| | USD/MNT 0₮

Э.Батбаяр: 2000 орчим зээлдэгчийн 138 орчим тэрбум төгрөгийн зээлийг судалж байна

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Үүний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан олгож буй.

Арилжааны банкууд өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй харилцагчид 840 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Үүний 2 мянга нь аж ахуйн нэгж бол 9 мянга нь иргэд байгаа юм.

Үүнээс гадна Төрийн банк тавдугаар сарын 03-наас дээрх төлөвлөгөөнд багтсан “Хөдөө Аж Ахуйг дэмжих зээл”-ийг олгож эхэлсэн. Тус зээл нь малчдын үйл ажиллагааг дэмжих, цаг үеийн эрэлт хэрэгцээ бүхий хаврын тариалалт болон ноолуурын бэлтгэлийн зориулалттай, жилийн 3 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай, нийт 500 тэрбум төгрөгийн хэмжээтэй бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох зээлүүд юм. Энэ талаар Төрийн банкны Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирал Э.Батбаяраас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн иргэдэд зээл олгоод байгаа вэ?

-2021 оны тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 15 мянган зээлдэгчийн 1 их наяд 292 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн. Үүнээс 4204 зээлдэгчид 178,1 сая төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг олгосон байна.

-Зээлийн нөхцөл иргэдэд хэр тусч байгаа вэ?

-Ковид-19 цар тахлын улмаас Монголын эдийн засаг нэлээдгүй хумигдаж, бизнес эрхлэгчид, ЖДҮ-чид орлогогүй болсон. Үүнтэй холбогдуулан 2018-2019 оны борлуулалтын орлогыг нь үндэс болгож байгаа тул зээл уян хатан нөхцөлтэй гэж ойлгож болно.

-Зээлийн зориулалтыг хэрхэн тооцож байгаа вэ?

-Зээлийн зориулалт янз бүр байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд зөвхөн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр байгаа. Төрийн банкны хувьд эргэлтийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгож байна. Харин иргэдийн зүгээс хөрөнгө оруулалтын зээлийг авах сонирхол нь давамгайлж байгаа. Тухайлбал, зориулалтын бусаар зээл авах, орлого, эргэлтийн хөрөнгө нь хүрэхгүй байж 50-500 сая төгрөгийн зээлийг тултал нь авахыг хүсэх зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч ирж байгаа. Гэсэн хэдий ч бидний зүгээс аль болох боломж, нөхцөлд нь таарсан зээлийг санал болгож ажиллаж байна.

-Иргэд зээлийн хүсэлтийн хариуг их удааж байна гэсэн гомдол ирүүлж байсан. Ер нь хөл хорионы өдрүүдэд зээл олголт хэвийн үргэлжилж байсан уу?

-Ярилцлагын өмнө дурдсанчлан 15 мянган зээлдэгчийн 1 их наяд 292 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бидэнд ирсэн. Төрийн банкны төв байрны ойролцоо арилжааны 5 банк үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харилцагчдын хувьд арилжааны бүх банкинд давхар давхар хүсэлтүүдээ өгч байгаа тохиолдол гарсаар байна. Нэг банкинд зээл нь гарчихаар бусад банк руугаа “Танай зээлийг авах боломжгүй боллоо” гэх зэргээр ажлыг удаашруулах хүндрэлүүд гарч байгаа юм.

Түүнчлэн хөл хорио тогтоосон өдрүүдэд Төрийн банк 3 хувийн зээлийн хүсэлтийг бүх салбар нэгж болон цахимаар хүлээн авч, шийдвэрлэхээр ажилласан.

-Хөдөө орон нутгийн иргэдэд “Ажлын байрын дэмжих зээл” олгогдох уу?

-Улсын хэмжээнд нийт 500 орчим салбар нэгж дээр “Ажлын байрын дэмжих зээл”-ийн хүсэлтийг авч байгаа.

-Санхүүжилтийн хувьд?

-Санхүүжилт хангалттай байгаа. Одоо судлагдаж байгаа 2 мянга орчим зээлдэгчийн 138 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор ажиллаж байна.

-Танд баярлалаа.

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Үүний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан олгож буй.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.