| | USD/MNT 0₮

14 сая төгрөгөөр ганцхан камер суулгаж байснаас 1 их наядаараа гангийн үйлдвэр барьж, орон сууцны үнээ буулгая, Х.Нямбаатар сайд аа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Тэд улсын хэмжээнд 60 мянган хяналтын камерыг 300 сая ам.доллараар суурилуулахыг дэмжиж буй бололтой.

Манай улсад хэдэн арван сая төгрөгөөр хэдхэн сарын настай хяналтын камеруудыг суурилуулдаг байсан бол одоо хэдэн зуун саяар суулгах нь. 2015 онд гэхэд замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулахад нийт 2 их наяд 678 сая төгрөгийн үнийн дүн бүхий ажлын жагсаалтыг баталж, хэрэгжүүлсэн байдаг. Нийслэлийн зургаан дүүргийн гудамж, талбай болон том оврын автобусанд хөдөлгөөнт камер суурилуулсан гэх мэт жил бүр тодорхой хэмжээний төсөвт өртгийг гаргаж байлаа. Эндээс харвал энэ бүх мөнгийг үргүй зарцуулсан юм байна. Гэсэн хэрнээ үүнээсээ суралцахгүй л явна. Одоо бүр 60 мянган камерыг 300 сая ам.доллараар тавих гэнэ.

Хэдэн тоо бодъё. Өнөөдөр ам.доллартай харьцах монгол төгрөгийн ханш валютын захууд дээр багадаа л 2850 төгрөг байгаа. Үүнийг 300 сая ам.долларт хувиргаад үзвэл 855 сая төгрөг болно. Үүнийг 60 мянган камертаа хуваагаад үзвэл ганцхан камерт 14 сая 250 мянган төгрөгийг зарцуулахаар болж байна. Үүнийг ашиг сонирхлын хэмээн хардах үндэслэлтэй юм.

Үүгээр ч зогсохгүй торгох ял, зөрчилд ногдуулснаас төсөвт төвлөрөх мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг камеруудыг арчилж, янзлахад зарцуулахаар төсөлд тусгасан байна. Тэгэхээр жил бүр замбараагүй их тоо гарах нь.

Уг нь энэ мөнгийг арай илүү үр дүнтэй зүйлд зарцуулвал ирээдүйд хүртэх үр өгөөж нь илүү байлтай. Тухайлбал, өнөөдөр дэлхийн гангийн хэрэглээ нэмэгдэж байхад эсрэгээр төмрийн хүдрийн нийлүүлэлт буурах хандлагатай байгаа аж. Судалгаагаар дэлхийд жилд дунджаар 1.5 тэрбум тонн ган хайлуулдаг. Гэтэл үүний тал нь Хятадын зах зээлд ноогдож байгаа юм. Энэ нь ойролцоогоор 750 сая тонн гэсэн үг. Ойрын 30 жилийн дотор дэлхийн гангийн хэрэглээ 50 хувиар өсч, үүн дотор Хятадын хэрэглээ 30 орчим хувиар нэмэгдэх төлөв байгааг олон улсын судалгааны байгууллагууд мэдээлжээ. Гангийн хэрэглээ ийн нэмэгдэж байгаа нь хот байгуулалттай холбоотой. Нэг үгээр хэлбэл, өндөр барилгууд төмөр багана, арматур дээр суурилж сүндэрлэдэг.

Гэтэл манай улсад гангийн үйлдвэр байхгүй байгаагаас шалтгаалан жил бүр барилгын ажлын явц удааширдаг. Учир нь дэлхийд арматур төмрийн эрэлт хэрэгцээ өсөж, тоо арматур 7 хоногийн өмнө 2,4 сая байсан бол одоо 3.2 сая болтлоо өсчээ. Гудамжны камерыг 300 сая ам.доллараар суулгах мөнгөөрөө Гангийн үйлдвэр баривал орон сууцны үнэ буурахаас гадна ширэмээ экспортлоод орлого олох боломжтой юм.

Өнөөдөр арматур үнэд орсноос болоод барилгын компаниуд ажлаа эхэлж чадахгүй, үүнээс болоод битон зуурмагийн үйлдвэрүүд сул зогсолттой байна.

Аж үйлдвэрийн салбарт гангийн үйлдвэрлэл бол гайхамшиг юм.  Тус үйлдвэрлэлийг эдийн засгийг тэтгэх мөнхийн хөдөлгүүр хэмээн дэлхий нийтэд тодотгодог аж. Монголд коксжих нүүрс нь байна, төмрийн хүдэр нь өч төчнөөнөөрөө байна. Харин гангийн үйлдвэрлэл нь алга. Нэг тонн төмөрлөг үйлдвэрлэхэд 1.6 тонн төмрийн хүдэр, 0.6 тонн коксжих нүүрс шаардлагатай  байдаг аж. Монголд бол аль аль нь байж л байна. Ган үйлдвэрлэх ийм бүхий л талын бэлэн нөөцтэй улс тийм ч олон бус. “Хоолны материал” нь бэлэн байхад л бид “хуурахаасаа” залхуураад суугаа улс даа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Тэд улсын хэмжээнд 60 мянган хяналтын камерыг 300 сая ам.доллараар суурилуулахыг дэмжиж буй бололтой.
Улс төр

Сэтгэгдэл (22)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.