| | USD/MNT 0₮

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад жилд 420 тэрбум төгрөг төсөвлөнө

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг нэг бүрчлэн цогцоор нь хэлэлцэж, салбарын сайдууд мэдээлэл өгч саналаа хэллээ. Нийслэлд тулгамдаж байгаа нэг асуудал түгжрэлийн асуудал байна гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар онцолж хэлсэн.  Тэгвэл Нийслэлийн түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг төсөвлөхөөр болжээ. 

Хотын даргын хэлснээр хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд, зам байгууламж болон зорчих хөдөлгөөн хамгийн муу буюу сүйрлийн түвшинд байна.

Нийслэл хот багтаамж ихтэй нийтийн тээвэр, суурь дэд бүтэц, замын сүлжээг нэмэх, дагуул хот, дэд төвийг хөгжүүлэх, цэцэрлэг, сургууль болон “Богдхан төмөр зам” барьж хэт ачааллыг бууруулах бодлого боловсруулжээ.

2024 он гэхэд байгальд ээлтэй 500-1,000 автобус үйлчилгээнд гаргаж, 290 буудлыг шинэчлэн, 5,000 автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөсөн. Мөн гол гудамж зам, тойрог замын сүлжээ, хороолол дундах холбоос зам, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүр, 98 км явган, 249 км дугуйн замыг шинээр барьж, өргөтгөж, шинэчлэх юм. Цогц арга хэмжээ авснаар 2024 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт тавиад байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Замын түгжрэлийн гол асуудал нь боловсролын салбарт үүсдэг. Өглөө, оройд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхөөс авахуулаад түгжрэл үүсдэг. Замын түгжрэлийн гурван том асуудлын нэг нь яах аргагүй мөн. Хот байгуулалттай холбоотой асуудал түгжрэлтэй холбоотой. 2022-2025 онд нийслэл, манай яам 2 хамтраад хамгийн багадаа 64 цэцэрлэг, 62 сургууль барих зайлшгүй шаардлагатай гэсэн тооцооллыг гаргасан.

Үндсэндээ 126 объект барих шаардлагатайгаас Нийслэлийн боловсролын газрын дансанд 67 газар л байна. Тэгэхээр газрын, хот байгуулалтын асуудлаа зайлшгүй шийдвэрлэх ёстой" гэлээ. 

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад жилд 420 тэрбум төгрөг төсөвлөнө
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.