хамт байлаа. Яагаад гэвэл миний хөгшин ээж насаараа хөдөө байж, яг л миний энэ дүр шиг шап хуп хийсэн хөдөлгөөнтэй, ажилсаг хүн байсан юм. Ямар ч байсан зохиолчийнхоо эмгэн ээж, өөрийнхөө эмгэн ээж хоёрыг энэ дүр дээр мөнхлөхийг хичээж ажилласан.

-Ээж гэснээс төрж өссөн нутаг усаа уншигчдад танилцуулаач?

-Би Завхан аймгийн Завханмандал суманд төрж өссөн. Миний хөгшин ээж 1900 онд төрсөн Завханмандал сумын уугуул Пагамдулам гэж эмгэн буурал хөгшин байсан. Би эмгэн буурал ижийгээ дагаж 12 нас хүртлээ хөдөө мал дээр байсан. Буурал аавыг минь У.Гүржав гэдэг байсан. Миний нутаг чинь ар талаараа урт элсэн нуруун уултай, урдуураа Хүнгүй гол урссан их сайхан нутаг бий.

-Таныг залуудаа спортод бие сэтгэлээ зориулсан байсан гэсэн. Спортын хүн яагаад урлаг руу урвах болов?

-Би багын л спортод дуртай хүүхэд байсан. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч гэж буурал ээж минь хэлдэг байсан. Эмэгтэй хүүхэд даруухан хөдөлгөөн удаан нямбай байх ёстой шүү дээ гэтэл тийм биш. Надад тийм ч чанар байгаагүй. Энэ араншин маань дасгалжуулагчийн хараанд өртсөн болов уу гэж одоо боддог юм. Анх долдугаар ангид байхдаа улсад бүртгэлтэй тамирчин болж байлаа. Тухайн үед улс хувьсгалын 40 жилийн ой тохиож, гимнастикийн баг бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт явуулсан юм. Шалгаруулалтын үеэр Д.Норов дасгалжуулагч, багш маань намайг онцлоод шигшээд авч явсныг сайн санадаг юм. Ийнхүү долдугаар ангийн охин БНМАУ-ын Спортын төв ордны спортын гиминасикийн анхны шигшээ багийн долоон тамирчны нэгээр сонгогдож байсан түүхтэй.

-Таныг ганган Цэгмээ гэдэг. Ер нь уран бүтээлд тоглож байгаа байдал болон хандлагыг харахад нэг тийм залуулаг, жавхаалаг харагддаг. Залуур уран бүтээлчид ч тантай хамтарч тоглоход их дуртай байдаг гэсэн?

-Баярлалаа, ингэж магтаж байгаад /инээв/. Би залуу хүмүүсийн уран бүтээлийг дэмжих тун дуртай. Уран бүтээлч хүн залуу сэтгэлгээтэй байх ёстой. Залуустайгаа адилхан л сэтгэж бүжиж наадна шүү ээ. Манай монгол уран бүтээлчид чулуугаар хийчихсэн юм шиг бэрхшээл даадаг. Нэг хүн найруулагч, продюсероо хийнэ. Өөрөө жүжиглэнэ, тоног төхөөрөмжөө зөөнө гээд арван гартай юм шиг л зүтгэнэ. Тийм хүмүүсийг хайрлахгүй байхын ч аргагүй шүү дээ.

-Гавьяат цол авсан хүн гол дүр бүтээхийг хүсэж байгаа байх?

-Мэдээж, миний уран бүтээлээс хойш суудаггүй бас нэг шалтгаан бол гол дүр. Би ер нь гол дүрд л шунадаг. Өөрийгөө овоглосон нэг уран бүтээлтэй болохыг их хүсдэг юм.

-Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж яваг ээ?

-Маш их баярлалаа. Урам зориг, хүч тэнхээ өгч ташуур болсон энэ шагналынхаа төлөө одоо ёстой үзүүлээд өгнө. Ухрах няцах эрх байхгүй.

О.Сайхан 

Төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ижийгээ л бодож байлаа. Тэнгэрт байгаа ижийн минь хүслийг төр засаг тамгалж баталгаажуулж өглөө. Энэ баталгааг би дуусгах ёсгүй, эцсийн амьсгалаа дуустал урлагт зүтгэх үүрэг даалгавар авч байна гэж бодсон.
Ярилцлага

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.