| | USD/MNT 0₮

Э.Магнайбаяр:Хоёр намыг нийлүүлж нэгтгэхийн төлөө өөрийнхөө чадах бүх хүчээ өгсөн

-Над руу өндөг шидэж, гурил цацсан хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар бүгд ажлаа өгсөн-

Өнгөрсөн аравдугаар сард болсон ИТХ-ын сонгуульд Баянгол дүүргийн 23 дугаар хороонд МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Э.Магнайбаяр МАН-д элсэж гишүүний үнэмлэхээ гардаж авсан нь тухайн үед нэлээд шуугиан тарьсан. МАН-д элссэний дараа хэсэг эмэгтэйчүүд түүн рүү өндөг шидэж, гурил цацаж “урвагч” хэмээн элдэвлэж дайрсан юм.

Гэвч удалгүй хэдэн сарын дараа МАН болон МАХН нэгдэж, Н.Энхбаяр даргын толгойлж байсан нам татан буугдлаа. Энэ үзэгдлийг харсан олон нийт Э.Магнайбаярыг алсаа харсан, зөв хожилтой нүүдэл хийжээ хэмээн дүгнэж буй. Өөрөөр хэлбэл, түүнийг МАН-д элссэн нь зөв хэмээн харж. Ингээд хоёр нам нийлж нэгдсэн асуудлаар БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, Баянгол Хүүхдийн Зуслан” ОНӨТҮГ-ын дарга Э.Магнайбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу, таны ажил сайн уу?

-Сайн сайн. Ерөнхийлөгчийн сонгууль гээд ажил бужигнаж эхэллээ.

-Хоёр нам нийлж нэгдсэнд ямар бодолтой байна вэ. Тухайн үед МАН-д элсэж байхдаа та нийлнэ гэж бодож байсан уу?

-Үзсээр байгаад л нэгтгээд авлаа. Цас зүсэх ч амаргүй л байдаг юм. Хоёр нам нийлснийг маш их дэмжиж байгаа. Нэгтгэхийн төлөө өөрийнхөө чадах бүх хүчээ өгсөн.

-Тань руу өндөг, гурил шидэж дайрсан эмэгтэйчүүд МАХН-ынхан байсан юмуу, аль эсвэл өөр намынхан уу?

-Тэр хэд АН-ынхан байсан. Хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагчид байсан. Тэр явдлаас хойш бүгд ажлаа өгсөн.

-Та МАХН-аас гараад МАН-д элссэн. Тухайн үед МАХН-ын дарга болоод гишүүд танд юу гэсэн бэ?

-Би МАХН-ын гишүүд болон дарга нартай холбоотой байгаа. Угаасаа МАН-д элсэхэд л 100 жилээр нэгдэх яриа явж л байсан. Намайг МАН-д элссэний дараа "өө нийлж нэгдэх эхлэлийг нь тавьсан" гээд их дажгүй байгаа шүү. Зарим нэг ах, эгч нар холыг харсан байна тухайн үед буруугаар бодож байсан уучлаарай гэж уучлалт гуйсан. 

-МАХН-аас гарах болсон шалтгаан нь юу байсан?

-Би Баянгол дүүргийнхээ 220 мянган  иргэдийн төлөө ийм шийдвэр гаргасан. Миний сонгогдсон 23 дугаар хороонд гэхэд л сургууль байхгүй. Иргэд маань надад дэвтэр дүүрэн захиа даалгавар өгсөн. Энэ бүгдийг шийдэх бололцоо байхгүй учраас би МАН-д элсэж, дүүргийнхээ асуудлуудыг шийдэхийн төлөө ийм шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, иргэд сонгогчиддоо бодсон шийдвэр. Би чинь анх удаа ИТХ-д сонгогдсон. Дэвтэр дүүрэн захиасыг нь биелүүлэх боломж гэж МАН-д элссэн.

-Тэгээд таныг сонгосон сонгогчид тань руу дайрч давшлаад байсан биз дээ?

-Нэг ч сонгогч дайраагүй шдээ. Дан АН-ыхан байсан. Цаанаасаа зохион байгуулалттай өндөг сетк сеткээр нь аваад ирсэн байсан юм билээ.

-Тухайн үед өндгөөр шидүүлж, гурилаар цацуулж, алгадуулж байхдаа юу бодож зогсов?

-Бүгдийг цаг хугацаа харуулна гэж хэлээд зогсч байсан шүү дээ.

-Тань руу өндөг шидснээс болж өндөг ховордож, үнэ нь нэмэгдлээ гэсэн хошигнол гарсан байсан?

-Үгүй байх. Намайг харлуулах маш том баг ажилласан.

-Яг ямар баг юм бэ, тодорхой хариу өгөөч?

-Одоо Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ даргын баг байх. МАХН-аас намайг муулсан яриа хэлэлцээр, хурал цуглаан ганц ч хийгээгүй юм шдээ.

-МАН-аас танд том албан тушаал төдийгүй, "Энканто" хотхонд таван өрөө байр бэлэглэсэн гэж үнэн юмуу?

-Байр өгсөн гэдэг шал худлаа. Байр энэ тэр бол Ардчилсан намын зохиосон хар пиар. Би Баянгол Хүүхдийн Зуслан ОНӨТҮГ-ын даргын албан тушаал хашиж байна. Манай бүлгийн төлөөлөгч нар бүгд ажил хийж байгаа.

-Та үнэхээр байр аваагүй юмуу?

-Юу гэж дээ.

-Одоо сонгуулийн ажилтай байна уу?

-Тийм. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана.

-Хоёр нам нэгдээд Н.Энхбаяр дарга нарт МАН 30 квот өгч байгаа гэсэн үү?

-Намын ажилд 30 квот өгч байгаа юм байна гэж би ойлгосон.

-Энэ жил ковидтой холбоотойгоор хүүхдийн зуслан ажиллахгүй юу?

-Хүүхдийн зуслан энэ жил нээнэ, хүүхэд авах нь ковидоос шалтгаалах байх. Амрагчид дүүргийн иргэдийг авна гэж төлөвлөж байгаа. Бусад зуслангууд нээгдвэл хүүхэд авна гэж төлөвлөж байгаа. 

 

 

Би МАХН-ын гишүүд болон дарга нартай холбоотой байгаа. Угаасаа МАН-д элсэхэд л 100 жилээр нэгдэх яриа явж л байсан. Намайг МАН-д элссэний дараа "өө нийлж нэгдэх эхлэлийг нь тавьсан" гээд их дажгүй байгаа шүү. Зарим нэг ах, эгч нар холыг харсан байна тухайн үед буруугаар бодож байсан уучлаарай гэж уучлалт гуйсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.