| | USD/MNT 0₮

Б.Лхагвасүрэн: Банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр мөнгө угааж олсон орлого биш гэдгийг тогтоосон. Харин...

Монголбанкны удирдлагууд цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр банкуудад хийж байгаа шалгалтын явц, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх санхүүжилтүүд яагаад гацсан талаарх асуултуудад Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар өглөө. 

Банкуудад хийж буй шалгалтын талаар

-Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийгээд 2018 оны намар дууссан. Үнэлгээний дүнгээр хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудад хөрөнгөө өсгөх, нэмэгдүүлэх хугацаатай үүрэг өгсөн байдаг. Банкууд өгсөн хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Харин нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгийг нь хүлээн зөвшөөрөх үү гэдэг дээр ОУВС-гаас шинэ нөхцөл тавьсан. Тэд хөндлөнгийн байгууллагаар банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгах санал тавьсан. Энэ хүрээнд ОУВС-гаас хөндлөнгийн гурван байгууллагын нэр өгснөөс Америкийн аудитын компанийг сонгосон. Тус компани банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг мөрдөн шалгах аудитыг хийсэн. Өнгөрсөн наймдугаар сарын 16-нд шийдвэрээ гаргах байсан ч зарим шалтгаанаас болж хугацааг долоо хоног сунгасан. Есдүгээр сарын эхээр мэдээлэл урьдчилсан байдлаар ирсэн. Ингэхдээ тодорхой нөхцөлүүд гарч эхэлсэн. Банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр мөнгө угааж олсон орлого эсвэл хоосон бичилт биш гэдгийг баталсан. Энэ нь нааштай мэдээ. Харин энэ нэмэгдсэн эх үүсвэрийг  банкны дүрмийн санд оруулах боломжтой юу гэдэгт хууль эрх зүйн дүгнэлт гаргах хэрэгтэй байна гэсэн хариу өгсөн. Тиймээс Монголын хууль талаас судлах туршлагатай компани хэрэгтэй байна гэдэг саналыг хэлж эцсийн хариу гарах хугацаа хойшилж байгаа.

Валютын сангийн хөтөлбөрийн санхүүжилт гацсан талаар

Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийх санхүүжилтийн талаар хэлэхдээ “Ер нь бол Валютын сангийн хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа учраас бүх зээлийн хэлэлцээр Их хурлаар дамжих ёстой. Тиймээс хэдий хэмжээний мөнгө орж ирэхийг Монголбанк биш Засгийн газар шийднэ. Бидний хүлээлтээр бол өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд 700 орчим сая ам.доллар орж ирнэ. Дэлхийн банк зургадугаар сард  Монгол Улсад олгох 100 сая ам.долларыг баталсан. Намрын чуулганаар зээлийн хэлэлцээрийг баталснаар энэ санхүүжилт орж ирнэ. Дэлхийн банк санхүүжилтээ хийж байгаатай холбоотойгоор Японы Жайкагаас 280 сая, Азийн хөгжлийн банкны 300 гаруй сая долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байна. Хөтөлбөрийн хүрээнд Японоос 800 сая ам.доллар орж ирэх хуваарьтай ч өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа. Шинэ нисэх буудлын менежментийн багт Японууд ажиллаж, тэнд нь Жайка оролцож байгаа. Японоос орж ирэх санхүүжилтийн хүрээнд шинэ нисэхэд оруулж байгаа хөрөнгө оруулалт багтаж байгаа. Мөн Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Гэхдээ гэрээ зурагдах шатанд явж байгаа гэлээ. 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.