| | USD/MNT 0₮

Сандэй плаза, Шөнийн худалдааны төвийн худалдаа эрхлэгчид: УОК, Засгийн газрынхаан бид цөхөрч, дампуурч гүйцлээ

"Шөнийн худалдааны төв" болон "Сандэй плаза" худалдааны төвийн бизнес эрхлэгчид болон түрээслэгч нар хөл хориог эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийлээ. 

Тодруулбал, өнөөдөр үйл ажиллагааг нь нээх ёстой байсан ч УОК-иос хугацааг нь хойшлуулсан байна. Үүнийг эсэргүүцсэн худалдаачид болон түрээслэгчид зах, худалдааны төвөө нээхийг шаардаж жагслаа. Тэд ойрын хугацаанд ямар нэгэн нааштай шийдвэр гаргахгүй бол Төв талбайд жагсаж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч мэдэгдлээ.

Худалдаа эрхлэгчид "Зургаан сарын хугацаанд ажил орлогогүй суулаа. Цар тахалтай байгаа энэ үед УОК болон Засгийн газраас гаргасан шийдвэрийг хүндэтгэж тэвчээртэй хүлээсэн. Гэвч одоо тэсвэр тэвчээр барагдлаа. Уг нь НОК-иос өнөөдрөөс эхэлж үйл ажиллагаагаа нээж болно гэж хэлсэн ч Улсын онцгой комисс нь хүлээж авахгүй байна. 

Бид өнөөдөр ажил эхлэх нь гэж бодоод баяртай ирсэн. Гэвч дотогш оруулахгүй байна. Учир нь үйл ажиллагааг нь нээгээгүй гэсэн шалтгаанаар. Тэгвэл яагаад хотын төвийн бусад том том худалдааны төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байхад Шөнийн худалдааны төвийн үйл ажиллагааг нь эхлүүлэхгүй байгаад бухимдаж байна. Төрийн шийдвэр бүх хүнд болон бизнес эрхлэгчдэд тэгш үйлчлэх ёстой. Бид нэгдсэн журмаар хоёр удаагийнхаа вакциныг хийлгэсэн. Халдвар хамгааллын дэглэмээ сахиад ажиллаж болно биз дээ. Төрөөс гаргасан шийдвэр бүрийг хүлээж, хүндэтгэж ирсэн. Одоо бол чадахгүй, түрээслэгчид болон худалдаачид дампуурч цөхөрч гүйцлээ. Бид бас ардаа амьдралтай, ажил төрөлтэй хүмүүс. Гэвч ажлыг нь хийлгэхгүй, нээлгэхгүй болохоор яаж амьдрах юм бэ, юу идэж уух юм бэ. Бизнес эрхлэгчид гэхээр баян тарган цатгалан гэсэн ойлголтоо авч хаях хэрэгтэй шдээ" гэв. 

Худалдаа эрхлэгч н.Батсайхан "Хатуу хөл хорионд хатуу дэглэм барьсан. Сая сулруулсан хөл хориогоор зарим худалдааны төвийг нээсэн. Хамгийн гол нь ялгаварлаж гадуурхаж байгааг эсэргүүцэж байна. Бид нарт өдөр тутмын орлого гэж алга. Банкны өр зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрлээ. Өвөл намрын худалдаа байхгүй. Одоо орлогын эх үүсвэрийн мөнгө ч үгүй боллоо. Манай зах харьцангуй сийрэг, нягт биш хүн багатай байдаг. Бүгдийнх нь лангуу тусгаарлагдаж кабинтай байдаг. Худалдааны зах төвүүдийг адилхан нээмээр байна. Ингэж ялгаварлаж болохгүй. Шөнийн захаас хэдэн хүн өвдсөн талаар нарийн судалгаа шинжилгээгүй энэ захыг хаачихсан шүү дээ. Түрээслэгч бид нарын ажил үнэхээр хэцүүдлээ" гэлээ.

Ийнхүү өдөр тутмын орлогогүй олон сар гэртээ суусан худалдаа эрхлэгчид болон түрээслэгчдийн тэвчээр алдарч байна. Зургаан сарын хугацаанд гурван удаа зах худалдааны төвийг хаасан. Худалдаа эрхлэгчид хоёр дахь тун вакцинаа хийлгээд 20 гаруй хонож байна. Түрүүчийн долоо хоногт нээнэ гэчихээд нээгээгүй юм байна. 

Шөнийн худалдааны төв нийт 400 гаруй түрээлэгчтэй лангуунууд хоорондоо зайтай байдаг юм. Худалдаачид өдөр тутмын орлогоосоо хэрэгцээнийхээ мөнгөө гаргачихдаг байсан. Гэтэл одоо бол тийм боломж байхгүй. Ар гэрээ тэжээхэд ч хүндрэл гарч эхэлсэн. Бусдын амьдрал, ажлыг хүндэтгэж ойлгохыг УОК болон Засгийн газраас хүсч байна хэмээн худалдаа эрхлэгчид ярилаа. 

 

Бид өнөөдөр ажил эхлэх нь гэж бодоод баяртай ирсэн. Гэвч дотогш оруулахгүй байна. Учир нь үйл ажиллагааг нь нээгээгүй гэсэн шалтгаанаар. Тэгвэл яагаад хотын төвийн бусад том том худалдааны төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байхад Шөнийн худалдааны төвийн үйл ажиллагааг нь эхлүүлэхгүй байгаад бухимдаж байна. Төрийн шийдвэр бүх хүнд болон бизнес эрхлэгчдэд тэгш үйлчлэх ёстой. Бид нэгдсэн журмаар хоёр удаагийнхаа вакциныг хийлгэсэн. Халдвар хамгааллын дэглэмээ сахиад ажиллаж болно биз дээ. Төрөөс гаргасан шийдвэр бүрийг хүлээж, хүндэтгэж ирсэн. Одоо бол чадахгүй, түрээслэгчид болон худалдаачид дампуурч цөхөрч гүйцлээ. Бид бас ардаа амьдралтай, ажил төрөлтэй хүмүүс. Гэвч ажлыг нь хийлгэхгүй, нээлгэхгүй болохоор яаж амьдрах юм бэ, юу идэж уух юм бэ. Бизнес эрхлэгчид гэхээр баян тарган цатгалан гэсэн ойлголтоо авч хаях хэрэгтэй шүү дээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.