| | USD/MNT 0₮

Д.Ганболд:Харийн нутагт хайртай ханиа халдварт өвчнөөр үүрд алдчихаад, алгын чинээхэн охиноо тэврээд үлдлээ

-Халдварт өвчин гэж ёстой айхтар байдаг юм байна. Ханийгаа алдаж, хоёр хүүхэдтэйгээ хагас өнчрөөд хоцорлоо-

Дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахлын өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөж байна. Олон сая, мянган хүн өвчилж, эрүүл мэндээрээ болон амь насаараа хохирлоо.

Харийн нутагт буюу Унгар улсад хайртай ханиа халдвараар алдаж, алгын чинээхэн охиноо тэврээд хагас өнчрөөд үлдсэн аав удахгүй эх орондоо энхрий жаахан Г.Цэгц-Үжин охиноо тэврээд ирэх гэж байна. Талийгаач эхнэр нь эмнэлэгт ухаантай байхдаа охиноо хийсвэр хагалгаагаар төрүүлсэн ч бяцхан охиноо үнсэж, үнэрлэж амжаагүй. Охин нь 7 сартай дутуу төрсөн тул инкубаторт сайн эмч нарын буянаар хоёр сар байж, 3.3 кг жинтэй болоод хоёр хоногийн эмнэлгээс гаргаж авчээ. Хайртай ханиасаа хагацсан Д.Ганболдод тэнгэр хол, газар хатуу байгаа. Тэрбээр "Хань минь олон хоног ухаангүй байсан бид гуравтаа хорогдоол явж чадахгүй байсан байх" гэж ярив. Тэрбээр хоёр жилийн өмнө эхнэртэйгээ хамт Унгар улсад ажиллахаар явсан. Эх орондоо 9 настай хүүгээ үлдээгээд явсан. Хүү ээжтэйгээ уулзаж чадаагүй. Бүл нэмж охин дүүтэй болсон ч цар тахал ээжийнх нь амийг үүрд авч одсон. Ингээд Унгар улсад бяцхан охиноо эмнэлгээс гаргаж авсан Д.Ганболдтой ярилцлаа

-Хүний нутагт ханиа халдварт өвчнөөр алдсанд эмгэнэл илэрхийлье. Таныг охиноо аваад нутаг буцах гэж байгаа талаар Элчин сайд З.Батбаяр ярьсан байсан?

-Тиймээ. Хань минь нас бараад хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд би нутаг буцаж, ханиа зохих ёсоор нь нутаглуулаж буяны ажлыг нь гүйцэтгэсэн. Харин олоо бяцхан охиноо авахаар Унгар улсад буцаж ирсэн байгаа.

-Охиноо эмнэлгээс гаргаж авсан уу.Хаана байгаа вэ?

-Хоёр хоногийн өмнө гаргаж авлаа. Миний охин эрүүл саруул хөөрхөн торниж байна. Охин минь долоон сартай дутуу төрсөн учраас эмнэлэгт хоёр сар болсон. Энэ хугацаанд охиныг минь харж асарч байсан эмч, сувилагч болон нутаг нэгт ахан дүүст, танилуудад маш их баярлалаа. Одоогоор охинтойгоо хамт Дууяа гэж сайхан сэтгэлтэй эгчийнд байна.

-Хэзээ ирэх вэ?

-Ирэх зургадугаар сарын 04-ны тусгай үүргийн нислэгэнд багтах санаатай байгаа. Эх орондоо, ижий аавдаа, хүүдээ хөөрхөн охин дүүг нь тэврээд очно. Миний хүү 9 настай Эрдэнэтэд байгаа.

-Харамсалтай зүйл болжээ. Эхнэр нь яг хэзээ халдварт өртөөд эмнэлэгт хэвтсэн юм бэ?

-Миний хань олон хоног ухаангүй байсан. Бид гуравтаа хоргодоол явж чадахгүй байсан байх. Хань минь гуравдугаар сарын 02-ноос эхэлж ханиалгаж халуурч эхэлсэн. Яг ханиад шиг юм билээ. Хатгаа авсан л гэж бодсон. Бүр сүүлдээ бие нь хүндрээд ирэхээр нь түргэн тусламж дуусан ч “Гурав хоногийн дараа ирнэ. Дуудлага ихтэй байгаа" гээд байсан. Түргэн тусламж дуудаад хоёр дахь хоног дээр амьсгаа нь давчаад бие нь бүр хүндрээд байна гээд би дахин залгаж уурласан. Ингээд 30 минутын дараа түргэн тусламж ирсэн. Ирээд тестээр шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ, эмнэлэг авч явна гэсэн. Миний хань хувцсаа өмсөж байхдаа “Би хэд хонох бол” гээд дахин дахин асуугаад үнэхээр айсан байдалтай байсан. Би “Миний хань хурдан эдгээд ирээрэй” гээд духан дээр нь үнсээд гаргасан. Тэр үнсэлт ханийнхаа амьд сэрүүнд нь үнссэн сүүлчийн үнсэлт байсан. Үнэхээр хэцүү юм билээ.

-Талийгаач эмнэлэгт хэд хоног эмчилгээ хийлгэсэн бэ. Эмч нар амь насыг нь аврах боломж байгаагүй юм болов уу?

-Хань минь эмнэлэгт 26 хоног ухаангүй байсан. Эмнэлэгт байх хугацаанд үхэл амь наснаас нь холуур босоод ирнэ. Бид бүгдийг нь хийж байгаа гээд л байсан ч аварч чадаагүй. 

-Охиноо хийсвэрээр төрүүлэхэд ухаантай байсан юм байна, тиймүү?

-Ухаантай хийсвэрт орсон. Надад “Охиндоо өгөх нэрээ бодоорой. Төрсний дараа аав ээжид хэлээрэй. Хайр нь хийсвэрт орчоод гараад ирье” гээд чаталж байсан. Эмч нар нь "Хоёулаа амьд үлдэнэ" гээд байсан ч хийсвэрт ороод дахиж сэргээгүй. Халдварт өвчин гэж ёстой айхтар өвчин байдаг юм байна. Энэ өвчнөөс болж хайртай ханийгаа алдаж, хоёр хүүхэдтэйгээ хагас өнчрөөд хоцорлоо.

-Охиндоо Г.Цэгц-Үжин гэж нэр хайрласан гэсэн. Ээжийнх нь өгсөн нэр үү, эсвэл та өгсөн үү?

-Миний хань намайг охиндоо ямар нэг өгье гэж бодож байна гэж асуусан. Би “Болоогүй ээ, төрөхөөр нь нэр өгнө шдээ” гэсэн чинь “Үгүй ээ, энд эмнэлгийн машинд явж байхад л нэр нь хэн бэ гээд асуугаад байдаг гэсэн” гээд байсан. Тэгж байснаа хань маань “Би нэг нэр бодчихлоо” гэхэд нь “За ямар нэр бэ” гэж асуухад Цэгц-Үжин гэж хэлсэн. Эмнэлгийн гадаа би ханийгаа хүлээгээд байж байтал миний хань “Нэрээ өгөөчээ” гэж хэлэхэд би “Миний ханийн бодож байсан Цэгц-Үжин гэж нэрийг өглөө” гэсэн чинь инээж байсан, хөөрхий. Ээж нь охиндоо өгсөн нэр юм. Монголд ховор байдаг нэр юм билээ. Миний охин үр ахтайгаа, аавтайгаа, эмээ өвөөтэйгээ мундаг байж, эрүүл саруул өснө.

-Эмнэлгийн зүгээс танд юу гэж хэлсэн бэ?

-Ухаангүй байсаар 26 дахь хоног дээр нь ирж салах ёс хий гэж хэлэхэд нь тэнгэр хөмрөх шиг санагдсан. Би ханиасаа юу ч асууж, юу ч ярьж чадаагүй. Хөөрхийдөө ухаангүй байсаар амьсгал хураасан.

-Та халдварт өртсөн үү?

-Үгүй. Би халдвар аваагүй, вакцин хийлгэсэн байсан. Хань минь жирэмсэн байсан болохоор вакцин хийлгээгүй байсан юм.

-Гадаадад байгаа монголчууд халдварт өртөж хүндрээд амиа алдаад байна. Унгар улсад халдварт өртөж нас барсан хэдэн хүн байгаа бол?

-Энд хэд хэдэн монгол иргэн халдвараар амиа алдсан. Ар гэрээ тэжээхийн тулд мөнгө олж үр хүүхдээ хоол ундтай, гэр бүлээ эрүүл саруул байлгахын тулд өөрийн биеээ гаргуунд нь гаргаж байна.

-Та хоёр хэзээ Унгар улсыг зорьсон бэ. Тэнд ямар ажил хийдэг байв?

-2019 онд амьдралаа сайжруулахаар Унгар улсад ирсэн. Эхнэр маань эмнэлэгт ажилладаг, би гагнуурчин хийдэг байсан. Ийм айхтар зүйл болно гэж ёстой бодож төсөөлөөгүй.

-Талийгаач эцэг эхээсээ хэдүүлээ бэ?

-Айлын том ганц охин байсан. Дороо нэг дүүтэй.

-Унгар явахаасаа өмнө хаана байсан бэ. Ер нь хүний нутагт ажиллаж амьдрах нөхцөл хэр байдаг вэ?

-Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг байсан. Харийн нутагт ажиллах нөхцөл байдал ер нь хүнд шүү.

-Та хоёр Унгар улс руу гэрээгээр ажиллахаар явсан уу?

-За одоо ингээд болъё. Энэ бүгдийг ярихад надад үнэхээр хүнд хэцүү байна.

-Аав, охин хоёрыг нутаг буцахад нь Унгар улс дахь монголчууд тусалж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Унгар дахь элэг нэгт ахан дүүс монголчууд маань туслаж дэмжиж байгаа. Надруу залгаад “Хэрэгтэй юм байна уу, тусалъя” гээд зарим нь жимс, боорцог, хувцас бариад ирж байгаад маш их талархаж байгаа.

Элчин сайд З.Батбаяр:Г.Цэгц-Үжин охин Монголчууд бидний эв нэгдлийн бэлэгдэл, аймшигт өвчний эсрэг тэмцлийн бэлэг тэмдэг болох болтугай

Монго Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр дараах сэтгэгдлийг үлдээжээ. Тэрбээр “Үхтэл үр харам" гэж хатуу ч гэсэн үнэн үг юм. Талийгаач охиныхоо амь насыг авраад, охиноо аавд нь, Монгол түмэнд үлдээгээд тэнгэрт одсон. Тэгэхээр охиныг сайн хүн, сайн иргэн болгон хүмүүжүүлэхэд нь бүх талаар дэмжиж туслахыг сайхан сэтгэлт Монгол түмнээсээ, гадаадад байгаа Монголчуудаасаа хүсэж байна, уриалж байна.

Аав охин 2 тун удахгүй "Хүннү эйр" компанийн нислэгээр нутаг буцах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэр хүртэл байх зардал бусад асуудлыг Унгарт буй Монголчууд маань шийдэж байна. Duya Nadmid гэж сайхан сэтгэлтэй эмэгтэй аавыг нь ирэх хүртэл өдөр бүр охиныг эргэж тойрч байсан төдийгүй, одоо явах хүртэл нь охин аав хоёрыг гэртээ үнэ төлбөргүй байлгах юм байна, Унгар дахь Монголчуудын хамтын холбоо "Ээж амь" нэртэй хандивын аян эхлүүлээд байна, Lehel Adrienn гэж сайхан сэтгэлт Унгар эмэгтэй охинд шаардлагатай живх, жингээс авхуулаад бүх л зүйлсийн 1-2 сарын хэрэгцээг хангаж өгсөн зэрэг олон сайхан сэтгэлтнүүд тусалсаар байгаа юм байна.

#Ээжамь гэсэн холбоосоор та бүгдийгээ энэ хандив туслалцаагаа мэдээлэхийг хүсэж байна. Мөн цаашдаа ч олон сайхан сэтгэлтэй хүмүүс маань эдгээр хандивын аянд оролцож, дэмжиж туслана гэдэгт итгэлтэй байна. Сайхан сэтгэлт бүх хүмүүст гүн талархлаа илэрхийлье.

Төрсөн үрийнхээ төлөө амь насаа зориулсан залуухан ээжийн чин хүсэл болох Г.Цэгц-Үжин охиныг эрүүл саруул, сайн хүн болгон хүмүүжүүлэх, түүнд туслах үйлс нь Монголчууд бидний эв нэгдлийн бэлэгдэл, аймшигт өвчний эсрэг тэмцлийн бэлэг тэмдэг болох болтугай. Хорвоогийн ээж бүхэн мөнхөд амьдарч, хорвоогийн үр бүхэн жаргалтай байг ээ” гэжээ.

Аав Д.Ганболд, охин Г.Цэгц-Үжин хоёрт туслах сайн санаат хүмүүс байвал дараах хаяг, утсаар холбогдож, хандивын гараа сунгаарай. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хандивын данс: Унгар дахь Монголчуудын Хамтын Холбоо ( Magyarországi Mongolok Összefogása Egyesület)

10101023-33648100-01005009.

Oлон улсын IBANкод НU93.

Oхины аавынх нь банкны данс: Д.Ганболд

Хаан Банк: 5079086561

Холбоо барих утас: 06202167498.

06302471515.

06306125367.

Охиноо эмнэлгээс нь гаргаж авч байгаа нь 

О.Сайхан 

Миний хань олон хоног ухаангүй байсан. Бид гуравтаа хоргодоол явж чадахгүй байсан байх. Хань минь гуравдугаар сарын 02-ноос эхэлж ханиалгаж халуурч эхэлсэн. Яг ханиад шиг юм билээ. Хатгаа авсан л гэж бодсон. Бүр сүүлдээ бие нь хүндрээд ирэхээр нь түргэн тусламж дуусан ч “Гурав хоногийн дараа ирнэ. Дуудлага ихтэй байгаа" гээд байсан. Түргэн тусламж дуудаад хоёр дахь хоног дээр амьсгаа нь давчаад бие нь бүр хүндрээд байна гээд би дахин залгаж уурласан. Ингээд 30 минутын дараа түргэн тусламж ирсэн. Ирээд тестээр шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ, эмнэлэг авч явна гэсэн. Миний хань хувцсаа өмсөж байхдаа “Би хэд хонох бол” гээд дахин дахин асуугаад үнэхээр айсан байдалтай байсан. Би “Миний хань хурдан эдгээд ирээрэй” гээд духан дээр нь үнсээд гаргасан. Тэр үнсэлт ханийнхаа амьд сэрүүнд нь үнссэн сүүлчийн үнсэлт байсан. Үнэхээр хэцүү юм билээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (30)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.