| | USD/MNT 0₮

А.Оюунчимэг:Хүүхэд гэдэг гайхамшигтай, зүрх нь зогсч байсан ч эргэж зүрхний цохилт нь орж ирээд бие нь сайжрахыг харах хамгийн сайхан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, энэ сарын 14-нд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн билээ.

Нийт 21 эмчид Хүний гавьяат эмч цол хүртээсний нэг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч, Хүүхдийн сэхээний Оюунаа эмч гэдгээрээ олонд танигдсан А.Оюунчимэг байлаа.

А.Оюунчимэг эмчийн хувьд  ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг, Чанарын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан хүүхдийн эмч юм. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллахдаа өөрийн төрж өссөн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрбээр шагнал авсны дараа “Маш их урам зориг, ташуур өгсөн шагнал байлаа. Хүүхдийн эмч болсондоо баярладаг” хэмээн ярьж байсан юм. Ингээд олон шавьтай, олон хүүхдэд амь амьдрал, эрүүл мэнд бэлэглэсэн алтан гартай эмч А.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу, танд төрийн дээд одон медаль хүртсэнд баяр хүргэе ээ. Хүний гавьяат эмч гэсэн хүндтэй шагналыг гардаж авч байхдаа та юу бодож байв?

-Ерөнхийлөгчөөсөө Монгол Улсын хүний гавьяат эмч гэсэн энэ хүндтэй цолыг авсандаа маш их баярласан. Яг тэр мөчид 9 цагаан туг харагдаж, хажууд нь харуулын хүндэт 4 цэрэг зогсч байсан нь их гоё санагдсан. Мөн эрүүл мэндийн салбарын мундаг олон таньдаг эмч нар адилхан шагнал авсан. Ихэвчлэн салбартаа олон жил ажилласан, нэр төртэй ахмад эмч нар харагдсан. Тэд нартайгаа мөр зэрэгцэн зогсоод шагнал авах гоё байлаа. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Их зүйл бодогдсон шүү. Говь-Алтай аймгийн 10 жилийн сургуулийн танхим, Анагаахын ухааны их сургуулийн танхим болон ачит багш нар, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан үе, ЭХЭМҮТ-д ирээд ажилласан үе болгон нүдэнд жирэлзэж харагдсан шүү. Хүүхдийн эмч болсондоо маш их баярладаг.

-Хүний гавьяат эмч цол авсанд салбарынхан нь болон таныг таньдаг хүмүүс мэдээж баяр хүргэж, халуун дотноор угтаж авсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Сая шагнал авахад утсанд их олон мессэж ирж байна шүү. Урам авмаар. Нэг мессэж нь “Манай хүүхэд 18 настай, 1м 82см өндөр хүү байна. Хүүгийн минь амийг аварсанд баярлалаа, талархлаа” гэсэн байсан. Нэг хүүхэн ажлын үүдэн дээр ирээд дуудсан. Гараад уулзтал “Би дөрвөн хүүхэдтэй болсон. Та миний хүүхдийг эмчилж байсан. Маш их баярлалаа” гээд зогсч байсан.

Эрчимт эмчилгээний тасаг руугаа орохоор явж байхад л үүдэнд таньдаг хүмүүс таараад “Оюунаа эмчээ танд баяр хүргэе” гэж хэлэх нь ямар сайхан гэж санана. Би тэр хүмүүсийг танихгүй ч би хүүхдийг нь эмчилсэн эмч нь байгаа байхгүй юу. Гудамжинд хүртэл намайг таньдаг хүн таараад “Сайн байна уу эмчээ, миний хүүхдийг та сэхээсэн шүү” гэж хэлдэг. Надтай хамт сэхээний асрагч хийж байсан 87 настай Лхам эгч Эрдэнэт хотоос чатаар холбогдож баяр хүргэсэн нь гоё. Ажлаа бодож бахархаж байлаа.

-Ажлын гараагаа эхэлж байсан үеэ дурсвал. Анагаахын их сургуулийг яг хүүхдийн эмч мэргэжлээр дүүргэсэн үү?

-1985 онд их сургуулиа төгсөөд Говь-Алтай аймагт очиж байлаа. Тэнд Эрүүлийг хамгаалах газар гэж байсан. Тэр газрын дарга Бямбаа гэж хүн хотод ирээд 12 хүүхэд авч явж байсан юм. Тэгээд намайг шууд хүүхдийн тасаг дээр хувиарласан. Уг нь би эмчилгээний анги төгссөн хэрнээ хүүхдийн эмч болохоор их сонин. Хүүхэд үзэхээс айгаад “Яаж үзнэ ээ, яанаа” гэж бодогдож байсан үе бий. Тухайн үед долдугаар сарын 15-нд ажилдаа орж байсан дараа нь 11 дүгээр сард Буянбат, Түмхүү гэж хоёр эмчтэй хүүхдийн сэхээний тасгийн ээлжинд орж байсан. Тэгээд нэг жилийн дараа хүүхдийн эмч мэргэжил олгох курст суралцаад Хүүхдийн эмч болж байсан.

-Та хэзээ ЭХЭМҮТ хэмээх энэ “том” айлд эмчээр орж ирж байв?

-1991 онд Улаанбаатарт шилжиж ирж байлаа. ЭХЭМҮТ-д ажилд орох хүсэлтээ гаргаад, манай энэ төвийн Ерөнхий зөвлөх эмч Д.Малчинхүү эмч дээр очиж байсан. Ингэхдээ “энэ төвд ажиллах хүсэлтэй байна” гэдгээ уламжлахад “Чи хөдөө ажиллаж байсан хүн. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт ажилла” гэсэн. Ингээд 1991 оны долдугаар сарын 15-нд ажилд орж байлаа. Түүнээс хойш одоог хүртэл энэ төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байна.

-Та одоо Захиргааны тасагтаа даргын ажлаа хийгээд сууж байхдаа энэ Эрчимт эмчилгээний тасаг руу дуудагдах үе байна биз?

-Байлгүй яах вэ.  Хүүхэд хүндэрлээ, хэцүүдлээ гэсэн дуудлага мэдээлэл аваад л гүйгээд ороод ирнэ шүү дээ. 2011 онд төвийн Чанарын албаны дарга болсон. Хэдий дарга болсон ч гэсэн мэргэжлээсээ хоцрохгүйн тулд яг энэ тасагтаа долоо хоногтоо нэг удаа жижүүрийн үүрэг гүйцэтгэнэ. Эмч нартайгаа зөвлөлдөж хүнд хүүхэд эмчилнэ. Мэргэжлээсээ хөндийрэхгүй тулд Эрчимт эмчилгээний тасагтаа ажиллаж байгаа. Мөн дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагт зөвлөгөө өгч ажиллана. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нийтдээ 36 дахь жилдээ ажиллаж байна.

-Хүүхдийн эмч хүн яг ямар байх ёстой вэ. Хүүхэдтэй ажиллана гэдэг хэцүү юу, эсвэл амархан уу?

-Хүүхдийн эмч хүн чанартай байх ёстой. Хүүхдийн гэлтгүй тангараг өргөсөн эрүүл энхийн манаанд зогсч байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд хүн чанартай хүнлэг энэрэнгүй байх ёстой юм. Хүүхэд их хөөрхөн, хамгийн ариухан “амьтан”. Дэлхий дээр ямар ч янз бүрийн гажигтай байсан ч гэсэн бүх хүүхдүүд хөөрхөн харагддаг. Хүүхдийн эмч ямар байх ёстой вэ гэхээр хүүхдийг харж ажиглаж сурах хэрэгтэй. Хамгийн гол нь маш сайн харах. Бид залуу эмч нартаа ингэж захиж хэлдэг. Хүүхдийг хурдан хурдан ойр ойрхон чагнахгүй бол уйлаад уурлаад байна. Тиймээс үзээд чагнаад байна гэж бас байхгүй. Маш сайн харж ажиглах. Манай багш нар ч бидэнд “Хүүхдийн эмч маш сайн бясалгагч, ээж аавтай нь сайн харьцдаг байх” ёстой гэж хэлдэг. Дээрээс нь хүүхэдтэй харилцах ур чадвараа хөгжүүлж сайжруулах хэрэгтэй гэдэг.

-Хүүхдийн эмчийн бахархал юу бэ?

-Хүүхдийн зүрх зогсч байсан ч эргээд зүрх нь орж ирээд маргааш нь өндийгөөд суучихсан байхыг харах хамгийн сайхан. Эмчилж байсан хүүхдээ эдгээж, эрүүл болгох нь эмч хүний бахархал юм даа. Эмчилгээний үр дүн их чухал. Хүүхдийн сэхээний тасгийн эмч хүүхдийг найдваргүй болчихжээ гэж бодож болохгүй. Хүүхдэд гайхамшиг байдаг. “Яанаа найдваргүй болчихлоо” гэж бодож байсан ч босоод ирчихсэн байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт маш хүнд хүүхдүүд орж ирнэ. Аав ээж, эмээ өвөө нь айчихсан сандарчихсан аврал эрнэ. Бид нарт итгэнэ. Хүүхэд нь илт сайжраад бие нь дээрдээд, бие нь эдгэрэхээр их баярлада. Муу байсан хүүхдийг эмчлээд эдгэрүүлээд эмнэлгээс гарахад нь аав ээж нь “Эмчээ маш их баярлалаа” гэж хэлэх нь их урам зориг, хүч өгдөг. Нөгөөтэйгүүр том шагнал юм даа.

-Эмчилж байсан хүүхэд нь найдваргүй гэсэн оношоор эндэх нь их хэцүү байх. Эмч, сувилагч нар ийм үед эцэг эхийг нь дагаад хямардаг болов уу. Хамгийн хатуужилтай хүмүүс эрүүл мэндийн салбарт ажилладаг байх?

-Хүүхэд эндэнэ гэдэг хамгийн хэцүү. Эмч хүн хүүхдийн амийг аврахад шаардлагатай гэсэн юм болгоныг стандартын дагуу хийчихсэн байх ёстой. Эмнэлзүйн стандарт гэж бий. Эмч хүн хүүхдийг яаж эмчлэх юм. Заавар, удирдамж гэж бий. Яаж булчин тариа хийх, судсыг нь яаж олох уу. Эцсийн эцэст бид бүхэн стандартын дагуу бүгдийг хийсэн байх ёстой. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл гэж бий. Яах аргагүй биеийн байдал нь маш хүндэрчихсэн хүүхдийг яаж ч чадахгүй алдах тохиолдол бий. Тухайн үед байсан эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч нар бүгдээрээ хүнд байдалд ордог. Тэглээ гээд бид бүр их шатаад хүүхэд нас барахаар дагаж уйлж хямарч, биеээ муутгаж, сэтгэлээ хямрааж болохгүй. Зориг байх ёстой. Ер нь бол хатуужилтэй сэтгэлийн тэвчээртэй хүмүүс энд ажилладаг юм. Сэтгэлийн тэвчээргүй хүн бол нэг, хоёр жил ажиллаад халширна. Олон жил ажиллах нь их цөөхөн дөө.

-Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн хамт олон бол хариуцлагатай байж нэг баг болж ажилладаг байх. Учир нь хүнд хүүхэд хэвтдэг тасаг болохоор хариуцлагатай байх ёстой болов уу?

-Манайд 10-20 жил ажилласан туршлагатай эмч нар байна. Хариуцлагтайгаас гадна маш их сэтгэлийн хаттай, зоригтой байх ёстой. Тухайн эмч болон сувилагч нарт эрүүл мэнд нь чухал. Эрүүл байж энэ хүүхдүүдэд тусламж үзүүлэхгүй бол өөрсдөө өвчтэй байвал хэцүү. Манай Энхтайван, Батсолонго, Майнбаяр эмч хоёр удаж байна. Мөн ахлах сувилагч Золзаяа, Үржинханд, нар олон жил ажиллаж байгаа туршлагатай эмч, сувилагч нар. Эд нар цаашдаа залуу эмч, сувилагч нартаа ажлын арга барил туршлагаа харамгүй хуваалцаж зааж сургадаг. Нэг туршлагатай, хариуцлагатай сувилагч жижүүрт хамт хонох нь өмөг түшиг. Нэг хүүхдийн зүрх зогсоод амьсгал удирдах болоход эд нар маань дөрвөн мөчөөрөө ажилладаг. Хөл нь нэг тийшээ, гар нь нөгөө тийшээ хөдөлж ажиллана. Залуучуудад маш сайн юм сургаж өгдөг. Энд ажиллаж байгаа эмч, сувилагч нар өргөн мэдлэгтэй. Нэг сартай болон 18 настай хүүхдийг ч эмчилнэ. Энэ төвд ажиллаж байгаа бүх эмч, сувилагч ажилтнууд нэг зорилготой, нэг сэтгэл зүрхтэй ажиллана. Яг багаар буюу багийн системтэй ажилладаг. Эрчимт эмчилгээний тасагт нүүр нүүрээ харж ажиллана гэдэг бол их чухал. Жишээлбэл, нэг хүүхдийн зүрх зогслоо гэхэд зүрх орлуулах тариаг эмч хий гэж нүүр рүү нь харж хэлэхэд, сувилагч тэдэн грамаар хийлээ гэж яг нөгөө эмчийн нүүр рүү харж хариу хэлдэг. Түүнээс биш зүрх орлуулах тариа хий гэнээ гэж хэлэх эрхгүй. Тэгэхээр бүгдээрээ нэг камандаар нэг баг болж ажилладаг. Эмч, сувилагч бид нар нэг нэгнийхээ дохио зангааг, юу хийх гээд байгааг үг үйлдлээс нь мэднэ, мэдэрнэ ойлгоно.

-ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Манай эмнэлэг таван сэхээний тасагтай. Эх барихын сэхээний тасаг, Төрөх тасаг дотор дутуу нярайн сэхээний тасаг гэж бий. Өөрөөр хэлбэл, нярай судлалын эрчимт эмчилгээний хэсэгт дутуу төрсөн буюу дөнгөж төрөөд хүндэрсэн хүүхдүүд ордог. Тэр нярайн судлалын тасгийг бид нар жижигхэн Америк гэж ярьдаг. Яагаад гэвэл шаардлагатай гэсэн бүх тоног төхөөрөмж бий. Харин энэ тасаг бол хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг гэж явдаг. Энд дотрын чиглэлээр 1 сараас 18 нас хүртэлх хүүхдийг авч хэвтүүлдэг. Мөн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт хагалгаа хийлгэсэн хүүхдүүд байдаг. Харин тавдахь нь хүндэрсэн хүүхдийг гаднаас авдаг нярай болон хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг гэж бий. Өөрөөр хэлбэл, гэртээ хүндэрсэн, бусад эмнэлгээс хүндэрч ирсэн хүүхэд байдаг. Хөдөө орон нутгаас ч хүндэрсэн хүүхэд ирж энэ тасагт хэвтэн эмчлүүлдэг.

Манай улсад яаралтай түргэн тусламж гэдэг чинь Эрчимт эмчилгээний нэг хэсэг нь байгаа юм. Тиймээс яаралтай тусламж болон эрчимт эмчилгээг цаашид сайн хөгжүүлмээр байна. Ялангуяа хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа юм.

-За ярилцлага өгсөн танд баярлалаа. Хамт олон болон багш нартаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Хүүхдийн эмч надад олон зүйлийг зааж сургаж үзүүлсэн, амьдралыг таниулж ийм сайхан хамт олон дунд өсөж бойжсондоо маш их баярладаг. Хүүхдийн эмч хэмээх мэргэжил эзэмшүүлсэн алтан гартай ачит багш нартаа, амьдрал дээр олон зүйлийг зааж сургасан хүүхдийн Эрчимт эмчилгээний тасагтаа баярлалаа. Итгэлийг нь алдаж, урмыг нь хугалахгүй төлөө хичээх болно.  

О.Сайхан 

 

 

 

Манайд 10-20 жил ажилласан туршлагатай эмч нар байна. Хариуцлагтайгаас гадна маш их сэтгэлийн хаттай, зоригтой байх ёстой. Тухайн эмч болон сувилагч нарт эрүүл мэнд нь чухал. Эрүүл байж энэ хүүхдүүдэд тусламж үзүүлэхгүй бол өөрсдөө өвчтэй байвал хэцүү. Манай Энхтайван, Батсолонго, Майнбаяр эмч хоёр удаж байна. Мөн ахлах сувилагч Золзаяа, Үржинханд, нар олон жил ажиллаж байгаа туршлагатай эмч, сувилагч нар. Эд нар цаашдаа залуу эмч, сувилагч нартаа ажлын арга барил туршлагаа харамгүй хуваалцаж зааж сургадаг. Нэг туршлагатай, хариуцлагатай сувилагч жижүүрт хамт хонох нь өмөг түшиг. Нэг хүүхдийн зүрх зогсоод амьсгал удирдах болоход эд нар маань дөрвөн мөчөөрөө ажилладаг. Хөл нь нэг тийшээ, гар нь нөгөө тийшээ хөдөлж ажиллана. Залуучуудад маш сайн юм сургаж өгдөг. Энд ажиллаж байгаа эмч, сувилагч нар өргөн мэдлэгтэй. Нэг сартай болон 18 настай хүүхдийг ч эмчилнэ. Энэ төвд ажиллаж байгаа бүх эмч, сувилагч ажилтнууд нэг зорилготой, нэг сэтгэл зүрхтэй ажиллана. Яг багаар буюу багийн системтэй ажилладаг. Эрчимт эмчилгээний тасагт нүүр нүүрээ харж ажиллана гэдэг бол их чухал. Жишээлбэл, нэг хүүхдийн зүрх зогслоо гэхэд зүрх орлуулах тариаг эмч хий гэж нүүр рүү нь харж хэлэхэд, сувилагч тэдэн грамаар хийлээ гэж яг нөгөө эмчийн нүүр рүү харж хариу хэлдэг. Түүнээс биш зүрх орлуулах тариа хий гэнээ гэж хэлэх эрхгүй. Тэгэхээр бүгдээрээ нэг камандаар нэг баг болж ажилладаг. Эмч, сувилагч бид нар нэг нэгнийхээ дохио зангааг, юу хийх гээд байгааг үг үйлдлээс нь мэднэ, мэдэрнэ ойлгоно.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.