| | USD/MNT 0₮

Т.Мөнхбаяр: Салхит төсөл таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн үр өгөөж өгнө

Төрийн өмчийн Салхитын мөнгөний ордыг монгол инженерүүд өөрсдөө менежмент хийснээр байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн анхны төсөл болж байна. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн зээлгүй иргэдэд олгох 216 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгсөн Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Танай компани “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хууль”-иар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгийг та энэ сарын 7-нд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үедээ мэдэгдсэн. Тэгвэл тэтгэврийн зээлгүй байсан иргэдэд олгох нэг сая төгрөг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орж эхэлжээ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх үйл ажиллагааны хүрээнд 2021 оны тавдугаар сарын 21-нээс тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөг олгож эхэлсэн. Манай компанийн зүгээс зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн санхүүжилт болох 216 тэрбум төгрөгийг бүрдүүлж, “Эрдэнэс Монгол” компани руу шилжүүлсэн. “Эрдэнэс Монгол” компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу шилжүүлснээр банкуудаар дамжуулан тэтгэврийн зээлгүй байсан иргэдийн данс руу нэг сая төгрөг шилжиж орлоо.

-Тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгөөс бага зээлтэй иргэдэд олгох зөрүү мөнгөнд шаардагдах 216 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-216 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийн тулд санхүүгийн олон төрлийн загварыг судалж, хэрэгжүүлж ажилласан. Манай баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн маш сайн өндөр агууламжтай гарч байгаа тул баяжмалаа Европын холбоонд гаргаж, Европын банкны магадлан шинжилгээ буюу манайхны хэлдгээр “Due diligence” шаардлагыг давж баяжмалаа нийлүүлэх гэрээ хийж чадсан нь бидний хамгийн том амжилт. Өнгөрсөн оны 8-12 дугаар сарын турш хэлцэл хийх ажлууд үргэлжилсэн. Европын банк баяжмалын чанарыг өөрийн стандартын дагуу шалгахаас эдийн засаг, техник, уул уурхай, захиргаа болон хууль зэрэг бүх талаас шалгаж улмаар урьдчилгаа төлбөрийн гэрээгээ амжилттай байгуулсан. Ингэснээр бид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулж, урьдчилан 50 сая ам.долларын санхүүжилт авч чадсан. Мөнгөө урьдчилж авсан боловч нэмэлт хүү, шимтгэлгүйн дээр тодорхой үнэд баригдаагүй. Лондонгийн хөрөнгийн биржийн хөвөгч үнээр тооцохоор гэрээ байгуулсан.

Гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүнээ 2021 оны нэгдүгээр сараас эхлэн нийлүүлж байна. Графикийн дагуу тавдугаар сард зургаадугаар сарынхыг гаргах зэргээр бид нэгээс хоёр сарын нөөцтэй явдаг. Яг одоогийн байдлаар бид 16 сая ам.долларыг төлж барагдуулсан. Энэ маягаар графикийн дагуу он дуустал нийлүүлэхэд үлдсэн 34 сая ам.долларын бүтээгдэхүүнийг төлж дуусна.

-Салхитын ордын шинэ баяжуулах үйлдвэрийн ажил хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Бид хоёр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжийн баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад ажиллаж байна. Хоёрдугаар баяжуулах үйлдвэрийн ажил 80 хувьтай явж байгаа. Барилгын ажил болон том тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт бүрэн дууссан. Хил дээр манай дөрвөн машин бий. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан татан авалт хийгдээгүй байгаа. Энэ дөрвөн машинаа авчихвал хоёр дахь баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд бүрдэнэ. Одоо ажиллаж байгаа баяжуулах үйлдвэр жилд 300 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ч бодит нөхцөл байдал дээр 250-280 мянган тонн хүдэр боловсруулж байгаа. Хоёр дахь баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллана.

-Уул уурхайн баялгийн үр шимийг ахмад настнуудад, иргэдэд хүртээх бодит боломжийг олгосон танай хамт олонд баяр хүргэе.

-Салхит төсөл бага зардлаар их ашиг олох бүрэн боломжтойг харуулж буй жишиг төсөл. Тухайлбал, Улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Өөрөө өөрийгөө санхүүжүүлж 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван жилийн дараа үр өгөөж нь 1.2 их наяд төгрөг байхаар тооцож, санхүүгийн моделио боловсруулсан. Энэ хугацаанд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал болон өөр бусад учирч болох жижиг эрсдэлүүд тулгарлаа гэхэд нийт хүчин чадлынхаа 80 хувиар ажиллахад хангалттай үр дүнд хүрнэ.

САЛХИТЫН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛСАН “ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” КОМПАНИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА

Мөн манай сурвалжлах баг тэтгэврийн зээлгүй байсан ахмадын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссон юм.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн З.Сүхбат (75 настай): -Тэтгэврийн зээлгүй ахмадууд бидэнд нэг сая төгрөг олгож байгаад маш баяртай байгаа. Энэ нэг сая төгрөг амьдралд их л тус нэмэртэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 он солигдох мөчид иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх талаар ард түмэндээ хандаж хэлснээс хойш энэ ажил хэрхэн явагдаж байгаа талаар чих тавьж, мэдээ мэдээлэлд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тэтгэврийн зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийг 2021 оны тавдугаар сарын 21-нээс өмнө нь буюу товлосон хугацаанаас нь өмнө бүрдүүлж ажилласан, Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан “Эрдэнэс силвер ресурс” компанийн хамт олонд баярлаж байна. Байгалийн баялгаас иргэддээ, тэр дундаа ахмадуудад түрүүлж хүртээсэн бодит ажил болж чадсан гэж харж байгаа.

ЦААШИД САЛХИТ ШИГ ОЛОН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭЭСЭЙ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Н.Пүрэвээ (78 настай): -Өнгөрсөн оны хоёрдугаар сард ахмадуудын тэтгэврийн зээлийг төр тэглэсэн. Би тэтгэврийн зээлгүй байсан. Ер нь 1-4 бүр зургаан сая төгрөгийн тэтгэврийн зээл авна гэдэг тэтгэврээс өөр орлогогүй бидэнд бол маш хүнд. Тийм дээ ч энэ хэмжээний зээл авдаггүй.

Харин дундаж амьдралтай, тэтгэврээсээ өөр бас бус орлоготой ахмадууд тэтгэврийн зээл авдаг гэж харсан. Тухайн үед зарим хүн зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж байгаа юм чинь зээлгүй ахмадууддаа гурван сая төгрөг олгох хэрэгтэй гэж ярьцгааж байлаа. Энэ оносон санал гэж бодогдсон. Гэхдээ ор тас орхилгүй тэтгэврийн зээлгүй ахмадууддаа нэг сая төгрөг олгож байгаад баярлаж байна.

Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсныг маш зөв зүйтэй ажил боллоо гэж харж байгаа. Цаашид Салхит шиг олон төсөл хэрэгжүүлээсэй.

Төрийн өмчийн Салхитын мөнгөний ордыг монгол инженерүүд өөрсдөө менежмент хийснээр байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн анхны төсөл болж байна. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн зээлгүй иргэдэд олгох 216 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгсөн Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.